
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргыг үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг томилсон юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ГССҮТ-д очсон. Гэсэн ч ГССҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр өөрийгөө ажлаас чөлөөлөгдсөнийг хууль бус гэж үзэн, ажлаа хүлээлгэн өгөхгүй, шүүхэд хандахаар болоод байсан юм. Ийнхүү Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэж өгөхгүй хагас сар болсон тул ГССҮТ-ийн захирлаар томилогдсон А.Мөнхтайван хувийн шалтгаанаар нэрээ татсанаар тус эмнэлэг одоог хүртэл удирдлагагүй байгаа юм. Харин Ц.Энхбаярт зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосноор тэрээр саяхан ажлаа чөлөөлж өгөөд байгаа.
Ц.Энхбаяр ГССҮТ-ийн захирлаар сонгогдсоны дараа тус эмнэлгийн 22 хүн ажлаасаа халагдсан байдаг. Тэдний 17 нь тус эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар байжээ. Харин Ц.Энхбаярыг халагдсаны дараа ГССҮТ-ийн ажилчид нарийн мэргэжлийн эмч нарыг ажилд нь буцаан авахыг дэмжиж, гарын үсэг цуглуулан, Эрүүл мэндийн яаманд санал хүргүүлээд байгаа аж.