
Энэ тухай улс төрийн хүрээнийхэн сүүлийн үед амны зугаа, улс төрийн хэтийн төлөвлөгөөнийхөө гол чиг шугам болгочихоод байгаа нь нууц биш. Н.Энхболд гишүүний хувьд Монголын туршлагатай улстөрч гэвэл үнэн. Энэ буурь сууриа хэзээ ч алдахыг хүсдэггүй. Насаараа УИХ-ын гишүүн хийсэн түүний халаасанд намын дарга бөгөөд Ерөнхий сайдын албан тушаал багтаж яваа гэхэд эргэлзэх хүн байхгүй биз ээ. Бас түүнийг дэмжих хүч Ардын нам дотор хуралдаж эхэлжээ. Тэр хүчнийх нь гол тулгуур Ерөнхий сайд асан С.Баяр. Тэд ажил амины аль ч үедээ цуг байж чаддаг найзууд гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Улирч одсон он цагийн хэлхээс ч үүнийг гэрчилнэ. Тийм ч учраас С.Баяр 2008 оны наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд УИХ-ын даргын суудалд Нямаагийн Энхболд найзыгаа хэрхэн зүтгүүлсэнийг улстөрчид мэднэ. Тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын даргад Шадар сайд М.Энхболдыг гаргана гэж амласан байжээ. Харин түүнтэй нэр төдий өрсөлдөгчөөр Д.Дэмбэрэл, Н.Энхболд нарын нэрийг оруулсан байна. Гэвч намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр шууд М.Энхболдын нэрийг унагаж Н. Энхболд болон Д.Дэмбэрэл нарын нэрийг УИХ дахь МАХН-ын бүлгээр хэлэлцүүлэхээр шийдүүлсэн аж. Гайхалтай байгаа биз. Тэр М.Энхболдыг хуурах нь тэр. Түүний энэ башир залинд дургүйцсэн М.Энхболд бүлгийнхээ хурал дээр хотын фракцын гишүүдийн хүчээр Нямаагийн Энхболдыг унагаж, Д.Дэмбэрэлийг 2008 оны есдүгээр сарын 1-ний өдөр УИХ-ын даргаар сонгогдох хаалгыг нээсэн аж. Тэгэхээр С.Баяр М.Энхболдыг муриж Н.Энхболдыг УИХ-ын дарга болгуулахаар шийдсэн нь тодорхой болсон юм. Үүнийг нь тухайн үед хэвлэлүүдэд “МАХН-ын лидерүүдийн хагарал Д.Дэмбэрэл гишүүнийг гэнэ сэрэггүй УИХ-ын дарга болгочихлоо” хэмээн бичиж байсан нь дээрх дүгнэлтийг нотолно. Гэвч С.Баяр өөрийнхөө хүслийг зүгээр нэг үнэ цэнэгүй шоглоом болгон өнгөрүүлэхийг хүссэнгүй. УИХ-ын дэд дарга гэсэн орон тоо нэг байсныг нь хоёр болгож, Нямаагийн Энхболдыг УИХ-ын дэд даргаар өргөмжлүүлсэн юм. М.Энхболдын хувьд ч өмнөх Засгийн газраас уламжилж ирсэн Шадар сайдын албан тушаалтайгаа үлдэж, хоёр том эрх ашиг өөр өөрийн хүслийг дундуурхан ч болов биелүүлсэн нь энэ.
Тэгвэл эндээс бас нэг дүгнэлтийг хийж болохоор байна. С.Батболдыг Ерөнхий сайд, М.Энхболдыг УИХ-ын дарга, У.Хүрэлсүхийг Ерөнхий нарийн бичгийн даргаар тавина гэсэн гурвалсан тохироо ийнхүү “будаа” болж байж. Гэхдээ улирч одсон он цагийг буцаалтай нь биш тэр үйл явдлыг мартагнах тийшээ явж байна. Гэвч Д.Зоригт сайдыг огцруулах өргөдөл хоёронтоо дахиж буй энэ үед Н.Энхболдын хүсэл сонирхол дахин амилж байгааг улс төрийн хүрээнийхэн ярьж эхэллээ.
С.Баярын тухайд Ө.Энхтүвшин гишүүнтэй ч үй зайгүй найз. Тэрбээр одоогийн С.Батболдод итгэсэндээ өөрийнхөө залгамжлагчаар тодруулсан зүйл байхгүй. Зөвхөн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж, өөрийнхөө хүссэнээр улс төрд тоглолт хийх эрх мэдэлтэй байх гэсэндээ С.Батболдыг Ерөнхий сайд хийгээд Ардын намын даргаар томилсон гэх шүүмжлэл байнга дагуулдаг. Үүнийг нь мэдсэн намынх нь гишүүд МАХН нэрээ Ардын нам болгож хувиргадаг XXVI их хурлын хаалттай хуралдааны үеэр “Та Ерөнхий сайд С.Батболдыг дэмжээд байгаа юм уу, Ө.Энхтүвшин гишүүнийг намын даргад дэмжээд байна уу. Байрь сууриа тодорхой хэлээч ээ” гэж нэгэн эрхэм асууж билээ. Тухайн үед С.Баяр шууд хариулаагүй бөгөөд гар утсаа чихэндээ бариад танхимаас хэдэн минут гарч “time out “ авсан юм. Тэгээд буцаж орч ирээд “Би Батболдыг дэмжиж байна ” гэж хэлсэнийг олон хүн санаж байгаа байх.
Одоо анхаарал татаж буй нэг зүйл бол Д.Зоригтын асуудал тоглоом биш болов. Ерөнхий сайд С.Батболд Д.Зоригт сайдыг эгнээнээсээ алдвал Ерөнхий сайд хийгээд Ардын намын дарга байхын хэрэг юун. Хэрвээ энэ торгон мөчид Ардын намынхан Сангийн сайд С.Баярцогтыг огцруулах тухай албан бичиг өргөн баривал хамтарсан Засгийн газар танхимаараа огцорсон нь дээр болно. Ингэсэн тохиолдолд Ерөнхий сайд С.Батболд Ардчилсан намгүйгээр танхимаа шинээр бүрдүүлсэн нь дээр. Гэхдээ энэ бол “аймаар” тоглоом байх болно. Учир нь тэр дахин Ерөнхий сайд болж чадах уу гэдгийг одоо таахад эрт байна. Магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеийн Ерөнхий сайдын түүх давтагдаж мэдэх. Тэр үед буюу 2006 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газрын МАХН-ын 10 сайд нь өргөдлөө өгснөөр Засгийн газар нь эрх зүйн чадамжгүй болж байсан билээ. Харин өдгөө, таван жилийн дараа С.Батболдын Засгийн газарт эл түүх давтагдвал яах бол. Тухайн үед Ц.Элбэгдорж дахин Ерөнхий сайд болж чадаагүй шиг С.Батболд улиран Ерөнхий сайд болж чадах уу. Эргэлзээтэй асуулт. Ц.Элбэгдоржийн Засгийн газраас саналаараа огцорсон сайд нарын дунд ноён С.Батболд өөрөө бас байлаа шүү дээ. Тиймээс тэрбээр огцрох огцрохгүйн амтыг бас мэднэ. Гэвч өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг том тоглоомоор тоглосон С.Батболд үйл лайгаа үүрээд гарах юм байгаа биз.
Шуудхан хэлэхэд тухайн үед намын дарга болоод Ерөнхий сайдын эсрэг чадах бүхнээ хийж, хэлж чадах бүхнээ хэлж байсан “Элсний 13” энэ удаа Н.Энхболдод туслана гэсэн үг. Гэхдээ мэдээж тухайн үеийн “Элсний 13” бус харин наад зах нь Д.Зоригт сайдад тал өгдөггүй намынх нь гишүүд элсний шинэ бүлгийг байгуулах биз.
Улс төрд өрнөж буй энэхүү шинэ Ерөнхий сайдын таамаг, Ерөнхий сайд болохыг хүсэгч тэгвэл үнэхээр та бидний үнэлж, хүндэлж дадсан шиг шударга, зөв хүн мөн үү. Энэ асуултад бодит хариулт болох Монгол Улсын 33 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх ой модыг юу ч үгүй шатааж, гахайн агнахдаа “мялаалга” болгосон тухай мэдээллийг манай сонин хүргэж байсан. Тэрбээр Төв аймгийн Батсүмбэр сумын Хар гавал гэдэг газар өнгөрсөн оны есдүгээр сард гурван нөхдийн хамт гал тавьсан байдаг. Тэрбээр энэ үедээ гахайн авд гарахын зэрэгцээ сархад зооглож, улмаар тавьсан сум нь гал асаасанд “Удахгүй унтарна” гэж хэлчихээд явчихсан байсан. Н.Энхболдын өрдсөн түймэр Хар гавал хэмээх газраас хальж, Нууртын эх рүү үргэлжилж, улмаар 9000 мянга гаруй га газрыг хамарсан байна.Улмаар баруун тийш Гунын нуруу, хойшоогоо Шатар өлгий, зүүн тийш Сөгнөгөрт хүрсэн. Энэ үйлдлээ Н.Энхболд УИХ-ын дэд даргынхаа хувьд нууцлан далдалж, 33 тэрбум төгрөгийн хохирлоо 53 сая төгрөг хүртэл бууруулж, бүхэл бүтэн 9000 га ойг дахин сэргэхээргүй “булшилж” орхисон байна.
Энэ бол Нямаагийн Энхболдын Ерөнхий сайд болох хүсэл мөрөөдөлд төлж буй бидний төлбөр. Тэр Ерөнхий сайд болсон тохиолдолд үүнийгээ ч бас нууна. УИХ-ын дэд дарга байхдаа нууж чадсан юм чинь гүйцэтгэх засаглалын тэргүүн болчихвол энэ байтугай их ойг сүйтгэж, гэм хийгээгүй хугараагүй ноён нуруу аз жаргалтайгаар мишээх эр зориг Нямаагийн Энхболдоос гарах нь дамжиггүй юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин