Оросууд баяртай, Москвагийнхан түгжрэлтэй

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Оросууд баяртай, Москвагийнхан түгжрэлтэй

Олон нийтийн санал асуулгаар ёслолын парад оросуудад их таалагддаг ч бэлтгэл нь ихээхэн хүндрэл учруулах болов. Жагсаалын бэлтгэл хийхийн тулд гудамжны хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэх болжээ. Мөн гудамжаар хүнд техник жагсаалаар явсны дараа засвар хийх шаардлагатай болдог. Өнгөрсөн жил гэхэд бэлтгэл болон засварт Москвагийн засаг захиргаа 100 сая рубль зарцуулсан байлаа.

Сүрлэг парад
Өнгөрсөн жилийн парадад 10.5 мянган цэргийн албан хаагч, нэг мянга гаруй гадаадын цэргийнхэн оролцсон бол энэ жилийн парадад оролцсон цэргийн тоо 20 мянга болон өсчээ.

Харин техникийн тоо нь өнгөрсөн жилийнхээс бага дөнгөж 106 ширхэг байлаа. Нисэх онгоцууд харагдсангүй. Тавхан нисдэг тэрэг л төрийн далбаа болон цэргийн тугийг авч явлаа. Гэхдээ ёслол болохын өмнө буюу тавдугаар сарын 5-ны өдөр нэгэн нэмэлт сургуулилалтыг цэргийнхэн хийлээ. Энэ нь 3-ны өдрийнх шиг замын түгжрэлийг гаргаагүй. Өмнөх бэлтгэлийн буюу тавдугаар сарын 3-ны Ленинградын өргөн чөлөө, Тверийн гудамж, бага тойруугийн хэсгийг хааж байсан юм.

Жолооч нар хаасан замыг тойрох гэж шинэ түгжрэлийг үүсгэсээр Москвагийн төвийн хөдөлгөөнийг зогсоосон юм. Москвагаас гадна бусад хотуудын оршин суугчид ч парадын бэлт­гэлийн улмаас замын түгжрэл ихэсч байгаад дургүйцэж байна.

Алдагдсан технологи
Парад зохион байгуулагч нар яагаад урьдчилан төлөвлөгөөгүй нэмэлт бэлтгэл хийсэн талаар шинжээчид янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, «Военно-промышленный курьер» сонины тоймч Илья Крамник үүнийг армид хийж байгаа шинэчлэлтэй холбон тайлбарлав.

Тухайлбал, тавдугаар сарын парадыг явуулдаг байсан Москвагийн цэргийн тойргийг татан буулгаснаас зохион байгуулалтын бүтэц алдагдсан гэжээ.  Өөр нэг шинжээч Андрей Союстовын хэлснээр талбайд жагсах “хайрцагнуудын” бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой гэнэ. Жишээлбэл, цэргийн сургуулийнхны оронд энэ удаа офицерүүд жагсах болсон учраас нэмэлт бэлтгэл хийсэн гэнэ.

Хэд вэ?

Парадын зардлыг ердийнхөөр зарлаад байдаггүй. Янз бүрийн тооцоогоор ийм арга хэмжээний зардал 80 гаруй сая рубль болох ёстой ажээ. Тусгай онгоцоор үүл хөөн сарниулах зардал нь ороод. Өнгөрсөн жилийн цэргийн парадад 120 сая рубль зарсан гэж Юрий Лужковын хотын захиргаа зарлаж байлаа.  Хотын захиргаа  Манежийн талбайн боржин болон чулуун хучлагад зургаан саяыг, гүүрийн бэхэлгээнд 7.5 саяыг, Их чулуун гүүрний засварт 1.6 саяыг тус тус зарцуулсан гэж хотын захиргааны төлөөлөгч мэдэгдэж байлаа.

Парадын эсрэг байгаа хүмүүс хүнд техник нь замаас гадна түүхэн байгууламжуудад хор нөлөөтэйг хэлж байгаа. Парадад цэргийн техник оруулахыг олон хүн дургүйцэж байгаа гэнэ. “Хүнд техниктэй цэргийн парад явуулахыг хориглосон Ельцины шийдвэр зөв байсан. Одоо хотын төв рүү техник оруулснаас замын түгжрэл гарч, дараа нь засварын мөнгө хэрэгтэй болж байна” гэж “Эв нэгдэл” хөдөлгөөний идэвхтэн Лев Пономарев өгүүлэв.

Цэргийн техникийг 1990 оноос парадад оролцуулахаа болиод байснаа Ялалтын 50 жилийн ойгоор танк, их буутай жагсаал хийсэн юм. Ингээд 2008 оноос хүнд техник оролцуулсан сүрт жагсаал хийх уламжлалыг сэргээсэн билээ. Санал асуулгын “Левада төв”-өөс явуулсан сүүл­чийн судалгаагаар оросуудын бараг 80 хувь нь энэ жилийн парадыг телевизээр харна гэсэн байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж