“Шинэчлэл хийхэд замыг нь засаад явах нь чухал”

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

“Шинэчлэл хийхэд замыг нь засаад явах нь чухал”

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх ажлын талаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.

-Хууль эрх зүйн шинэчлэлийг зоригтойгоор эхлүүллээ. Шинэчлэлийг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хууль эрх зүйн шинэчлэлийг тасралтгүй явуулж эхэлсэн. Сүүлд  шүүхийн багц хуулиудыг батлан мөрдөж эхлээд байгаа. Шүүхүүдийг тойргийн журмаар байгуулах ажлыг шийдэж дууссан. Энэ хүрээнд тойргийн шүүхүүд байгуулагдаж, шүүгч нар томилогдсон. Улсын дээд шүүхээс бусад анхан болон давж заалдах бүх шүүхийн Ерөнхий шүүгч нарын сонгон шалгаруулалт эд явагдаж байна. Энэ мэтчилэн хуулийн салбарт өрнөж байгаа шинэчлэл барианаас хөдөлчихсөн. Одоо нэлээд хөдөлгөөнд оруулчихсан энэ үйл ажиллагааг зогсоож болохгүй байх. Харин энэ хууль эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлж, эхний шийдсэн асуудлуудыг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, оноог засч залруулаад, зөв төлөвшүүлээд явах шаардлагатай л гэж үзэж байна.

-Шинэчлэлээр их олон асуудал ярих болно. Цагдаа нар гэхэд даргадаа ажлаа тайлагнадаг байсан бол иргэд рүү хандсан болж ирлээ гэж байгаа. Энэ таны бодлоор биеллээ олж байна уу?

-Хуулийн шинэчлэлээр цагдаагийн байгууллага, нэг хэлтсийн дарга, гудамжинд эргүүл хийгээд явж байгаа цагдаа нарт бодит байдал дээр ямар өөрчлөлт бий болсоныг би дүгнэх боломжгүй л дээ. Харин хөндлөнгөөс харахад иргэн цагдаагийн хоорондын харилцаанд тодорхой өөрчлөлтүүд гарч байна. Цагдаагийн албан хаагч ямар нь ч мэдэгдэхгүй баримт гаргаж ирээд иргэдийг торгоод бэлэн мөнгө авдаг, энэ мөнгөө хувьдаа завшдаг байж магадгүй гэсэн хардлага гардаг байсан. Иргэдээс авч байгаа торгуулийг хэрхэн бүртгэж, хаана зарцуулдаг нь тодорхой байгаагүйгээс ийм хардлагад өртдөг байсан юм. Тэгвэл үүнийг тодорхой болгохын тулд цагдаагийн албан хаагч зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж, торгуулийн төлбөр тооцоог бэлэн бусаар шийдвэрлэж байгаа нь авлигаас ангид байх тодорхой арга хэлбэрийн илрэл болж байна.

-Иргэнд хариуцлага тооцно л гээд байдаг. Нөгөө талдаа цагдаа нарын ажил үүрэгтээ хандаж байгаа үйл явцад ямар шинэчлэл гарах вэ?

-Нэг жишээ татъя. Хуучин тогтолцоогоор яригддаг байсан зүйл бол цагдаа нарын ажил үүргийг дүгнэх үзүүлэлтэд сонин гэмээр үзүүлэлтүүд байлаа. Жишээ нь, хутга, мэс биедээ авч явсан иргэнийг илрүүлсэн тоо нь ажлын үзүүлэлтийг дүгнэх улмаар, шагнал урамшууллал олгох үндэслэл болж байсан байдаг. Үүнийг дагаад цагдаа нар хутга худалдаж аваад, түүнийгээ хэн нэгэн хүнээс илрүүлсэн болгоод тайлагнаад ажлаа сайнаар дүгнүүлдэг хандлага руу орчихсон явж байсан. Ийм сөрөг хандлагыг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд өөрчилж, шийдэж чадаж байгаа гэж бодож байна.

-Гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг урьд нь төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хариуцдаг байсан төр нуруун дээрээ авлаа гэж байгаа. Шүүхийн аюулгүй байдал, гэрч хохирогчийг хамгаалах шинэ бүтэц үнэхээр бий болж чадсан уу?

-Гэрч, хохирогчийг хамгаалах асуудалд тодорхой хууль эрх зүйг нь бий болгоод өгчихлөө л дөө. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль амьдрал дээр хэрэгжихдээ ямар зовлон, бэрхшээл дагуулах бол гэдэгт болгоомжлох өнцгөөс харж байгаа. Энэ хууль Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зарим хуулиудад мөн өөрчлөлт хийхийг шаардаж байна. Хуучин байгаа зохицуулалттай Байцаан шийтгэх тухай хуулиудын хүрээнд Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэхэд төвөгтэй.  Тиймээс энэ дагуу шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинээр Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг болгон өөрчилж байгаа. Эдгээр олон хуулиад цогцоороо үйлчилж эхэлснээр эрх зүйн шинэчлэл бүрэн утгаараа хийгдэнэ. Шүүх, хуулийн байгууллагуудад одоогийн хийгдчихсэн байгаа шинэчлэлүүд нь эргээд процессын шинэчлэлийг шаардаж байна. Цаашдаа энэ том шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд улс төрийн нам, эвсэлүүд, Төр, хууль хяналтын байгууллагууд энэ асуудлаар нийлж ширээний ард ярилцаж, ойлголцлоо нэгтгэх шаардлагатай байгаа.

-Шүүхийн багц шинэчлэлээр нийгмийг шоронжсон байдлаас гаргаж чадах болов уу. Ер нь хүмүүсийг хоморголон хорьдог байдлыг өөрчлөх нь хэр үр дүнтэй вэ?

– Одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг сүүлийн үед шоронжсон хууль гэж шүүмжлэх болсон. Энэ байдлыг арилгах гэж эрүүгийн хуулийг шинээр батлах гэж гэдгийг ярихаасаа илүү одоо байгаа хуулийн зохицуулалтад юу нь алдаатай байсан, аль нь оносон юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Бид хуучнаасаа хамгийн сайн, өнөөгийн нийгмийн харилцаанд тохирохыг нь авч үлдэх ёстой. Хуулийг шоронжсон, энэ нь иргэншсэн гэх байдлаар тайлбарлахаас илүүтэйгээр тухайн хууль нийтийн эрх ашгийг хэрхэн хамгаалж чадаж байна вэ гэдгийг нь чухалчлах нь зөв байх. Аль ч улс оронд ямар ч хуулийг  нийтийн эрх ашигт нийцүүлэн баталдаг.

-Хуучинд хуульд бид юуг алдав?   

-Хуучин батлагдсан байсан хуулиудад зарим нэгэн гэмт хэргийг буруу тодорхойлсон гэж би үздэг. Тухайлбал, танхайн гэмт хэрэг. Өнөөдөр манай Эрүүгийн хуулиар нэг хүний эсрэг чиглэсэн үйлдэл байсан ч түүнийг танхайн гэмт хэрэг гэж авч үздэг. Хүмүүсийн хоорондын харилцаанаас үүдэлтэй асуудал ихэнх нь танхайрах гэмт хэрэг болон зүйлчлэгдсэнээс маш олон залуучууд шоронд хоригдож байгаа. Учир нь танхайн гэмт хэрэг нь бусдын бие мах бодид ямар гэмтэл учирснаас үл хамаарч, тэр ч бүү хэл гэмтэл учраагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдог. Ингээд мод, чулуу түлхүүр гэх мэт гартаа баригдсан ямар нэгэн эд зүйлийг хэрэглэсэн  бол тэр хүндрүүлэх нөхцөл байдал болж, хамгийн багадаа таван жил нэг хоногийн ял оногдуулах үндэслэл болдог. Шоронд ял эдэлж байгаа хүмүүс багагүй хэсэг нь танхайн хэрэг үйлдсэн хүмүүс байх жишээний. Гэтэл танхайн гэмт хэрэг нь олон нийтийн эсрэг чиглэсэн юм уу, хувь хүний эсрэг чиглэсэн гэмт хэрэг байсан юм уу, энэ нь юунаас үүдэлтэй гэдгийг хуулиар зөв тодорхойлоогүйгээс болоод практик дээр шүүх хуулийн байгууллагууд танхайн гэмт хэргээр баахан хүмүүсийг шийтгээд байгаа юм. Энэ бол нэг л жишээ. Энэ мэтчилэн бид гэмт хэргийн тухай ойлголтоо шинэ нийгэм, орчин үеийн хүмүүсийн ухамсартай нийцүүлж өөрчлөхгүй бол болохгүй. Одоогоос 20 жилийн өмнө хүмүүсийн ухамсар, хөгжил ямар байсан билээ. Одоо гэхэд цахим орчинд  үйлдэх гэмт хэрэг ихэссэн. Энэ асуудлыг шинэчлэлийн хүрээнд  Эрүүгийн хуулинд зөв томъёолж, нарийн зааж өгөх хэрэгтэй болж байна.

-Та яриандаа дурдлаа. Хуучнаасаа авч хоцрох юм бас бий гэж. Хууль эрх зүйн шинэчлэл хийхэд юуг хадгалж үлдэх хэрэгтэй байгааг жишээгээр дурдвал?

-Эрүүгийн хуулин дээр хэлэхэд нийтэд хүртээмжтэй нэг асуудлаар жишээ татаж болно. Энэ бол аргагүй хамгаалалт. Хуучин бол Эрүүгийн хуулинд аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлэх гэдэг ойлголт байсан. 2002 онд Эрүүгийн хуулийг өөрчлөхөд үүнийг байхгүй болгосон. Аргагүй хамгаалалт гэж үзэж л байгаа бол үүнийг гэмт хэрэгт тооцохгүй гэдэг зүйл заалт хэрэгжиж байна.

-Гэмт хэрэгт ямарваа байдлаар холбогдсон хүнийг байцаах нь залхаан цээрлүүлэхтэй адил болчихоод байна гэдэг. Хууль эрх зүйн шинэчлэлээр үүнийг яаж өөрчлөх бол?

-Хуульч хүний хувиар авч үзэхэд одоо үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд хүний эрхийг дээдлэх, зөрчихгүй байх, эрхийг хангахтай холбогдсон маш олон зохицуулалт байгаа. Хуулийн эдгээр заалт сайн хэрэгжиж чадахгүй байгаа нь тухайн хуулийг хэрэгжүүлж байгаа хүнтэй л холбоотой гэж би үздэг. Хэдийгээр ийм сайн зохицуулалттай ч хэдий хэрэг мөрдөн шалгах, хяналт тавих шүүн таслах зэрэг бүхий л тогтолцоо нь аль социализмын үеийнхээрээ байгаатай холбоотой.

Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулинд зааснаар өмгөөлөгч, хэргийн оролцогчид мөрдөн байцаалтын шатанд танилцах хэргийн материалтай эрхгүй байдаг. Мөрдөн байцаагч, прокурор нь зөвшөөрвөл танилцдаг.
Харин мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж дууслаа гэсэн үедээ мөрдөн байцаагч  энэ тухай тогтоол үйлдээд хэргийн бүх оролцогчдод мэдэгдэж, хэргийн материалтай таницуулагааг явуулж энэ талаар протокол үйлдээд, тухайн хэргийг шийдвэрлэхтэй холбоотой хүсэлт, гомдол байвал түүнийг нь шийдвэрлэсний дараа хэргээ прокурорт шилжүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл бодит байдал дээр цаг хугацаагаар шахчихдаг, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах хугацаа нь дуучихлаа шууд прокурор руу өгөхгүй бол болохгүй гээд л энэ ажиллагааг огт хийлгүйгээр оролцогчдыг хохироодог. Санал, хүсэлт авч шийдвэрлэж өгөх асуудал бол ерөөсөө байхгүй.

Тэгвэл одоогийн шинээр боловсруулж байгаа хуулиар нотлох баримтыг үнэлэх, хэлэлцэх таницах бүх ажиллагаагаа шүүх дээр хийгддэг байхаар зохицуулсан. Тиймээс бүх нотлох баримт хэргийн оролцогчдын хяналт, тэдний оролцоотойгоор шүүхэд танилцуулсаны үндсэн дээр зөвхөн шүүх л нотлох баримтыг  эцсийн байдлаар үнэлж шийдвэр гаргадаг байдлаар хуульчлах гэж байгаа нь энэ төрлийн харилцаанд гарч маш том эерэг үр дүн хэмээн би үзэж байгаа.

-Хийсэн хэргийнхээ төлөө зохих хариуцлагаа хүлээдэг гол тогтолцоог яаж шинэтгэх вэ?

-Ялын шийтгэл тухайн гэмт хэрэг хийсэн хүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байх ёстой. Хийсэн хэрэгт нь тохирсон хариуцлага хүлээлгэхийн тулд ялыг олон төрөлжүүлэх асуудал шинэчлэлийн хүрээнд ярьж байна. Манай улс ялыг илүү залхаан цээрлүүлэх талаас нь ойлгоод сурчихаж. Дандаа хориод байна гэдэг нь гэмт хэрэгтэй тэмцэж, урьдчилан сэргийлж байгаа тэр зөв арга барил биш. Хэтэрхий хатуу чанга ялтай байхаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ буцааж, нийгмээсээ хөндийрүүлээд байна. Энэ бол анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  хүмүүст их тохиолддог. Хорих ял эдэлчихээд гарч ирсэн хүн нийгэмшиж чадахгүй, ажил олдохгүй, хүмүүсийн дунд харилцаанд орж чаддаггүй. Энэ тохиолдолд заавал хорих биш, өөр арга хэлбэрийг хуулийн шинэчлэлд суулгаж өгөх шаардлага гарч байна. Гэрийн хорио юм уу, албадан хөдөлмөр эрхлүүлэх байдлаар ял тооцдог ялын шинэ төрлийг бий болгож, шинэ тогтолцоо руу бид явах ёстой. Одоогийн энэ эрх зүйн шинэчлэл ийшээ л явахын эхлэл. Шинэ хуулиудад энэ талаарх утга санаа яригдаж байгаа.

-Хууль зүйн салбарын хувьд энэ мэт ярих асуудал асар их. Яриад дуусашгүй юм.  Салбарын хувьд нэлээд хөдөлгөөнтэй болж, салбарын сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал яригдаж байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд сайдыг огцруулах шийдвэр гаргах төвшинд нөлөөлөх, ямарваа байр суурь илэрхийлэх боломжгүй л дээ. Хуульч хүнийхээ хувьд аливаа асуудалд хүнийг буруутгаж байгаа бол хангалттай үндэслэлтэй, тэр нь зохих журмын дагуу нотлогдож, тогтоогдсон байхаас гадна эрх бүхий этгээдийн шийдвэрээр баталгаажсан байх ёстой. Ийм байдлаар шийдвэрлэгдээгүй байхад бусдыг буруутгах нь харин зүй бус үйлдэл болох юм. Х.Тэмүүжин сайдыг огцруулах санал, үндэслэл,  баримт, нотолгоо, тогтоосон байдлын хувьд ийм хангалттай баримт мэдээлэл байхгүй байна гэж хэлж болохоор байгаа. Хууль эрх зүйн шинэчлэлийн үед салбарын сайдыг нь огцруулна гэдэг нь энэ том ажилд тодорхой хэмжээгээр гацаа үүсгэхийг үгүйсгэхгүй. Огт нотлогдоогүй байхад тогтоочихсон юм шиг хандаж байгаа нь өрөөсгөл юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж