
Тэрээр өнгөрөгч 2013 онд Хууль сахиулах их сургуулийг төгссөн юм. Түүний дараа 2014 оны хоёрдугаар сард магистарт суралцах шалгалт өгч, тэнцсэн билээ. Аварга Харумафүжи Д.Бямбадорж дөрөвдүгээр сарын 7-нд оюутны үнэмлэхээ гардан авч, хичээлдээ явахаар болжээ.
Харумафүжийн магистрт сурахыг нь Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо зөвшөөрч,
-Магистр ёкозуна” сумогийн түүхэнд байгаагүй. Ёкозуна гэдэг Сумогийн холбооны нүүр царай. Элдэв хүлээн авалт, ёслол, арга хэмжээ, тойргийн барилдаан гээд маш завгүй байдаг. Холбооны ажлын хөтөлбөртэйгээ хичээлийн хуваариа зохицуулж чадвал ямар ч асуудалгүй” гэж мэдэгдсэн байна. Харумафүжи Д.Бямбадорж Хосэй их сургуулийн Токио дахь салбарт даваагаас баасан гариг хүртэл орой, бямбад өдөр хичээлдээ явж байх аж.
Японы мэргэжлийн сумогийн анхны магистр болох гэж буй Харумафүжи
-Өнгөрсөн хоёрдугаар сард магистрын шалгалтад ороод тэнцсэн хариу авсан. Ирэх дөрөвдүгээр сараас хичээлдээ явж эхэлнэ. 16 настайдаа л Японд ирж барилдаад хичээл ном үзэх зав гараагүй. Уг нь би сурах, хичээл хийх дуртай” гэж сэтгүүлчдэд ярьсан удаатай.
Ёкозуна Харумафүжитэй холбоотой өөр мэдээлэл хүргэхэд, түүнийг сумод хөл тавьсан цагаас эхлэн шүтэн биширсэн зураач Хашимото түүний амьдралаар комикс гаргасан байна. Энэхүү комикс “Ёкозуна Харумафүжи” гэдэг нэртэй аж. Комиксыг зурсан Хашимото “Харумафүжийг анх бэлтгэл хийж байхыг хараад үнэхээр биширсэн. Тэгээд л бийрээ авч, зурж эхэлсэн” гэжээ.