
XX зууны эхний хагаст Монголчуудыг Манжийн дарлалаас гаргахын төлөө цогтой тэмцэж, олон мянган хүнийг манлайлж явсан цорж хэргэмтэй Хасбаатар гэж хүн байсан талаар түүхэнд тэмдэглээстэй байдаг. Тэгвэл XXI зууны Монгол Улсад бас нэгэн партизан төрж байна. Түүнийг бас Т.Хасбаатар гэдэг. Түүхэнд нэрээ мөнхөлсөн Хасбаатараас тэр олон зүйлээрээ ялгаатай. Энх цагт элдэв дарамтгүй амьдарч байгаа хэрнээ ард түмний нэрийг барьж эрх баригчдыг шантаажилж байгаа нь түүний имиж. Морин хуур тоглоод Японд амьдарч байсан тэрбээр Монголд ирж улстөрч болох гээд байгаагийн цаад зорилго нь албан тушаал, эрх мэдэл ч байж болох юм. Тэр уг нь Ардчилсан намын гишүүн. Гэтэл намынхаа даргыг огцруулна гээд хэсэг гүйсэн. Тэгснээ нэг л өдөр 180 хэм эргэчихсэн намын дарга Н.Алтанхуягтаа улаан сарнай бэлэглээд зогсч байв. Хүүхдээс “Аавдаа хайртай юу” гээд асуухаар “Хайртай” гэдэг. Жаахан байзнаад “Аавдаа хайргүй тийм ээ” гэвэл “Тийм ээ” гээд л сууж байдаг. Гурван настай жаахан хүүхэд, Т.Хасбаатар хоёр иймэрхүү адилхан түвшинд л харагдаад байгаа юм даа. Тэр өчигдөр хэвлэлийн хурал зарлаад Ерөнхий сайд С.Батболдыг огцор хэмээн шаардсан байна. Яг л Н.Алтанхуягийг огцор гэж хэлж байсан шиг ээ. Сонин байгаа биз. Тэр ам л нээвэл “Огцор” гэж дуугардаг болжээ. Ер нь тоть л нэг үгээ олон давтдаг шүү дээ. Тэр яг тоть шиг харагдаж байна. Түүний энэ зан Японд байхад нь бүрэлдэж буй болсон байх магадлалтай. Учир нь Японы Засгийн газрын сайдууд жаахан л асуудал үүсвэл огцроод байдаг шүү дээ. Тэр Монголыг Японтой харьцуулаад байдаг юм биш байгаа даа. Уучлаарай энэ бол Монгол Улс, Т.Хасбаатар аа.
Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин