-Хаврын тариалалтын бэлтгэл ажил ямар хэмжээнд явж байна вэ?
-Одоогийн байдлаар үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд нийт 3800 га-д хөрсний чийг хаалт хийж 4500 га талбайд үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг зохион байгуулсан мэдээтэй байна. Мөн техник засварын ажил ч хийгдэж байгаа. Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 54, үрлэгч 85, чиргүүл дүүжин техник 192 ажиллахаас техник засварын ажил 85 хувьтай. Хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид байцаа, сонгино, лооль, өргөст хэмхийн үрслэгээгээ хийж эхлэсэн.
-Дархан-Уул аймаг улсын хэмжээний үр тариа, төмс, хүнсний ногооны хэдэн хувийг бэлддэг вэ?
-Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг улсын хэмжээний үйлдвэрлэлтэй харьцуулахад нийт үр тарианы 2.8 хувь, төмсний 5.8 хувь, хүнсний ногооны 13.2 хувийг бэлдэж аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 96.6 хувь, төмсөөр 1.8 дахин, хүнсний ногоогоор 2.3 дахин хангах хэмжээний үйлвэрлэл явуулж байна.
-Энэ жил хэдэн га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээл тарихаар төлөвлөв?
-2014 онд нийт 43 аж ахуйн нэгж, 54 иргэн үр тарианы үйлдвэрлэл, 32 аж ахуйн нэгж төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэж үр тариа 13.2 мянган га, төмс 709, хүнсний ногоо 1264, малын тэжээл 250, рапс 3500 га буюу нийт 15.2 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
-Үрийн хувьд хэр хангалттай байгаа вэ? Дутагдаж байгаа бол хаанаас авах гэж байна?
-Үр тарианы хувьд 2155 тонн үр хэрэгцээтэй байгаагаас аж ахуй нэгж, иргэд 44.5 хувийг буюу 980 тн үрийг нөөцлөж тариалалтад 1175 тн үр дутагдах тооцоо гарсаныг ҮХААЯ-нд захиалга өгсөн. Дутагдсан үрийг ТЭД Сан, Улсын үрийн нөөцөөс нийлүүлэхээр төлөвлөсөн. Яг одоогийн байдлаар тодорхой шийд гараагүй байгаа. Урьдчилсан байдлаар үрийн чанарт ихээхэн анхаарал хандуулж эргэн төлөгдөх тодорхой нөхцөлтэйгээр олгохоор болж байна.
-Өнгөрсөн жилийн ургацын борлуулалт хэр байсан бол?
-2013 онд үр тариа, төмс, хүнсний ногооны борлуулалт боломжийн сайн байсан. Өмнөх жилүүдийнх шиг ямар нэгэн хүндрэл гараагүй, манай гурилын үйлдвэрүүд боломжоороо хангалттай сайн худалдаж авсан. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчид улсад болон гурлын үйлдвэрүүдэд тушаасан таваарын будааны тонн тутамд нь 100,0 мянган төгрөгийн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж уг урамшуулалд 33 аж ахуйн нэгж, иргэдэд 413.7 сая төгрөг олгосон.
-Аймаг болон улсаас хаврын тариалалтад ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?
-Энэ хаврын тариалалтад шаардагдах шатахуун болон ургамал хамгааллын бодис, бордооны захилгыг бид ҮХААЯ-нд хүргүүлсэн. Энэхүү тооцоогоор 476 тонн шатахуун, 120 тн бордоо, 76.5 мянган литр ургамал хамгааллын бодис шаардагдах тооцоо гарсан. Хаврын тариалалт болон уринш боловсруулалтад зориулж аж ахуйн нэгж иргэдэд шатахууныг 30 хувийн урьдчилгаатайгаар олгож улаан буудайн үрийг ч мөн адил өмнөх жилүүдийнх шиг олгох шийдвэр ойрын үед ҮХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан гаргасанд манай тариаланчид маш их баяртай байгаа.
-Одоо манайд ямар бордоо ашигладаг юм бэ? Бордооны хүрэлцээ хангамж хэр зэрэг байдаг бол?
-Байгаль, цаг уур хуурайшиж байгаа болохоор усалгаатай тариаланг хөгжүүлж мал аж ахуйг газар тариалантай зөв хослуулах замаар хөрсний үржил шимийг сайжруулна. Мөн бордооны үйлдвэрлэлийг бүсчлэн байгуулж таримлын төрлийг олшруулан сэлгээг үйлдвэрлэлд оновчтой нэвтрүүлээд зуны богино хугацаанд арвин ургац өгөх нутагшсан сорт бий болгох шаардлага гарч байна. Тиймээс түүнд тохирсон техник, технологи нэвтрүүлж чадварлаг инженер техникийн ажилтан, мэргэшсэн ажилчидтай болж хурааж авсан ургацаа хадгалах агуулахын аж ахуйг хөгжүүлэх зэрэг зорилтуудыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлага байна.
-Ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Дээрх ажлуудын эхлэл болгож “Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд бид УГТСЭШХ-тэй хамтарч Хонгор сумын үр тарианы 25.7 мянган га, Орхон сумын төмс, хүнсний ногооны 621.1 га талбайг шинжилгээнд бүрэн хамрууллаа. Энэхүү шинжилгээний дүнгээс үзэхэд нийт талбайн 95.8 хувь нь азотоор хангалтгүй, 33.4 хувь нь фосфороор хангалтгүй, 45.8 хувь нь калиар хангалтгүй гэсэн дүн гарсан. Энэ нь хөдөө аж ахуйн таримлын зохистой ургац бүрдүүлэхэд ургамалд хялбар ашиглагдах шим тэжээлийн бодис, хөрсний үржил шим хангалтгүй төвшинд байгаа нь харагддаг. Энэ нь тариалангийн талбайн хөрс нь үржил шимээр ихээхэн бууралттай байгааг илтгэж байна. Тогтвортой ургац бүрдүүлэхэд жил бүр тогтмол бордоо хэрэглэх шаардлагатай байгаа ч бордооны нийлүүлэлт бага, үнэн нь өндөр зэрэг шалтгаанаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид бордоог төдийлэн сайн хэрэглэж чадахгүй байгаа юм.
-Ургацаа хадгалах агуулах савны тухайд ямар байдаг вэ? Хангалттай байгаа юу?
-Аймгийн хэмжээнд нийт үр тариа хадгалах агуулахуудын хувьд “Тариалан эрхлэлтийн дэмжих сан”-гийн 36 мянган тоннын элеватор, улсын нөөцийн 5000 тн-н агуулах, Улаанбаатар гурилын үйлдвэрийн 16 мянган тн-н элеваторуудаас гадна аж ахуйн нэгжүүдийн 3330 тоннын багтаамжтай 13 агуулах, төмс хүнсний ногооны 11593 тн буюу 656 ширхэг агуулах, зооруудыг ашиглаж байна. Эдгээр агуулахын тоог харахад боломжтой мэт харагдаж байгаа ч агуулахын чанар муудсан, орчин үеийн шаардлагад нийцсэн агуулах байхгүй байгаа. Бид цаашид аймгийн хүн амынхаа хэрэгцээг жилийн турш тогтмол хангахад бүрэн автомат тохируулага бүхий зоорийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэхүү ажлын эхлэл болгож бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тодорхой ажлуудыг тусгасан.
-Атаршсан талбай хэр их байна вэ. Тэдгээрийг эргүүлж ашиглаж байгаа юу? Ер нь өмнө нь ашиглаж байгаад орхигдож атаршсан газрыг эргүүлж ашиглах боломж нь хэр байдаг юм бэ?
-Бид 2008 оноос атаршсан талбайг эргэлтэд оруулах ажилд ихээхэн анхаарч ХАА-н нийт техникийн 30 хүртэл хувийг бүрэн шинэчлэх ажлыг ҮХААЯ-тайгаа хамтран зохион байгуулж чадсан. Энэ ажлын үр дүнд “Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрийн өмнөх жилтэй харьцуулахад тариалсан талбай 7.4 мянган га-аар буюу 2.1 дахин, уриншилсан талбай 10.2 мянган га-аар буюу 4.2 дахин нэмэгдэж нийт тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг 93 хувь буюу 31.8 мянган га-д хүргээд байна. Цаашид атаршсан талбай үндсэндээ байхгүй болж байна.
-Уриншаа хэдэн га-д хийх гэж байна вэ? Ер нь хөрс боловсруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар ямар ажил хийж байна?
-Бид 2014 онд 13200 га-д чанар сайтай уринш бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажилд нийт 230 тн шатахуун, 54 мянган литр гербицид шаардагдах тооцоо гарсан. Ер бид хөрс боловсруулах дэвшилтэт технологуудыг бүрэн хэрэгжүүлж эхэлсэн. Ялангуяа нийт уриншийн 90 хүртэл хувийг цомхотгосон технологиор боловсруулж байна. Энэ нь бидний хувьд том дэвшил.
-Усалгаатай тариалан хэр хөгжүүлж байна вэ?
-Манай аймаг нийт 2035.5 га-д усалгаатай тариалан эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд төр засгаас усалгаатай тариаланг дэмжих чиглэлд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. 2008-2013 онуудад шинээр услалтын систем байгуулах, засварлахад нь зориулж газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч найман аж ахуйн нэгж, дөрвөн иргэнд улсын төсвөөс нийт 871.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлсэн.
-Энэ хавар, зун, намар цаг агаар ямар байх талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлэл авсан уу? Ямаршуу байхаар байна. Цаг агаар таатай байвал хэдий хэмжээний ургац авах вэ?
-Энэ жилийн хувьд хөрсний нөөц чийг тариалангийн талбайн уринш болон гуурсанд боломжийн сайн байгаа. Энэ чийгийг алдалгүй хамгаалж тариалах хугацаагаа зөв сонгож технологийн хугацаанд нь тарьж чадвал өндөр ургац авах боломж бий. Бид цаг агаар таатай байж биднийг ивээвэл буудай 18484 тн, рапс 2800 тн, төмс 8140 тн, хүнсний ногоо 15189 тн ургац хурааж авах боломжтой.
-Мал аж ахуй, газар тариаланг хэрхэн хоршиж байна вэ? Бие биедээ бас зарим талаар хүндрэл учруулдаг талтай?
-Газар тариалангийн үйлдвэрлэлд хамгийн их хүндрэл, хохирол учруулдаг нь мал. Манай аймгийн 2021 он хүртэлх цогц бодлогод Мал аж ахуй, газар тариаланг хослуулж хөгжүүлэх чиглэл тогтоож аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулж хэрэгжилтийг нь ханган ажиллаж байгаа. Судалгаанаас үзэхэд 12 мянган га-д нийт намар ургац хураалтаас хойш тариалалт хүртэл мал байнга бэлчээрлэж жилдээ төмс, хүнсний ногооны 30-40 тонн, үр тарианы 350-400 тонн ургацыг малд сүйтгүүлж ургац алдаж байна. Энэ асуудлаар төрийн төв байгууллагууд, хууль тогтоох эрх бүхий байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай.
-Газар тариалангийн салбарт ямар бэрхшээл байна вэ? Шийдэх ямар боломж байгаа талаар яриач?
-Газар тариалангийн салбарт ялангуяа төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдэд бага оврын техник хангамж, сортын үрийн асуудал хүндрэлтэй байна. Одоогийн байдлаар манай аймгийн хувьд уринш-буудай-тосны ургамал, уринш-буудай-малын тэжээл гэсэн гурван ээлжит сэлгээг хэрэглэж байгааг ч нийт тариалсан талбайн дөнгөж 10.9 хувийг эзэлж үлдэх 89.1 хувийг уринш-буудай гэсэн богино ээлжит сэлгээг хэрэглэдэг. Энэ богино ээлжит сэлгээ нь үндсэндээ хөрсний үржил шимийг “Шатаах” систем гэдгийг ойлгож мэдрэх цаг нь болсон. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн хувьд хүнсний ногооны бүтцийн харьцаа алдагдсантай шууд холбоотойгоор зохистой сэлгээг тариаланч, ногоочин бүр мөрдөж чадахгүй байна. Мөн тариланчид өөрсдөө сэтгэлгээний өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Өөрөөр хэлбэл тариалан эрхэлдэг тариаланчид тодорхой хэмжээний ашиг олж байгаа боловч түүнийгээ ирээдүйдээ биш өнөө маргаашдаа зарцуулдаг асуудлыг анхаарах шаардлагатай байна.