Улстөрийн захиалгат хэлмэгдүүлэлт гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.12-нд нийтлэгдсэн

Улстөрийн захиалгат хэлмэгдүүлэлт гэв

МАХН-аас хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр хэмээн үзэж “Шударга ёсны индэр” арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр Монголд шударга ёс байгаа эсэх, цаашид улстөрийн хэлмэгдүүлэлт гаргахгүйн төлөө хэрхэн ажиллах талаараа олон нийтэд мэдээлэл өгөх, зурагт самбаруудыг байрныхаа гадаа өлгөжээ. Мөн МАХН-ын дүүргийн хороодоос хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр хэмээн үзэж, намын дарга Н.Энхбаярыг ямар ч үндэслэлгүй баривчилж, улстөрийн хэлмэгдүүлэлт хийсэн нь шударга бус үйлдэл гэж үзэж байгаа гэв.

МАХН-ын зүгээс намын дарга Н.Энхбаярыг баривчлагдсанаас хойш хийсэн улстөрийн төрийн тэмцлийн талаар зурагт самбар гаргаж, шударга ёс Монгол Улсад зөрчигдөж байна хэмээн үзэж, ийнхүү хэлмэгдүүлэлт эхэлсэн өдрийг “тэмдэглэж” байна гэсэн юм. Эгэл жирийн иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж, шударга иргэд яагаад хэлмэгдэж буруутан гэмтэн хэмээн цоллогдож байгаа талаар ч байр сууриа илэрхийлэх юм байна. Үүний зэрэгцээ нийслэлийн есөн дүүрэгт фото зураг, шударга бус явдлыг биеэрээ амссан иргэдтэй холбоотой баримт материалаас бүрдсэн үзэсгэлэн гаргажээ.

2012 оны дөрөвдүгээр 12-нд  МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан.  Тиймээс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг МАХН-ын зүгээс хэлмэгдүүлэлтийн өдөр хэмээх болсон. Өнгөрсөн жил тус намын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын үүдэнд шар өнгийн цэцэг  өргөж, хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр гэж үзэж байсан бол энэ жил намынхаа байрны гадаа  зурагт самбар, шударга ёсны индэр зэрэг самбарууд хадсан байв.

МАХН-ын эмэгтэй гишүүд дэмжигчид төрийн ордны хоёр талын хаалгыг угааж, Төрийн ордонд шударга бус хүн дахин битгий ороосой хэмээн угаал үйлдэх гэнэ.

Ш.ОЧ


















NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж