УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын багш, ажилчдыг хүлээн 2014 оны 04-р сарын 10-нд авч уулзлаа. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум аймгийн төвөөс 45 орчим км-т оршдог. Зарим багууд нь 17-18 км-т байдаг учраас тус сумын иргэд хүүхдүүдээ аймгийн төвд сургахаар шилжүүлэн авч явах байдал ихэсчээ. Ингэснээр тус сургуулийн хүүхдийн тоо цөөрч байгаа нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж сургуулийн захирал Д.Амгалан ярьлаа. Энэ талаар багш, захирлуудын саналыг нэгтгэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд хүргүүлж, Боловсролын багц хуулинд өөрчлөлт оруулахад анхаарч өгөхийг хүссэн юм. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хоттой ойрхон оршдог Түнэл, Тосонцэнгэл, Арбулаг, Төмөрбулаг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох сумдад нөхцөл байдал адилхан байгаа талаар ч нэмж хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын багш, ажилчдыг хүлээн авч уулзлаа. Тус сургуулийн багш нарын зүгээс Шинэ сургуулийн барилгыг яаралтай бариулах нөхцөл шаардлага үүссэн, Мөн сурагчид нэгдсэн гал тогоо байхгүйгээс ангидаа үдийн цайгаа уудаг, Багш нарын цалин урамшууллын нэмэгдэл 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж хуулинд заасан атал одоог хүртэл нэмэгдэл, урамшууллаа авч чадаагүй байгааг тойргынхоо гишүүнд хэлж, цааш нь холбогдох яаманд уламжилж өгөхийг хүссэн юм. Өнгөрөсөн жил Боловсролын институт, аймгийн Боловсролын газар хамтран Хөвсгөл аймгийн 1600 орчим багш нарт мэрэгжлийн сургалтыг Мөрөн хотноо зохион байгуулахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дэмжлэг их байсныг хэлээд энэ жил дахин нэгдсэн сургалт зохион байгуулж өгөхийг багш нараас хүслээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан багшийн ажлын дэвтэрийг хэвлүүлж аймгийнхаа бүх багш нарт хүргүүлсэн нь багш нарын ажлыг хөнгөвчлөх, заах аргын төлөвлөгөөгөө боловсруулахад ихээхэн дэмжлэг болж байгааг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Рашаант сумын багш, ажилчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тус сумын сургуулийн багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад сууж байгаа бөгөөд тэр бүр нийслэл хотод ирж сургалт авах боломжгүй байдаг тул сургуулийн интернэт орчныг сайжруулах хэрэгтэй байгааг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2012 оноос “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд бүх аймгийнхаа сумыг өөрийн гэсэн цахим хаягтай болгож, сум бүрийн сургууль, эмнэлэг, цэцэрлэг, ЗДТГ-ыг интернэтэд холбох ажлыг шат дараатай хийж байгаа юм. Мөн тун удахгүй аймгийн төвд утасгүй интернэт ашиглах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа гишүүн хэлсэн. Рашаант сумын сургуулийн дээвэр 2014 он гарсаар 2-3 удаа томоохон хэмжээний нуралт өгч олон зуун сурагч, багш ажилчдын аюулгүй орчинд сурч, ажиллах нөхцөл алдагдаад байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Монгол Улсын ерөнхий сайдад хандан өөрийн багцаас тус сургуулийн дээврийн засварын хөрөнгө оруулалтыг гаргах, Сангийн сайд Ч.Улаан, БШУ-ны сайд Л.Гантөмөр нарт удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх 2014 оны Төсвийн тодголд тусгах хүсэлтийг албан бичгээр хүргүүлээд байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Рашаант сумын багш ажилчдыг хүлээн авч уулзах үеэр Монголын Ерөнхий Боловсролын сургуулиудын холбооны тэргүүн дээд шагналыг ажил үйлсээрээ тэргүүлсэн 6 багшид гардуулж өглөө.