Хөх мөөм хөрөөний ир болсон нь
Хөрөөний хурц ирийг эхийн мөөмтэй зүйрлэсэн оньсогоны ном байж байна. Ангир шар уургаараа угжсан ээжийнх нь мөөмийг ахуйн эдлэлийн хурц шүдтэй, аржгар иржгэр төмөртэй зүйрлэжээ. Багаж зэвсгийг эд эрхтэнтэй адилтгах аваас индүүг хамар, угаалгын машиныг гэдэс, шүдний сойзыг нөгөө юу гэх мэтээр үргэлжлэх ёстой болох юм байна.
Нохойн тухай таавар 18+ гэж тусгайлан анхааруулмаар, хүүхэд бүү хэл үүхдэд ч ахадсан үг хэллэг, зураг дүрстэй. “Тэд өвсөн дээр хөрвөөж байлаа. Тэгээд тэд хээлтэв”. Үг найруулга нь оньсогоны ямар ч шинжгүй, гадаад киноны модон орчуулга адил сонсогдоно. “Хон хон дуутай хондлой дээрээ дэгээтэй” гэх зэрэгтэй зүйрлэн харвал ёс суртахуун, уран үг хэллэг, найруулгын үнэр ч алга даа, эрхэм оньсогоч, хүүхдийг садам самуунд уруу татагч, бяцхан оюуныг хордуулагч гуай.
Машин бол хорхой, жолооч бол сармагчинАрхины хор аюулаас сэргийлэх, жигшээх ардын уламжлал, арга ухаан олон бий ч гэлээ “Бөө биш ч бөөлнө” гэж зүйрлэл бүдүүлэг агаад зохисгүй. Архичин хүн бол бөө, бөө л бол архичин, бөөлөх нь агсам тавьж буй хэрэг, агсам тавих бол бөөлөх гэж шууд гүтгэн адилтгаж арай болохгүй байх. “Бөөндөж идээгүй ч бөөлжинө” гэж үргэлжлэх нь гоо зүйн, логикийн, ёс суртахууны, монгол сэтгэлгээний үнэр ч үгүй, хар ярианы хачин муухай үгс байна. Оньсого гэдэг уран яруу, утга төгөлдөр, чихнээ чимэгтэй, ертөнцийг танин мэдэх нэн сонирхолтой, дундаршгүй баялаг арвин сан болохоос бус бүдүүлэг харанхуй хараал хэрүүлийн цуглуулга огт биш. Жишээ нь “Сүн далай сүгхийв. Сүрхий баатар ухасхийв” гэх мэт яруу сайхан оньсого бий. Өлөн чоно хонин сүрэг рүү дайрахыг чухам ийм яруу хэлсэн байдаг юм. Хүн, амьтан, эхийн ангир уургийг хүртэл гутаасан оньсого өөрөө таашгүй гажиг оньсого бөгөөд ажил мэргэжлийг ч доромжилно. “Дөтөлж явдаг ган хорхой, дотроо дандаа нэг сармагчинтай” гэж ачааны машинтай жолоочийг дүрсэлжээ. Мутац хувиралд орсон, цөмийн дэлбэрэлтээс үлдэж өөрчлөгдөн амь орсон ачааны машинтай адилхан төмөр хорхой “төрүүлээд” жолооч хүнийг зүгээр л сармагчин гэж хэлсэн байх юм. Сармагчинтай төмөр хорхой, төмөр хорхойн доторх сармагчин. Кабиндаа хүн суулгасан ачааны машины жолооч зөндөө л таардаг шүү дээ.
Ер нь Улаанбаатарын 320 гаруй мянган машинаа унахаар шавьжин доторх самж болж байна уу? Томхон биетэн нь орангутанг, шимпанзе, жижгүүд нь самж, мич юм болов уу?
НОЁН ЗӨГИЙ