Шинэчлэлийг бүү зогсоогоосой

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийг бүү зогсоогоосой

“Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүдээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хуульчид, өмгөөлөгчид одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийн орчин нь хүний суурь эрхэнд халтай, хүний эрхийг хамгаалан өмгөөлөл хийхэд бэрхшээл ихтэй талаар тайлбарлав. Тиймээс шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж шинээр өргөн баригдаж байгаа Гэмт хэргийн тухай болон бусад хуулийн хуулийн төслүүдийг улс төржүүлэлгүйгээр дэмжих шаардлагатай байгааг онцоллоо.

Өмгөөлөгч Ц.Баасандорж энэ талаар “Ерөнхийлөгчийн өргөн бариад буй хуулиуд бол нийгмийн хүлээлт болсон хуулуид гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хууль л гэхэд Монгол Улсыг шоронжуулахад чухал нөлөө үзүүлсэн. Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаанд прокурор, хэрэг бүртгэгчид л буруутгах нотлох баримт цуглуулдаг, өмгөөлөгчийн оролцоог хангалттай олгоогүй. Үүнээс болж шүүх хуралд зөвхөн буруутгах үндэслэл баримт бүхий хавтаст хэргийг уншсан шүүгчид орж ирдэг. Эрүүгийн төлөөлөгчид хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүж хэрэгт тулгадаг. Шинэчлэлийн хүрээнд энэ бүх зүйлийг үгүй болгож, хүн хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгүүлдэг, хохирогч нь хохирлоо барагдуулж авдаг болох давуу талтай. Түүнчлэн одоо үйлчилж байгаа хуулиар авлига өгсөн, авсан хоёулаа хэрэгтэн болдог байсныг өөрчилж, авлига өгснөө илчилж ирсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт ч шинэ хуулийн төсөлд орсон байгаа. Ингэснээр илэрдэггүй авлигын хэргүүд илрэх үндэс болно” гэсэн юм.

Өмгөөлөгч Г.Батбаяр “Шинэ хуулийн төслүүдэд хүний эрхийг дээдлэх Үндсэн хуулийн суурь зарчмаа баримталсан. Энэ хуулиуд батлагдвал хүний эрхийг хангаж, хэрэг шийдвэрлэхэд өмгөөлөгчийн оролцоо, шударга ёс тогтооход шүүгчийн үүрэг нэмэгдэх болно” гэв.

УИХ-ын хаврын чуулган ажилдаа орсны дараа хуульчдаа төлөөлөн ийнхүү хэвлэлийн хурал зохион байгуулах болсон нь өргөн баригдаж буй хуулийн төслүүдийг улс төрийн намын зарим гишүүдээс хэт улс төржүүлж, эсэргүүцэж буй хандлага байгаатай холбоотой гэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Хууль зүйн сайдыг огцруулах асуудал дээр Хуульчдын холбоо ямар байр суурьтай байна вэ?” гэсэн сэтгүүлчдийн асуултад өмгөөлөгчид “Сайдыг огцруулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас Хуульчдын холбоо энэ асуудалд оролцох эрхгүй. Гагцхүү хэсэг бүлэг хүмүүсийн явцуу сонирхол, хувийн эрх ашиг, улс төрийн тооцооноос болж хууль зүйн салбарт хийгдэж байгаа шинэчлэл битгий зогсчихоосой. Энэ шинэчлэлийг хүсэн хүлээж, дэмжиж талархаж байсан олон нийт, энэ салбарт ажиллагсдын итгэл найдварыг битгий мохоогоосой гэж хүсч байна” гэсэн юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж