Унтуулга нь хэтэрсэн эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2014.04.13-нд нийтлэгдсэн

Унтуулга нь хэтэрсэн эдийн засаг

-Эдийн засгийн энэ нөхцөл байдалд хийсэн унтуулгын тун бага зэрэг хэтэрсийн болов уу. Зүв зүгээр байсан эдийн эдийн засаг яагаад ингээд хүндэрчив, долларын ханш яагаад өсөв гэж нүдээ нухалсан хүмүүс л зөндөө цаагуур чинь-

2011-2013 онд Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал 9.4 тэрбум ам.доллар, гадаад худалдааны алдагдал 6.2 тэрбум ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 3 жилд Монгол улс жилд дунджаар 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг, төлбөрийн урсгал данс нь жил бүр дунджаар 3.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг буюу эдийн засаг суурь өвчтэй, хорт хавдартай байсан.

Гэтэл 2014 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад худалдаа тэнцвэржиж, алдагдлын хэмжээ нь 9 сая ам.доллар болж эрс буурчээ. Энэ бол Монголын эдийн засагт “хагалгаа” хийгдэж, хорт хавдрыг үндсээр нь авч хаясан гэсэн үг. Эдийн засагт хийсэн “хагалгаа”-г мэдээж дундаж давхаргаа хамгаалахад чиглэсэн “унтуулгатай” хийсэн. Тухайлбал, мах, гурил, жижиглэнгийн шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах ажиллагаа нь хагалгаа эмчилгээний “унтуулга” нь болж байсан. Гэтэл эдийн засгийн энэ нөхцөл байдалд хийсэн унтуулгын тун бага зэрэг хэтэрсийн болов уу. Зүв зүгээр байсан эдийн эдийн засаг яагаад ингээд хүндэрчив, долларын ханш яагаад өсөв гэж нүдээ нухалсан хүмүүс л зөндөө цаагуур чинь.

Хагалгааны дараа мэдээж өвдөлт мэдрэгдэж байгаа. Гэхдээ ийм унтуулгатай хагалгаа хийснээр Монголын эдийн засаг хорт хавдраасаа салж байна. Үүний илэрхийлэл нь оны эхний хоёр сарын байдлаар урсгал дансны алдагдал 146 сая ам.доллар болж, 2012 оны мөн үеэс 397 сая ам.доллар буюу 73 хувиар огцом буурсан эерэг үзүүлэлт болж байна. Ийнхүү худалдаан дээр суурь өөрчлөлт, эерэг хандлага гарсан хэдий ч асуудал бас байнаа.

Тухайлбал нүүрсний экспорт биет хэмжээгээрээ огт буураагүй ч, экспортын орлого нь валютаараа орж ирэхгүй нөгөө л Чалкогийн өрөнд урссаар байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс ялимгүй өссөн ч, түүнд дорвитой том өөрчлөлт гараагүй хэвээрээ л байна. Урсгал данс, гадаад худалдааны их хэмжээний алдагдлыг бид гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхөөд явдаг байсан. Ингэхийн тулд бид гадаадын хөрөнгө оруулагчдад бараг л буу тулгуулж байгаад уул уурхайн гэрээнүүд зурдаг байсан гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Жишээ нь, Чалкогийн гэрээ бол үүний тод жишээ. Одоо бид гадаад худалдаагаа тэнцвэржүүлж, эдийн засгийг хорт хавдраас нь ангижруулж байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчдад дахин буу тулгуулж, уул уурхайн элдэв янзын гэрээ зурах муу дадал, зуршлаасаа ч бүрэн салж байна.

Харин унтуулганаасаа сэрж буй эдийн засагтаа витамин шахаж, дэмжээд өгвөл биеийн байдал нь сайжрах боломжтой байна. Тэрхүү шахах витамин нь, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт, тэр дундаа валютын урсгалыг нэмэгдүүлэх билээ. Гадаад худалдаа сүүлийн 4 жилд анх удаа тэнцвэртэй болсон ийм орчинд нүүрсний экспортын орлого маань орж ирээд, хөрөнгө оруулалт ахиад сайжирвал энэ нь мэдээж орлогыг нэмэгдүүлж гадаад валютын нөөц зузаарч, бодит сектор луу очих хямд хүүтэй зээлийг нэмэгдүүлж  ханшин дээр бага боловч эерэг нөлөөлөл авчрах нь дамжиггүй биз ээ. Үүний тулд Засгийн газар ажлаа сайтар хийж валют олж ирснээр эдийн засгаа витаминжуулах л үлдэж байна.

С.ХУЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж