
Азийн волейболын холбооноос зохион байгуулж буй эрэгтэйчүүдийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын нийслэл Манилад үргэлжилж байна. Энэ сарын 8-нд эхэлсэн тус тэмцээнд Азийн 16 улсын баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлж "Алтайн барс" баг оролцож байгаа бөгөөд зохион байгуулагч Филиппин, Ирак улсын багтай "А" хэсэгт багтсан.
"Алтайн барс" өнгөрөгч мягмар гаригт (04.08) хэсгийн эхний тоглолтоо Филиппиний багтай хийж, 0:3 (13-25, 23-25, 16-25)-ийн харьцаагаар ялагдал хүлээсэн. Тэд хоёр дахь тоглолтоо маргааш Иракийн багтай хийнэ. Өнгөрсөн жилийн VII байрын шагналт Иракийн баг өчигдөр Филиппиний багийг 3:0 (25-22, 25-19, 25-18) харьцаагаар хожжээ.
"В" хэсгийг өнгөрсөн жилийн аварга Иран, Ливан улсын баг хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Япон, Вьетнамын баг хараахан хожил аваагүй байна. "С" хэсэгт өнгөрсөн жилийн дэд аварга Катар, тавдугаар байрын шагналт Казахстан хоёр хожилтой, "D" хэсгийг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр байрын шагналт БНХАУ хоёр, хүрэл медальт Тайваны баг нэг хожилтой тэргүүлж байна.
Өнөөдөр, маргааш хэсгийн сүүлийн тоглолтууд болж, шөвгийн наймд өрсөлдөх болон IX-XII байрын төлөө тоглох багууд тодорно.
"Алтайн барс" багийн хувьд өнгөрсөн жил Монголын Волейболын холбооноос зохион байгуулсан "Намрын нээлттэй тэмцээн"-ээс алт, "Хаврын нээлттэй тэмцээн"-ээс мөнгөн медаль хүртэж, Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авчээ.
Ч.БОЛОР