
Гэсэн ч тэдний амнаас үргэлж л хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна, эдийн засаг уналаа, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас болж манайх өнөө маргаашгүй эдийн засгаа унагаад, дээшээ хараад хэвтэхээс өөр сонголтгүй болох нь гэх үгс дуулдаж байгаа нь нууц биш. Энэ бүхэн хоёрхон жилийн хугацаанд болоод өнгөрсөн юм шиг, хоёр гуравхан хүн л бүгдийг нь гадагшаа өгөөд, өр зээл тавиад оруулаад ирчихсэн гэж ярьж байгаа улстөрчдийн энэ араншин сонгууль болохоор идэвхждэг байв. Гэтэл энэ удаад МАН-ын ганц хүсч байгаа зүйл нь улс төрийн тогтворгүй байдал. Хамгийн эмзэг асуудлыг нь хөндөж, эдийн засаг, стратегийн хувьд чухал салбарын сайдуудаар оролдож байгаа цаад санаа нь ч энэ улс оронд тогтворгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчдыг хулжааж, АН-ыг муухай харагдуулах гэсэн өчүүхэн жижиг санаа төдий. Харин цаана нь Монгол Улсын эрх ашиг яаж зөрчигдөх, бидний амьдалд энэ бүх тогтворгүй байдал ямар байдлаар нөлөөлөхийг тооцож үзээгүй нь харамсалтай.
Эдийн засгийн өсөлттэй орчин, уул уурхайн хөрөнгө оруулагчдад ээлтэй Хөрөнгө оруулалтын хуулийг баталж, энэ хавраас уул уурхайн хөрөнгө оруулалт наашлах эерэг үр дүн ирсэн, нэг ёсондоо сэтгүүлчийн оноож хэлсэнчлэн “Мөнгөний чимээ” дуулдаж байгаа энэ үед давхар дээлийг тайлуулах, сайдуудыг огцруул хэмээн улстөржиж байгаа сөрөг үр дагаврыг уншигч та надаар хэлүүлэх юун.
МАН тийм ариухан улс төрийн хүчин мөн үү. Тэднийг төр барьж байх үед төр засаг нь тогтвортой байж, эдийн засаг элгээрээ мөлхөлгүй, амлалт нэхсэн ард түмэн өлсөж ядраагүй гэвэл түүн шиг шилдэг онигоо энэ зуунд л лав дахиж гарахгүй биз. Чалкотой хийсэн сул гэрээг ашиглан их хэмжээний мөнгө зээлж, түүнийгээ бэлэн мөнгө хэлбэрээр буюу 21 мянгаар тарааж байсан алдаа хэнийх вэ. Оюутолгойг гадныханд найр тавин өгч, өнөөдөр Швейцарийн банкинд хэдэн саяар нь мөнгө байршуулж, тансаг орд харшид амьдарч яваа нөхдүүд аль намынх бол. Ард түмнийг ядууруулж, газрын наймааг цэцэглүүлж, нийслэлийг машинтай нь хамт “булшилж” байсан алдааг хэн хийв.
Гадны цүнхтэй компанид тал засч, хэдэн зуугаар нь ашигт малтмалын лицензийг өгч, төрөө, улсаа дампууруулж, мөнгө идсэн хурган дарга нар хэний нөлөөн дор үүнийг хийв. Мэдээж шалтгаан нь тов тодорхой, хариулт өгөөд суух ч шаардлага гарахгүй. МАН-ынхан Уул уурхайн сайдыг огцруулах шалтгаанаа Оюутолгойн гэрээг өөрчилнө хэмээн байнга ярьж, хөрөнгө оруулагчдыг үзэн ядаж, мөн “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн Чалкогийн гэрээг өөрчилсөн учраас өнөөдөр хөрөнгө оруулагчид 55 хувиар буурсан гэж үзсэн юм билээ.
Гэхдээ үнэн хэрэгтээ эдгээр 55 хувийн хөрөнгө оруулагчид Монголын хөрсийг хуулж, хамаг алт, эд баялгийг нь хууль бусаар ухаж байсан нөхдүүд гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Үүнд нэг их холын жишээ ч хэрэг болохгүй. Д.Батхуяг нарын хууль бус өчнөөн олон зуун лиценз, гол мөрний эх газар, мөн тал засч өгсөн лицензүүдийн буянаар Монголын ард түмэн баяжаагүй. Дотоодын үйлдвэрлэгч, уул уурхайн компаниудаа хавчиж, гадныханд хэтэрхий их найр тавьсныхаа шанг одоо л бид үүрч байна.
Энэ бүх үүсээд байгаа хүндрэл бэрхшээл нэг өглөө л босоод ирэхэд, АН-ын сайд салбарыг удирдахад болчихсон хэрэг биш. Ужиг гажиг тогтолцоо, өмнөх Засгийн газрын үед үйлдэгдсэн цөөн бус тооны бусармаг явдал, холион бантанг засч цэгцлэхээр шинэчлэлийн Засгийн газар боломжит бүх ажлыг хийхийн төлөө ажиллаж байгааг үгүйсгэж боломгүй. Ний нуугүй хэлэхэд МАН өөрсдийнхөө энэ бүх муу муухайг нуух гэж, өнөөдөр үүсээд байгаа бүх хүндрэл бэрхшээлийн эх үүсвэрийг бид тавьсан шүү гэдгээ ил тодоор хэлүүлэхгүй гэж, эрх баригчдын дан давхар дээлийн асуудлаар улстөржиж, тэдний жижигхэн алдаан дээр тоглолт хийж анхаарлыг өөр тийш нь хандуулаад байгаа л хэрэг.
УИХ дээр тоглолт хийж, улс төрийн шоу хийхгүй бол Оюутолгой, “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чалко”-той хийсэн гэрээ зэрэг энэ бүх зуурсан бантан нь өөрсдийнх нь хүзүүг ороох гээд байгаа учраас аргаа барсан шоу хийж эхэллээ. Энэ мэтээр хэн нь эхэлсэн, хэнийх нь буруу юм. Хэзээнээс энэ бүхнийг бид ухаж ярих ёстой вэ гэдгийг бичээд байвал барагдашгүй. Илүү үг нуршилгүйгээр эдийн засгийг аврах гол хүч хэмээн нэрийдэж байгаа уул уурхайн салбарт бугшсан алдаа завхрал хэзээ эхэлсэн түүний үр дагавар хэрхэн өрнөсөн, шинэчлэлийн Засгийн газар алдаа завхарлыг засах гэж хэрхэн ажиллаж буй талаар хүргэе.
2012 оны сүүлч 2013 оны эхээр зах зээл дээр нүүрсний үнэ 30-40 хувийн уналттай байна. Нүүрсний борлуулалтад уурхайн аман дээрх үнэ, хилийн үнэ гэж байдгийг ялгах хэрэгтэй байгаа юм. Уурхайн аман дээрх үнэ гэдэг нь тээврийн зардал ороогүй үнийг хэлдэг.
Харин хилийн боомт дээрх үнэд тээврийн зардлыг шингээсэн байдаг. “Эрдэнэс Тавантолгой” 2013 онд, Баруун Цанхийн нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг ойролцоогоор 40 орчим ам.доллараар, Хилийн боомт нөхцөлөөр тонн тутмыг ойролцоогоор 65 ам.доллараар борлуулсан байдаг. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н Чалкотой хийсэн гэрээнд Зүүн Цанхийн нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг ойролцоогоор 35 орчим ам.доллараар, хилийн боомт нөхцлөөр тонн тутмыг ойролцоогоор 60 ам.доллароор борлуулахаар тусгасан байсан. Эндээс “Эрдэнэс Тавантолгой”-н Чалкотой хийсэн гэрээ ямар гэрээ болох нь харагдах биз ээ.
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан хүмүүсийг эргэн санахад илүүдэхгүй. Өрмийг нь бусдад өгчихөөд, хусмыг нь барьцаалж зээл аваад тараасныг хэн бүхэн сайн мэдэж байгаа байх. Үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр МАН-ын ямар ч гишүүнээс асуусан нээрээ нэг тийм зүйл болох нь ч болчихсон шүү гэж хариулдаг.
Эрх баригчид ч, сөрөг хүчин ч энэ хамгийн том алдаа байжээ гэдгээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Шинэчлэлийн Засгийн газар энэ ордыг бялуу шиг хуваахаас илүү, төмөр замаа тавих нь үнэ цэнэтэй гэж үзэж Чингис бондоор санхүүжүүлж ажлыг нь эхлүүлээд байна. Энэ л чухал алхам. Тавантолгойн ордын сураг ч дуулдаагүй, Оюутолгойн гэрээ зурагдаагүй байхад бид амьдраад болж л байсан.
Цаашдаа ч энэ мэт дан ганц уул уурхайн хөрөнгө оруулалтаас хамааралтай юм шиг амьдрах бус дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, томоохон төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнг үзэж, энэ завсраа уул уурхайн хөрөнгө оруулалтаа боломжтой, ард түмний эрх ашигт нийцсэн байдлаар өөрчлөөд явах нь зүйн хэрэг.
Гэрээний маргаан хөрөнгө оруулалтад саад болж байгаа нь үнэн. Одоогийн УИХ Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг баталж өгөхдөө Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгсөн. Холбогдох Засгийн газрын гишүүн нь гэрээнд өөрчлөлт оруулах саналаа хөрөнгө оруулагч талд 2012 оны аравдугаар сард тавьсан байдаг.
Гэтэл хөрөнгө оруулагчид “Гэрээгээ хар л даа, Монголын тал аль хэдийнэ өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн заалтаар хаачихсан шүү” гэж хэлээд татгалзсан байдаг. Энэ гэрээг монголчууд байтугай гадаадын судлаачид сайн гэрээ болоогүй гэж ярьдаг. Арга ч үгүй байх, Монголын тал Санхүүгийн зөвлөх үйлчилгээ авахдаа хөрөнгө оруулагчтай сонирхлын зөрчилтэй компанийг сонгон авсан байдаг.
Үүнээс гадна ашигт малтмалын эзэн орон төр, засаг авдаг роялтигаас хөрөнгө оруулагчдад төлөх менежментийн төлбөр өндөр байгааг юм мэддэг ухаантай хүмүүс хараад гайхдаг. Дээр нь, “Оюутолгой” ХХК-ийн өмнөх өндөр цалинтай ТУЗ-ийн гишүүд гэрээнд заасан хөрөнгө оруулалтын хэмжээ 40 гаруй хувиар хэтэрчихээд байсныг мэдсэн хэрнээ дуугүй суугаад байсныг юу гэж ойлгох вэ. Эндээс буруутан нь монголчууд, Монголын тал гэж харагдах нь ойлгомжтой.
Гэрээнд УИХ-ын шийдвэр, 40, 57 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн гээд заагаад гарын үсэг зурчихсан. УИХ-ын шийдвэрийг Засгийн газрын гишүүд нь дүгнэдэг тийм хууль Монголд байдаг гэж үү. Энэ Оюутолгой төсөл ер нь юу болоод байна даа. Өнөөдөр улстөрчдөөс гадна юм гадарладаг энгийн монгол хүмүүс дунд ч гэсэн нэгэнт гэрээ байгуулчихаад эргэж буцах, хэн нэгэнд буруу өгч хоорондоо толхилцох мэтээр бусдын өгөөш болмооргүй байна гэдгийг ойлгох цаг ирсэн. Нэг ёсондоо би Рио Тинто”-г өдөх бус өдөөгдөж яваад байгаад л учир байна.
Оюутолгойн ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үед гадаад, дотоодын олон аж ахуйн нэгжүүд ашиг орлоготой ажиллаж байсан нь үнэн. Гэтэл хөрөнгө оруулагч нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрсдөө зогсоочихоод Монгол Улсын Засгийн газарт бурууг нь тохоод жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ийм үетэй учирсан аж ахуйн нэгжүүдийн тэсвэр тэвчээр алдрах нь ойлгомжтой. Гэхдээ улстөрчид ард нь байдаг ААН-ийн хувьд энэ үед харин ч илүү ашиг олсон гэж ярьдаг. Хэдэн “ногоон”-оос болж энэ орны ирээдүйгээр тоглож болохгүй баймаарсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар нэмэлт санхүүжилтыг дэмжсээр ирсэн байдаг. Одоо болохоор хөрөнгө оруулагч тал нь яарах шаардлагагүй, жаахан хүлээе гэсэн байр суурьтай байдаг. Энэ нэмэлт санхүүжилтийг шийдэх эрх нь хууль болон гэрээнд зааснаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д байсаар байтал Засгийн газар руу заагаад байна.
Үүнээс болж энэ төсөлд туслан гүйцэтгэгчээр ажиллах гэсэн дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүд нь Засгийн газарт буруу өгөөд байна. Хууль, гэрээг харахаар “Оюутолгой” ХХК-ийн удирдлага 100 хувь хөрөнгө оруулагч талаас томилогдсон байдаг. Санхүүжилт босгох, бүтээн байгуулалт хийх эрх үүрэг нь хөрөнгө оруулагч талд байгаа. Үүнийг зөвөөр ойлгож асуудлыг шийдсэн нь дээр бус уу.
Өнгөрсөн хугацаанд үзэл суртал, РR аргаар Шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж ирсэн нь монголчуудад багагүй хохирол учруулсан байж магадгүй байна. Монголд, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гадаад, дотоод ялгаагүй нөөц батлуулах, нэмэлт санхүүжилт авахтай холбоотой ТЭЗҮ-ээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх нь хуулиар хүлээсэн тэдний үүрэг юм.
Гэтэл “Оюутолгой” ХХК нь нэмэлт нөөц, ТЭЗҮ-д оруулах өөрчлөлтөө өнөөг хүртэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд ирүүлээгүй гэсэн мэдээ байна. Гэсэн ч Засгийн газар нэмэлт санхүүжилтийг дэмжиж байгааг юу гэж ойлгох вэ. Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулагч, Засгийн газар маш сайн ойлголцож хамтарч ажилласнаар ил уурхай, баяжуулах үйлдвэр хэвийн ажиллаж бүтээгдэхүүнээ экспортолж байна.
Урт нэртэй хууль 2009 онд батлагдсан УИХ-ын 2012 оны сонгуулийн үед буюу 2012 оны зургадугаар сарын эхээр урт нэртэй хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлийн хил хязгаарыг тогтоож байна гээд өмнөх Засгийн газар тогтоол гаргаж нийт хүчинтэй байгаа тусгай зөвшөөрлийн 40 гаруй хувийг /1340 орчим/ эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байдаг. Үүнд нь хууль гарахаас өмнө тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд ч хамрагдсан. Шинэчлэлийн Засгийн газар энэ хуулийн үзэл баримтлалыг дэмждэг.
Гол мөрнийг юугаар ч орлуулахгүй нь ойлгомжтой. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд эрэл, хайгуул хий гэж тусгай зөвшөөрөл төрөөс өгчихөөд, газар руу мөнгөө хийснийх нь дараа тэдний саналыг сонсолгүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцлах хууль санаачлан гаргадаг нь зөв үү.
Болно гэж үү! Шударга зүйл үү? Хууль гаргалаа гэхэд нөхөн олговрын асуудлыг хууль санаачилагчид нь, баталсан УИХ нь тухайн үед нэг мөр шийдэж өгөх байсан юм биш үү.
Өмнөх УИХ 2012 онд нэг хууль баталсан. Стартегийн ач холбогдол бүхий газарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэж. Энэ хууль нь стратегийн ач холбогдол бүхий салбарыг эрдэс баялаг, банк санхүү, мэдээлэл харилцаа холбоо гээд гадаадын төр, хувийн хэвшил хөрөнгө оруулалт гэж ялгахгүйгээр баахан хүнд суртал, цензурыг бий болгосон.
Энэ үед УИХ-д аль нам олонхи байсныг монголчууд мэдэж байгаа. Харин ашгүй энэ удаагийн УИХ, АН-ын Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачлан хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортой байлгах, баталгаажуулах хууль баталлаа.
Энэ бүхнээс харахад монголчууд алдаагаа ухаарах нь мэдээж. Буруутныг олъё гэвэл олдох л байх. Олон оронд ийм байдлаас болж дотроо хагаралдан хүнд байдалд орсоор байгаа бус уу. Гэхдээ хатгалгаар уралцахаасаа илүү, өнгөрснөө ухаалгаар цэгнэн урагшлах нь дээр байна.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин