Эвслийн завсарлага ба бодох хугацаа

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Эвслийн завсарлага ба бодох хугацаа

    МАН-ЫН БАРЬЦ

“Давхар дээл” буюу Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнээр хавсран ажиллаж болохгүй байх тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл нь УИХ-ын босго давж, намуудын дунд оронгуут өнгө нь өөрчлөгдөж одоо буй Засгийн газрыг огцруулах боломж болон хувирлаа. Ерөнхийлөгчийн институцийн зүгээс “Засгийн газрыг огцруулах гэж ийм хууль санаачлаагүй, хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр тодорхой заачихсан байгаа” гэж тайлбар хийсэн ч засгийг анаж суугаа МАН-ынханд энэ хуулийн төслийг нь “боломжийн лавхан барьц” болон харагдсан тул шуудхан зууралдаж авсан юм. МАН-ынхан барьцаа авсны дараа ямар мэхээр унагах вэ гэдгээ бодно. Тэр нь мөн л өрсөлдөгчдийнх нь өөрсдийнх нь хүмүүсийг хаяж байсан “Сонирхлын зөрчлийн хууль”. Хэдэн сарын өмнө дээд боловсролын асуудлыг хэлэлцээд санал хураах үед намынх нь хувьдаа сургуультай Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарыг сонирхлын зөрчилтэй хэмээн гаргаж байсан хууль. Ингээд л МАН-ынхан энэ хуулийг нь бариад “Биднийг хөөж байсан шигээ Засгийн газрын давхар дээлтэй сайд нарыг санал хураалтад оруулахгүй хөөх хэрэгтэй” гэх ойлголтыг төрүүлэх кампанит ажил өрнүүлсэн юм. Сүүлийн үед тус намаас ийм амжилттайгаар нийгмийн сэтгэхүйд нөлөөлсөн ажиллагаа болоогүй бөгөөд үнэхээр зорилгодоо хүрч, олон нийт “давхар дээлтнүүд өөрсдийнхөө төлөө санал хураалтанд оролцох ёсгүй” гэх бат итгэлтэй болцгоов. Нээрээ л сайдууд санал хураалтад оролцох нь шударга бус мэт. 

Уг нь хуулийг нь задалж, ойлгож уншвал 2016 оноос хэрэгжиж эхлэхээр заасан хуулийн төслийг дэмжих эсэх нь тэр үед сайд биш болчихсон хэний ч хувьд сонирхлын зөрчил үүсэхгүй нь мэдээж.  Нөгөөтэйгүүр сайдын үүрэгт алба гэдэг бол нийтийн эрх ашигт хамаарах болохоос биш хувийн сургуультай хувийн эрх ашиг нь хөндөгдөөд байгаа зүйлгүй байтал харьцуулж, адилтгасаар. Ядахад сонирхлын зөрчлийн хуулиа нэг мөр ойлгоогүй хүмүүс Ардчилсан намынхны өөрсдийнх нь дотор ч байгаа нь сөрөг хүчнийх нь тоглолт амжилттай болохын шалтгаан байв. Ингээд л юу ч үгүй байсан МАН барьцтай, дээрээс нь мэхтэй болов. 

    ЭВСЛИЙН ТОХИРОЛЦОО

Дотор асуудлыг нь хэлэлцэж байхад гадаа нь сүрт жагсаал болж байна гэх МАН-ын төлөвлөгөөг МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийнхэн тасалдуулав. Шударга ёс эвслийнхний хувьд “Бид гэж хүмүүс бас байдаг юм шүү, нөхөд өө” гэдгийг сануулж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээс завсарлага авав. МАН-ынхны хувьд үүнийг тооцоолоогүй тул “Ичих булчирхайгүй юмнууд АН-тайгаа тохиролцоо хийх нь” хэмээн бухимдацгаав. Үнэхээр үүний цаана тохиролцоо л хийгдэж таарна. Мэдээж “Шударга ёс” эвслийнхэн 65 хоногийн хугацаа байсаар атал ганц хоёр хуудас төслийг судалж амжаагүй байна гэж юу ч байх билээ.

Гэрээ хийхэд өөрт байгаа боломжуудаа санал болгож, хариуд нь ямар ашиг надад ирэх вэ гэдгийг хамгийн түрүүнд тохиролцдог. Энэ ёсоор “Шударга ёс” эвслийн 11 гишүүний  санал нь одоо байгаа дэд сайдуудын тоогоо ахиулах, эсвэл чанаржуулж сайдын тоогоо нэмэхийг л зорьж буй  нь мэдээж. Энэхүү тооцооллоос нь МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэхэд бэлэн болж, МҮАН-ын дарга М.Энхсайхан ч улс төрийн гадна биш халуун тогоон дотор нь орох бодолтой байгаа гэдэг ор ч тодров. Ордон дотор “М.Энхсайханд Сангийн сайд гэсэн”  гэх үг ч нисч эхлэв.   

Гэвч нөгөөтэйгүүр эвслийн хувьд засгийн хувь заяагаар наймаалцах гэж байгаад эрх баригчдын хамтрагч байхаа больчихвол юун гурван сайд, дэд сайдуудгүй болчих эрсдэл байгаагаа ч мэдэж байгаа. Эвсэл АН-ын нэгдсэн шийдлийг нь дэмжихгүй бол МАН-тай хамтраад засаг барих хувилбар ч гарч ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл АН дотроо нэгдсэн шийдэлд хүрч байж эвсэлтэй тохиролцоно гэсэн үг.

Мөн засагт эвслийн гурван сайд, давхар дээлтэй гэвэл хоёр сайд сууж байгааг нь мартаж болохгүй. Тэр сайдууд нь санал хураалтад оролцохоо илэрхийлэн “УИХ-аар Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд гишүүд бүгд саналаа өгөх үүрэгтэй, эрх ашиг нуугдаж байгаа юу гэвэл нуугдаж байгаа, дахиад дараагийн сонгуультай холбоотой асуудал гарна. Тэгэхээр Сонгуулийн хуульд саналаа өгөхгүй гээд УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ танхимаас гарах уу” хэмээн байр суурин дээрээ баттай байгаагаа ч хэлж байгаа.  Өөрөөр хэлбэл засгаар оролдохыг зөвшөөрөхгүй талдаа зогсоно гэсэн үг.

    АН-ЫН ДАЖИН

Өнгөрөгч чуулганы сүүлийн өдрүүдэд “Давхар дээлийг тайлах” тухай хуулин дээр Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат тун ууртайгаар завсарлага авч буйгаа мэдэгдэж байв. “Намын бүлгийн маань нэгдсэн байр суурь бол давхар дээлний хуулийг Ерөнхийлөгчийн өргөн барьснаар нь буюу 2016 оноос хэрэгжих эхлэхийг дэмжинэ” гэсээр байтал Д.Ганбат, М.Батчимэг нарын гишүүд нь “ер нь одооноос хэрэгжиж эхлэх нь зүйтэй” гэх зүйл ярьж, эсрэг намынханы хүсч байсан зүйлс өөрийнх нь намынхнаас өрнөж танхимын уур амьсгал эвгүйдэж эхэлсэн тул завсарлага авч орхисон. Ингээд завсарлагын тав хоног нь улирлын чуулганы завсарлааны үетэй давхардаж 65 хоног болсон юм. Энэ хугацаа нь Ардчилсан намынханы хувьд дотроо ойлголцох хангалттай хугацаа байв. Гэвч энэ хугацаанд ойлголцож чадаагүй нь уржигдрын АН-ын бүлгийн хурал дээр харагдсан юм. Д.Эрдэнэбат бүлгийнхээ нэгдсэн байр суурийг сануулж, гишүүдээс ч эсрэг санал нэлээд гарч. Гол зөрөлдөөн нь МоАХ болон Алтангадасынх гэж байгаа. Олон хүүхэдтэй айлд хоолны хэрүүл гардагтай адил зовлон олон эрх ашгийн нэгдэл болсон Ардчилсан намд байхгүй гэвэл мөн л хэн ч итгэхгүй. Одоо бол яахын аргагүй засагт Алтангадас давамгайлж байгаа. Гэвч засгийн газар руугаа, тодруулбал засгийнхаа нэр хүндийг чирж яваа Х.Тэмүүжин рүүгээ МоАХ-ны зүгээс сум нисгэсэн гэдэг нь олон нийтийн дунд “энд юу болоод байна аа” хэмээх эргэлзээнд хүргэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Сумаа харвачихаад, нумаа нуудаг хүмүүс ч… Сум нь ч яахав Баасанхүүд байна. Нум нь харин хэнд байгаа л их сонин байна” гэх жиргээг Х.Баттулга руу яагаад явуулсан талаар хэн хэн нь тайлбар хийсэнгүй.

Бүлгийн хурал дээр ямартаа ч нэг талд засгийн ажлаа хийгээд үргэлжлүүлье гэсэн 12 сайд, бүлгийн удирдлагын талд буй Алтангадасынхан, нөгөө талд МоАХ-ны Х.Баттулга нар, ард нь дэмжих Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, дээрээс нь саналаа өгөхгүй хэмээн тодроод буй МҮДН-ийн Ц.Баярсайхан нарын хооронд дайн биш юм аа гэхэд дажин өрнөөд өнгөрч. 

Өнгөрөв гэхийн учир нь тэдний маргаан нь олонхиор шийдэх зарчим дээрээ тулж цөөнх болсон нь олонхийнхоо саналыг зөвшөөрнө гэж тохирчээ. Бүлэг ямартаа ч энэ удаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг засгийг унагах боломж гэж ашиглахгүй байхаар болсон аж.

Ийнхүү “Шударга ёс” эвслийн авсан завсарлага, улс төрийн хүчнүүдийн аль алинд нь дараагийнхаа тактикийн бодох хугацаа өглөө. Цаг өчигдрөөс явж эхэлсэн, одоо дөрөв хоног л үлдсэн.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж