Жагсаалын улс төрөөс хүмүүс уйджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.14-нд нийтлэгдсэн

Жагсаалын улс төрөөс хүмүүс уйджээ

УИХ-ын гишүүн Г.Уянга “Монголын нэг өдөр” нэртэй улс төрийн тайван жагсаал хийхээ олон хоногийн өмнөөс зарласан. Хоёр өдөр үргэлжлэх уг жагсаалыг “Сандалтай жагсаал” ч гэж нэрлэсэн. Монголын эгэл ард түмний нэг өдрийн ахуй ямар байгааг амьдралаас тасарсан эрх баригчдад танилцуулах зорилго бүхий эл жагсаал өнөөдөр эхэлж байгаа юм. Бага үдийн 11.00 цагаас эхлэхээр товлосон жагсаал цаг гаруйн дараа эхлэв. Жагсаалд оролцогчдын зэрэгцээ хаанахын хэн оролцох бол гэсэн сониуч зангаар шинжиж сонжсон хүмүүс харин цөөнгүй цуглажээ. Жагсагчид зүгээр ч амьдралаа өгүүлээд зогсохгүй нэг өдөрт иддэг хоол хүнсээ дэлгэн, өмсгөл зүүсгэлээ олонд дэлгэж харуулах юм гэнэ гэсэн яриа олон хоногийн өмнөөс яригдсан. Гэвч хүнс хоолоо харуулж дэлгэсэн нэг хүн байсангүй. Монгол түмэн төдийгөөс өдий хүрэхдээ айлын тогоо руу өнгийхийг  ихэд цээрлэдэг. Үүн лүгээ өөрийн амьдралаа ч олонд дэлгээд байдаггүй онцлогтой. Хүмүүний ахуй амьдралыг идсэн хоол, өмссөн хувцсаар нь дүгнэх нь дэндүү өнгөц гэсэн дүгнэлт ч үүнээс улбаатай. Цатгалан байлаа гээд давхар аягаар зооглодоггүй, баян байлаа гээд давхар малгай өмсдөггүй билээ. Ядуу татуугаа ч бусдад нялзаах дургүй ард олныг өдрийн хүнсээ дэлгэхэд уриалсан төрийн түшээгийн санаачлага бүтэлтэй зүйл болохгүй нь бололтой. Эндээс үүдэн “Жагсаалын улс төрөөс хүмүүс залхжээ” гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

Жил жилийн хаварт Чингисийн талбайд уйдахааргүй үйл явдал өрнөдөг. Ёс мэт жагсаал цуглаан өрнөнө. Зунжин зугаалж, намаржин наргиж, өвөлжин шил дарсан баяр тэмдэглэж найрласан монголчууд улс орны амьдралд болж бүтэхгүй байгаа зүйлийг хаврын урь орохтой зэрэгцэн мэдэрдэг гэлтэй хөдөлгөөнд ордог. Яг л ичигсэд хөдөлж, гол мөрөн цөнгөө  түрэхтэй зэрэгцэн ийн бужигнадаг болсон нь ардчиллын он жилүүдээс эхтэй. 1990 оны цагаан морин жилийн хавраас өнөөг хүртэл Чингисийн талбай жагсаал цуглаангүй хаваржсан нь үгүй. Ноднин өдийд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс хохирч үлдсэн хүмүүс жагсаж цугларч өлсгөлөн зарлахдаа тулж байв. Өмнөх Засгийн газраас улбаатай тэдний гомдлыг Шинэчлэлийн Засгийн газрынхан найман хувийн зээлээр барагдуулсан. Энэ мэтчилэн жагсаж цугласныхаа хүчээр асуудлаа шийдүүлсэн олон хүн бий. Гэвч сүүлийн үед улс төрийн нам, хүчин болоод зарим улс төрч өөрсдийн асуудлаа шийдүүлэхийн тулд ард олныг жагсаал цуглаанд ашиглах сонирхолтой болжээ.

Өнгөрсөн долоо хоногт МАН-аас зохион байгуулсан Засгийн газрын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг шаардсан жагсаалдаа гишүүд дэмжигчдээ тун чиг сонин дүрд хувиргасан байсан юм. Тэд нөмгөн дээл хөдөрсөн хүмүүсийн нүүрэнд Засгийн газрын гишүүдийн баг зүүлгэсэн нь гучаас оны хэлмэгдүүлэлтийн үеийн дүр зургийг дахин амилуулж, олон хүний сэтгэлийн шархыг сэдрээж орхисон юм. Тиймээс ч өнөөдөр Монголын хэлмэгдэгсдийн холбооноос мэдээлэл хийж, МАН-ынхныг буруутгалаа. Тэд МАН-ынхныг МАХН нэртэй байхдаа үйлдсэн хэлмэгдүүлэлтээр далайлган, ард олныг айлган сүрдүүллээ гэж үзжээ. Эр хүн дээлээ нөмгөн өмсөхийг цээрлэдэг байтал нөмгөн дээл давхраар нь өмсүүлсэнд ихэд цээрлэж байгаагаа тэд мэдэгдсэн юм.

МАН-ынхны жагсаалын зорилго болох сайд нарын “Давхар дээл” уг нь ард олонд огт хамаагүй асуудал. Сайд нар давхар дээлтэй ч хүмүүсийн сайн сайхны тулд үйлчилж байвал болох нь тэр. Дан тэрлэгтэй байгаад ч сонгогч олныхоо тусын тулд ажиллахгүй бол ачааны хүнд ард олны нуруун дээр л бууна. Тиймээс сайд нарын давхар дээлээр далимдуулж, Засгийн унагах гэсэн далд бодлого МАН-ых. Дахин кабинет байгуулж, өөрсдөө дунд нь шургалах хүсэл сөрөг хүчнийх болж харагдаад байгаа юм. Ийм л нэг хачирхалтай улс төр сүүлийн үед өрнөж байна. Нам, хүчин, аль нэг хувь гишүүний үзэл бодол ард олны жагсаал болон хувирч байгаагийн нэг жишээ өнөөдөр Чингисийн талбайд өрнөж байна. Ядуу дутуу байж болно. Тэглээ гээд өдөрт хэдий хэрийн хүнс хоол хүртэж, юү өмсч зүүж байгаагаа нийтэд дэлгэхийг хүмүүс хүсэхгүй байна. Сайн хоол идэж, сайхан хувцаслахыг хүсвэл ажиллах, бас дахин ажиллах л хэрэгтэй гэж…

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж