“Эрдэнэс Тавантолгой” дампуурах нь уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” дампуурах нь уу?

“Эрдэнэс-Тавантолгой” ХК БНХАУ-тай хийсэн “Чалко”-гийн гэрээний дагуу нүүрсний өрийн экспорт хийж байгаа. Нүүрсний зах зээл, бусад хүчин зүйлээс болж экспорт зогссон, эхэлсэн, бага үнээр нүүрсээ худалдаж байна гэж үргэлжид асуудал, шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэгвэл сүүлд “Эрдэнэс-Тавантолгой” /ЭТТ/ компанийнхаа ажилчдад зургаан сарын цалинг нь өгөхгүй, дотооддоо өрөнд уналаа гэсэн мэдээлэл тархаж, ажилтнууд ЭТТ-н компанийн байрны гадна суулт хийсэн юм. Гомдолтой байгаа ажилтнууд “Хишиг арвин индастриал” компанийх бөгөөд зургаан сарын турш цалин, хөлсөө аваагүй гэж байгаа юм. Энэ асуудлаар ЭТТ өчигдөр  мэдээлэл хийсэн.

“Эрдэнэс-Тавантолгой” баруун, зүүн цанхиас нүүрс олборлодог бөгөөд зүүн нь “Чалко”-гийн өрийн экспортод зориулдаг бол баруун цанхиас нүүрсний экспортын ашиг хүртэх зорилготой. Баруун цанхиас нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хишиг арвин индастриал” нь ЭТТ-н туслан гүйцэтгэгч компани бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш ЭТТ нүүрс олборлосны төлбөрийг нь өгөөгүй ажээ. Энэ төлбөр одоо 60 тэрбум төгрөгт хүрч, “Хишиг арвин индастриал” компани ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүйгээс гадна өөр харилцдаг компаниуддаа өгөх төлбөр, төлөөс хүлээгдсээр байгаа аж.
Энэ асуудлаар “Эрдэнэс-Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь байр сууриа илэрхийлэхдээ “Гадуур манай компани ажилтнуудынхаа цалинг өгөхгүй байна гэсэн ташаа мэдээлэл гарсан. Тийм зүйл байхгүй. Манай компанийн ажиллагаа хэвийн. Харин манайд нүүрс олборлож өгдөг, туслан гүйцэтгэгч “Хишиг арвин индастриал” компанид төлөх 50-60 тэрбум төгрөгийн өрийн асуудал яригдаж байна. Нүүрсний зах зээл муудаж, эрэлт буурсан тул бид тус компанид удаа дараа олборлолтоо зогсоох хүсэлт явуулж байсан. Ингээд одоогийн байдлаар “Хишиг арвин индастриал” компанийн олборлосон нэг сая тонн нүүрс овоолго дээр байна. Үүнтэй тэнцэх 50-60 тэрбум төгрөгийн өрийг бид “Хишиг арвин индастриал” компанид одоо овоолгоостой байгаа нүүрсээ зарж сар бүр төлөх болно” гэсэн юм.

Ийнхүү нүүрс худалдан авах эрэлт бага байгаагаас “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс олборлож өгдөг, туслан гүйцэтгэгч компанидаа 60 орчим тэрбум төгрөгийн өртэй болжээ. Өрийн төлбөрийг шаардаж, цалингаа авахыг хүссэн  “Хишиг арвин индастриал” компанийн ажилтнууд ЭТТ компанийн үүдэнд өчигдөр жагссан. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” компани өрийг хуваан бүрэн барагдуулахаа ийнхүү амласан юм.

“Чалко”-гийн өр 130 сая ам.доллар

ЭТТ анх 2011 онд нүүрс нийлүүлэх гэрээг Хятадын “Чалко” компанитай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан юм. Энэ хөрөнгийг тухайн үеийн халамжийн бодлогоор үрэн таран хийсэн гэх байдаг бөгөөд одоо болтол өрийг тэглээгүй байгаа. Одоогийн байдлаар 350 сая ам.долларын өрөөс  130 сая ам.доллар үлджээ. Өрийн үлдэгдлийг энэ зундаа буюу 5-6 зургадугаар сард дуусгах төлөвлөгөөтэй талаар албаныхан мэдээлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” он гарсаар 853 мянган тонн нүүрс олборлон экспортолсоны талаас илүүг нь “Чалко”-гийн өрөнд өгсөн байна. Ийнхүү төлөвлөсөн ёсоор сүүлийн хугацаа зургадугаар сард Хятадад төлөх өрийг барагдуулвал нүүрсний цэвэр ашгийг ярьж эхлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, энэ жилийн хоёрдугаар хагасаас нүүрсний салбараас орж ирэх ашиг нэмэгдэх ёстой гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлээд байгаа.

Нүүрсний зардлыг хэмнэх боломж

Монгол Улс энэ жил 31 гаруй сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Тээвэрлэлтийн зардлыг хэмнэхгүй бол дэлхийн зах зээлд нүүрсний үнэ, эрэлт муудсан байгаа энэ үед 31 сая тонн нүүрс нийлүүлэх нь мөрөөдөл хэвээрээ байх нь. Тэгвэл өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр манайх Хятадтай 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлох гэрээг үзэглэсэн. Гэрээ ёсоор Хятадтай хамтрах ажлуудаа амжилттай хийж чадвал энэ жилээс нүүрсний зардлыг тонн тутамд таван ам.доллараар хэмнэх боломж бүрдэх ажээ. Энэ талаар Эрдэнэс-Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Манай компани  Энержи ресурс ХХК хамтран Хятадын “Шинхуа Энержи” компанитай ойрын хугацаанд гурвалсан гэрээ байгуулна. Гурвалсан гэрээгээр нүүрс угаах бөгөөд төмөр замаар тээвэрлэх асуудлыг Шинхуа Энержи компани хариуцаж, Хятадын зүүн хэсэгт борлуулснаар ашигтай ажиллаж чадна” гэж хэлсэн юм.

 Хятадын зүүн хэсэгт Австрали  улс нүүрсээ борлуулдаг бөгөөд энэ хэсэгт гурвалсан гэрээний угаасан нүүрсээ борлуулж, өрсөлдөх чадвараа сорих ажээ. Хятадын боомт хүртэл тээвэрлэх төмөр замын хувьд онцлогтой. Хятадын “Шинхуа Энержи” компани Ганц модны боомтод төмөр замаа тавьсан бөгөөд гурвалсан гэрээг хэрэгжүүлэхээр энэ жил Хятад, Монгол хоёрын хилийг холбох төмөр зам сунган барьж дуусгах амлалт өгчээ. “Шинхуа Энержи” компанид “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК сар бүр 500 мянган тонн нүүрс худалдан нийлүүлж байхаар төлөвлөсөн байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж