&#34Дүнжингарав&#34 хаврын уралдаан Цагаан хөтөлд болно

Хуучирсан мэдээ: 2014.04.13-нд нийтлэгдсэн

&#34Дүнжингарав&#34 хаврын уралдаан Цагаан хөтөлд болно

“Дүнжингаравын хурд-2014” уралдаан өнөөдөр (04.13) Төв
аймгийн Аргалантын нутаг Цагаан хөтөлд болж байна.

Уг уралдаан болох гэж байгаатай
холбогдуулан Монголын морин спорт уяачдын холбооноос өнгөрөгч баасан гаригт (04.11) хэвлэлийн бага хурал
хийсэн юм. Тус хэвлэлийн бага хуралд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
П.Сэргэлэн, “Дүнжингаравын хурд-2014” хурдан морины уралдааныг зохион байгуулах
комиссын гишүүд оролцож хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм. Монгол Улсад
малын шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас “Дүнжингаравын
хурд” уралдаан хойшилж, цаг оройтсон үед зохион байгуулагдаж байгаа учраас энэ
уралдаан хэд хэдэн онцлогтой гэдгийг тэд сэтгүүлчдэд дуулгасан. Өөрөөр хэлбэл,
уралдааныхаа зохион байгуулалтыг өөр хэлбэрээр хийхээр шийдсэн байна.
“Дүнжингаравын хурд-2014” хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын
дарга Ц.Батсайхан уралдааны зохион байгуулалтыг схем зураг дээр тайлбарласан.
Уламжлал ёсоороо азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас уралдах бөгөөд цаг
оройтсон тул их нас 16.5, азарга 15 км-ээс эргэх юм байна. Мөн гараан
дээрээс цаг бүртгэж мордуулж байгаатай холбоотойгоор уралдах нас насны хооронд
унаач хүүхдүүдийг гурван автобусаар тээвэрлэх аж. Түүнчлэн ММСУХ-ны Ерөнхий
нарийн бичгийн дарга П.Сэргэлэн энэ жилийн “Дүнжингаравын хурд” уралдааны хувьд
уяачдадаа хоёр том боломж олгож байгааг онцлон хэлсэн юм. Тэрээр,

-Уяачид гарааны зурхайгаас морьд эргэхээс нэг цагийн өмнө морьдоо халаагаад
гарааны зурхай руу явна. Хоёрт, гараан дээрээ байрлаад морьдоо тэндээс шууд
мордуулах юм. Мөн гарааны зурхайн схем, барианы зурхайн схем, уралдааны ерөнхий
схем, санамж бичиг, уралдааны онцлогуудыг тодорхой тусгасан гарын авлага
товхимлыг үзэгчид, уяачдад тараана.

2014 оныг ММСУХ-ноос үзэгчдийнхээ таашаалд нийцүүлсэн уралдааныг зохион
байгуулах жил болгон зарлаж байгаа. Энэ ажлын хүрээнд жирийн үзэгч хүн хурдан
морины уралдааныг үнэхээр сэтгэл хангамжийн өндөр таашаалтай үзэх, морьдыг
таних, мэдэх байдлыг хангаж ажиллаж байгаа. Улс, бүсийн уралдаанд айрагдаж,
түрүүлсэн морьдын зурагтай, “Дүнжингаравын хурд-2014” уралдаанд айрагдах
магадлалтай морьдын судалгааг авч, энэ морьдын амжилтыг жагсаасан зурагт
хуудсыг үзэгчид, уяачдад тараана. Улсад айрагдсан морьд улаан, бүсэд айрагдсан
морьд шар нөмрөгтэй. Таван км тутамд бид улаан туг зооно. Тэгэхээр эхний таван
км-т улаан, шар нөмрөгтэй улс, бүсэд айрагдсан морьд явж байгаа юм байна шүү
гэдгийг ямар ч жирийн үзэгч хараад мэдэж таних боломжийг олгож байгаа. Өөрөөр
хэлбэл, хурдан морины уралдааны мэдээллийг үзэгчдэд шуурхай хүргэх зорилготой
юм. Мөн холбооны тэргүүлэгчдийн зүгээс санаачлаад өнгөрсөн жилээс “Их хурд”
уралдааны хишиг  гэж тухайн аймаг орон нутгийн амьдралд нь шаардлагатай
байгаа таван өрх айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн. Энэ жил мөн Дүнжингарав
уралдааны хишиг болгож Төв аймгийн таван өрх айлд өргөө цагаан гэр бэлэглэнэ.
Түүнчлэн уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын талаас оролцож байгаа бүх
хүүхдэд дулаан комбинзоныг үнэ төлбөргүй холбооны зүгээс өгнө. 800 ширхэг
комбинзон бэлдсэн байгаа. Мөн уяачид уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдалд
анхаарч уралдаанч хүүхдийн эрсдэлийн даатгалыг өөрсдөө төлөх болсон.
Хоёрдугаарт, уралдаанч хүүхдийн хөгжлийн сан гэж байгуулна, холбооны дэргэд.
Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тэднийг цаашид сахин хамгаалахад
тусламж дэмжлэг үзүүлэх, гадаад хэлний сургалт, бусад мэргэжлийн шаардлагатай
сургалтуудад сургахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Уралдаанч хүүхдийн
хөгжлийн сан гэдгийг анх удаа байгуулж байгаа юм. Мөн уралдаан болгоны дараа
уралдааны комисс хэвлэлийн хурал зарлаж айрагдаж, түрүүлсэн морьдоос гадна
уралдаанч хүүхдүүдийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлнэ.

“Дүнжингаравын хурд-2014” хурдан морины уралдааны даамлаар Н.Даш-Өлзий /эрлийз
дээд нас/, У.Буяндэлгэр /азарга/, Болдбаатар /их нас/, Ц.Баянжаргал /соёолон/
нар ажиллах аж. Морьдоо
бүртгүүлэхдээ уяачдыг өөрсдийн биеэр ирэх, мөн хамгаалалтын хэрэгсэлгүй унаач
хүүхдийг оролцуулахгүй гэдгийг анхаарууллаа.

У.ЭНХМАА

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж