Амрагчдыг дорд үзсэн амраадаггүй газрууд

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Амрагчдыг дорд үзсэн амраадаггүй газрууд

-Агаар салхинд гарч, ажлын алжаалаа тайлах хүсэлтэй амрагчид хаана очвол дээр вэ?-

“Орчин нь үнэхээр аймшигтай юм. Энд хүлээж байхаар машиндаа очиж суудаг юм уу” хэмээн өлгийтэй хүүхэд тэвэрсэн хоёр эмэгтэй ярилцан хажуугаар зөрлөө. Тэдний сууж байсан саравчинд суух гэтэл нээрээ л болхи, заваан орчинтой юм. Хаа сайгүй хог хаячихсан, ширээ сандал нь шороонд дарагдсан, салж унах дөхсөн энэ саравч амралтын газрын хашаанд байх аж.

“Гэр нь ямар заваан юм бэ… Хямдхан гэхээрээ л ийм байдаг юм байх даа” гэх яриа хажууханд зогсох хосуудын хооронд өрнөв. Амралтын газрын эгнүүлэн барьсан гэр рүү ойртоод очтол эхүүн үнэр хамар цоргилоо. Урин дулаан болоод, хотын эргэн тойрны амралтын газруудыг зорих хүмүүс нэмэгдэж байгаа болохоор хирэндээ хир тоосоо “гөвж” байгаа бололтой. Гэхдээ л най алга. Гэрийн бүрээсүүд нь саарал… Биш ээ, бүр хар юм байна. Хар гэрийн хаяа дагуулан орны матрас, гудас зэргийг наранд гарган тавьсан байв. Тэр гудаснууд дээр нь хүн унтаж амрах нь битгий хэл ойртохын аргагүй хир толбо, үнэр танартай болжээ. Амралтын газар бүр ийм байдаггүй ч, ийм орчин, үйлчилгээтэй амралт нийслэлийн эргэн тойронд нилээд олон бий. Байгууллагын нэр хүндийг хүндэтгэх үүднээс бид очиж сурвалжилсан амралтын газруудын талаарх зарим мэдээллийг үлдээн бичлээ. Гэхдээ тэдний бодит байдал, үйлчилгээний соёл, орчин нөхцөл зэрэг нь гэрэл зургаас тод харагдах байх аа.

Богд уулыг тойроод нилээн хэдэн амралтын газар, жуулчны бааз бий. Анх нээгдэхдээ ариун цэврийн хувьд боломжийн байсан ч одоо бол бүгд адилхан навсайж, хуучирчээ. Зайсан орчимд байрлах “Богд гэр” амралтын газарт эхлээд очиж, үйлчлэгчээс нь зарим зүйлийг тодрууллаа.

-Танайд нэг хоног амрах гэр байгаа юу?

-Гэр байхгүй. Ирэх долоо хоногоос ажиллана.

-Нэг гэр дунджаар ямар үнэтэй вэ, хоногийн?

-Хоёр ортой гэр 35 мянга, гурван ортой гэр 40 мянган төгрөг гэж хэлээд өнөөх бүсгүй уцаарлангүй цааш эргэлээ. Эсгий гэрүүдээ ажиллуулж эхлээгүй ч амрагчид бол нилээд олон байгаа бололтой. Ялангуяа гадна дотны хүмүүс цөөнгүй харагдав. Тэд бол арай тохь тухтай өрөө, тасалгаанд буудаг байх. Гэхдээ мэдээж хажууханд нь байх өмхий үнэр нэвт ханхийсэн монгол гэрийг хараад хачин санагддаг л байлгүй.

Зайсан орчмын иймэрхүү газрууд амралтын өдрүүдэд хүнээр тасардаггүй бололтой. Бямба гаригийн өглөө очиход ихэнх нь л “Өрөө байхгүй, гэр байхгүй” гэсэн хариулт өгөх аж. Хамгийн гол нь амрагчид нь ямар нэгэн шаардлага тавихгүйгээр, “Байгаа нь их юм” гэсэн хандлагаар үйлчлүүлсээр дассан бололтой. Гэхдээ амралтын газрын ариун цэвэр, үйлчилгээний соёл зэрэг зүйлс заавал мөрдөгдөх л ёстой шаардлага шүү дээ. Амрагчид ч тэр, амруулагчид ч тэр аль аль нь “Хоёр хоноод явах юм чинь” гэсэн хоноцын сэтгэхүйгээр хандахаа болимоор санагдав.

Хотын төвд ойрхон амралтууд ийм байдаг байж. Хотоос жаахан зайдуу, зуслангуудын орчим байрлах бусад амралтын газрууд ямар үнэ ханшаар, ямар үйлчилгээний соёлоор амрагчдад үйлчилдэг вэ?

“Ойн жим” амралтын газарт эхлээд очлоо. Үүдэндээ “Тавдугаар сарын 1-ээс ажиллана” гэсэн бичиг хаджээ. Ажиллаж эхлээгүй байв. Тиймээс ямар ч үйлчлүүлэгч алга, нам тайван. Ер нь ихэнх амралтын газрууд албан ёсоор бол тавдугаар сарын эхнээс ажиллаж эхлэх төлөвтэй. Зарим нь ойр зуурын засвар, үйлчилгээ ч хийж байгаа харагдав.

Дараагийн амралтын газарт хүрч очсон нь “Ойн дурсамж” нэртэй амралт байв. Эднийх боломжийн тохь тухтай, эргэн тойрон нь ч  цэвэр цэмцгэр харагдлаа.  Хүлээн авахын ажилтангаас “Гэрт нэг хоног амрахад ямар үнэтэйг” асуухад “Бетон гэр 80 мянган төгрөг, эсгий гэр 70 мянган төгрөг” гэж хариулав. “Ус, түлээ, тогоо шанага өгөх” эсэхийг лавлахад, “Түлээгээ өөрсдөө авна. Бид нар нэг удаа гал асааж өгч болно. Тогоо, шанага, 40-ийн бедон хэрэглэхэд тус тусад нь мөнгө төлнө” гэлээ. Дөчин литрийн усны сав түрээслэхэд 10.000, тогоо шанага, цагаан хэрэглэл нийлээд 5000 төгрөг гэхчлэн амрагчдын мөнгө явж өгөх бололтой.

Бусад амралтын газруудыг бодвол цэвэрхэн, нэг гэр нь гурван ортой, хувцасны шүүгээ, гэрийн шаахай гээд хэрэглээний бага сага зүйлсээр хангасан нь авууштай. Уг нь бол энэ бүхэн амралтын газрын зайлшгүй үзүүлэх ёстой үйлчилгээ л дээ. Гэхдээ одоо бол бид иймэрхүүг нь хараад бараг баярладаг болж.

“Их тамир” гэх амралтын газар бидний очсон дараагийн газар. Эндхийн үйлчлэгчийн хэлснээр нэг гэрт заавал зургаан амрагч оруулдаг гэнэ. Нэг хүний дөчин мянган төгрөг, зургаан хүний 240,000 төгрөг төлөөд, та бүхэн 24 цаг амарч болох ажээ. Энэ бол жишээ нь жирийн үйлчлүүлэгчдэд ахадсан үнэ мэт санагдав.  Тоочоод байвал замд таарсан, дайрсан олон олон амралтын газрууд нэг бол орохын аргагүй бохир заваан, нэг бол үйлчилгээнээсээ давсан энэ мэт өндөр үнэтэй байх нь ердийн үзэгдэл аж. Амралтын газруудад зориулсан стандарт байдаг боловч мөрддөг байгууллага бараг л байдаггүй юм байна.

Уг нь амралтын газар дараах шаардлагыг заавал ч үгүй мөрдөх ёстой байдаг гэнэ.

-Амралтын болон эмчилгээний нийтийн үйлчилгээний өрөөнүүд 18 хэмээс доошгүй халаалттай байх ёстой.

-Халуун усанд ороход зориулагдсан тусгай халаалтын системтэй байх

-Бохир ус зайлуулах гадна, дотор сүлжээтэй байх

-Халуун, хүйтэн усан хангамжтай, усны нөөц савтай байх

-Өрөө тасалгаанууд нь агаарын хэвийн солилцоог хангасан зохиомол болон байгалийн агааржуулагчтай байх

-Өрөөнүүд 24 цагийн зохиомол болон байгалийн гэрэлтэй байх

-Өрөө бүр телефон утастай байх гэх мэт гоё гоё шаардлага, журам бий. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг, энгийн амрагчдыг хүлээгээд авчих амралтын газрыг олъё гэвэл нартай тэнгэрээс од хайхтай л адил аж. Одоо амралтын газруудын хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг үе ирж байна. Агаар салхинд гарч, ажлын алжаалаа тайлах хүсэлтэй амрагчид хаана очвол дээр вэ. Ноорхой гэр, бохир заваан орчин, үйлчилгээний хэт соёлгүй байдал… Улаанбаатарын эргэн тойронд байгаа амралтын газруудыг архи, дарс уух оромж, зугаа цэнгээний талбар болсон ийм байдлаас нь хэн салгах ёстой вэ. Энэ асуултын хариуг олоход энэ сурвалжлага бага ч гэсэн нэмэр болж, амрагчдын ая тухад анхаардаг газрууд нэмэгдээсэй билээ.







Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж