
Мөн он дамжин баригдаж буй, анхны төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдсэн барилгуудын санхүүжилтийг царцааж, аудитын шалгалт оруулсан нь бас нэг том алхам болж байна. Өмнөх Засгийн газруудын үед хэрэгжүүлж эхэлсэн замбараагүй тендер, тэдгээрийн хяналтгүй төсвийн үр дагавар одоо ч байсаар л байна. Тухайлбал, нийслэлд болон орон нутагт барилгын ажлыг нь эхлүүлээд дуусаагүй байгаа зориулалт, талбай хэмжээгээр адилхан барилгууд өөр, өөр өртөг зардлаар босдогийг ганц нэг жишээгээр тайлбарлая.
Баримт 1: Булган аймгийн Булган сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын нийт төсөвт өртөг нь 1,9 тэрбум төгрөг байхад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сургуулийн барилга 4.66 тэрбум төгрөгийн төсөвтэй байх юм. Ижил хоёр барилгын өртөг 2.4 дахин зөрүүтэй.
Баримт 2: Дорнод аймгийн Баян-Уул суманд баригдаж буй 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг 886 сая төгрөг бол Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ийм цэцэрлэг 1.56 тэрбум төгрөгөөр босч байна.
Баримт 3: Увс аймгийн Наранбулаг суманд баригдаж буй 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын нийт төсөвт өртөг 708,7 сая төгрөг байхад Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд мөн адил барилгыг 1.56 тэрбум төгрөгөөр босгож байх жишээтэй..
Баримт 4: 2012 онд эхлүүлсэн Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нэгдүгээр сургуулийн барилгын анхны өртөг нь 400 сая төгрөг байжээ. Энэ дүн өссөөр 2013 оны гуравдугаар сарын байдлаар 4 тэрбум 448 сая төгрөгт хүрсэн байна.
Нэг дахин ч биш бүр 10 дахин нэмэгдсэн гэсэн үг. Хувиар тооцвол 1012.1 хувиар өсчээ. Инфляцийг жилийн 10 хувиар, за больё, бүр 20 хувиар тооцоход бараа материалын үнэ, цалин хөлс нь мөн төдий хэмжээгээр өссөн баймаар. Гэтэл 20 биш хэдэн зуу, бүр мянган хувиар төсөвт өртөг нь нэмэгдсэн иймэрхүү жишээ хэдэн арваараа байна.
Энэ мэтчилэн ижил барилгуудын төсөв эрс тэс ялгаатай, мөн анхны төсөвт өртөг нь хэд дахин өссөн зэрэг нь анхнаасаа төсвөө буруу гаргасан, эсвэл санхүүжилтийг нь графикийн дагуу хийгээгүй, хөрөнгө оруулалтыг зориулалтын бус зүйлд зарцуулсны улмаас барилгын ажил удааширсан, хугацаа сунжрах тусам барилгын материалын үнэ өссөн гээд олон хүчин зүйлээс шалтгаалах ч эцсийн дүндээ хаа, хаанаа хариуцлага сул, мөн авилгажсаны үр дагавар юм.
Шинэчлэлийн Засгийн газар болон УИХ дахь олонхийн бүлгийн зүгээс төсвийн хөрөнгийг ёроолгүй сав мэт урсгасан иймэрхүү байдлыг таслан зогоох цаг нь болсон хэмээн үзэж, даалгавар өгсний дагуу Аудитын ерөнхий газраас санхүүжилтийг нь царцаасан 243 обьектод шалгалт хийж, ажил саатсан, зардал нэмэгдсэн шалтгааныг тодруулан, энэ онд үргэлжлүүлэх, мөн ирэх жил хүртэл хойшлуулах, бүр мөсөн зогсоох шаардлагатай барилгуудыг жагсаасан. Энэ нь МАН-ын бүлгийн гишүүдэд таалагдсангүй. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр тэд “Авилгажсан төсөв” гэдэг үгэнд эмзэглэж, баахан улстөржлөө. Нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхэлмэгц л ажлын тав хоногийн завсарлага авчихсан. Уг нь урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буй энэ үед нэг өдөр, нэг цаг ч болов алдалгүйгээр, нэг ч болов сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг урагшлуулж байх нь чухал юм сан. Асуудал бүхэнд гарц хайх биш, гацаах замыг сонгож, улс төрийн хонжоо хайн, урагшлах замд тээг болох Ардын намынхаан гэж …