Идэрийн олимпиадын түрүүг гурван сая төгрөг дагалдана

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Идэрийн олимпиадын түрүүг гурван сая төгрөг дагалдана

“Үлэмж эгшиглэн сан”-гаас уламжлал
болгосон баруун бүсийн аймгуудын багш сурагчдын хүлээн догдолдог Идэрийн
эх хэлний олимпиад ирэх сарын 12-14-нд уламжлал ёсоор Идэрийн
голынхоо хөвөөнд зохиогдох гэж байна.

Эх хэлээрээ зөв сайхан бичих,
яруу төгөлдрөөр ярьж хэлж занших, сурах эрмэлзлэлийг идэвхжүүлэх,
хамгийн гол нь алслагдсан бүс нутгийн сурагчдад шалгарал, өрсөлдөөнийг
буй болгодгоороо тус олимпиадын нэгэн үнэлэмж тогтсон. Түүнчлэн монгол
хэл, уран зохиолын багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, заах
арга зүйн харилцан туршлага солилцуулдаг нь оролцогчдын талархлыг нэгэнт
хүлээгээд байгаа билээ.  Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих “Үлэмж
эгшиглэн” сангаас эрхлэн явуулдаг тус олимпиад Идэрийн унаган хөвүүн,
соёл боловсролын үр нөр тарьж, эх орны ирээдүй хойчид эрдэм мэдлэгийг
хөхүүлсээр ирсэн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын
тэргүүний ажилтан Лутын Лхагважавын нэрэмжит эл олимпиадад Монголын
эрдэмт мэргэн зохиолч, шинжлэх ухаан боловсрол, урлаг соёлын
зүтгэлтнүүдийн тогтмол оролцон хэвшсэнийг хөлгөн найрагч Д.Урианхай,
Д.Цоодол нар оройлдог юм. Энэ эрхмүүдээр тэргүүлүүлсэн соён гийгүүлэх
багийн нэр бүхий алдар цуутнууд Идэрт цугласан эрдэмлэг, сэтгэллэг багш,
сурагчид, ард түмэнд уулзалт ярилцлага зохиож, биечлэн танилцаж,
урлагийн, эх хэл соёлын олон талт арга хэмжээ  зохион явуулж үйлчилдэг
нь онцгой сайхан үйл явдал болдог билээ. Өнөө жил тус олимпиадын цар
хүрээ улам өргөжин Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Хөвсгөл, Орхон,
Архангай аймгуудаас багууд төлөөлөн ирж оролцохоор урьдчилсан мэдүүлгээ
өгөөд байна. Шагналын хэмжээ жил ирэх тутам үлэмж нэмэгдэж байгаа бөгөөд
өнөө жил түрүүлсэн багш “Багш дор мөргөмү” хорин цэн мөнгө, нэг цэн
алтаар урласан эрдэнийн тэмдэг зүүж, гурван сая төгрөгөөр шагнуулах юм.
“Үлэмж эгшиглэн сан” олимпиадад оролцогч багийн шатахууны зардлыг
уламжлал ёсоор санхүүлж буй билээ.  


Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж