Д.Мөнхбазар: “Жоншны экспорт 4-5 дахин нэмэгдэх боломжтой”

Хуучирсан мэдээ: 2014.04.11-нд нийтлэгдсэн

Д.Мөнхбазар: “Жоншны экспорт 4-5 дахин нэмэгдэх боломжтой”

-Нэмүү өртөг шингэсэн гүн боловсруулах үйлдвэр байгуулбал экспортын орлого хэд дахин нэмэгдэнэ-


Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд энэ хүрээнд ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих салбарласан дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсон юм. Тухайлбал, “Монгол алт”, “Монгол нүүрс”, “Монгол зэс” “Монгол жонш” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон ч одоогоор “хөрсөнд бууж”, бодит ажил хэргийн шатанд хүрсэн нь үгүй. Жоншны хувьд металлург болон химийн салбарт өргөнөөр хэрэглэдэг ихээхэн ач холбогдолтой эрдэс бүтээгдэхүүн юм. Энэ салбарын үйлдвэрлэлийн талаар Монголын жоншны холбооны гүйцэтгэх захирал Д.Мөнхбазартай ярилцлаа.

-Эрдэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгайлан дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр “Монгол жонш” хөтөлбөрийн явц ямархуу байна вэ?

-Манай улсын эдийн засгийн гол тулгуур салбар уул уурхай саяхныг хүртэл төрөөс нэгдсэн бодлогогүй явж ирсэн нь харамсалтай хэрэг. Олон парламент дамжиж яригдсан  бодлого энэ парламентийн үед шийдэгдэж, оны эхэнд Монгол улс Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлогын баримт бичгээ баталлаа.

“Монгол жонш” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоод гээд тал бүрийн төлөөлөл оролцож, саналаа нэгтгэн боловсруулна. Хөтөлбөрийн ажлын хэсгийг 2013 оны есдүгээр сард байгуулаад үндсэндээ судалгаа, шинжилгээний ажлаа хийж байна. Өнөөдөр Уул уурхайн яам, Ашигт малталын газар, Жоншны холбоо, салбарын эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжийн төлөөлөл уулзаж ажлын хэсгийн хийсэн зарим суурь материалтай танилцаж, цаашид жоншны салбарын тулгамдсан асуудлаас гарах гарц, цаашид хөгжүүлэх дунд урт хугацааны хөтөлбөрөө боловсруулах талаар санал хуваалцаж хэлэлцүүлэг хийлээ. Үндсэндээ хөтөлбөрийг цаг алдалгүй боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Хөтөлбөрт салбарын хэмжээнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх ажлуудаас гадна үлдэгдэл нөөцөө баялгаа баталгаажуулах, хэрхэн үр дүнтэй ашиглах, хайгуулын ажлыг ямар байдлаар бүсчилж хийх, олборлолтхувьд ашиглах технологийн шинэчлэл, өртгөө багасгах хэрхэн багасгах, дараа дараагийн шатны гүн боловсруулах үйлдвэр, хууль эрхзүй татварын орчин тэр дундаа нөөцийн төлбөр, жишиг үнэ, хүний нөөц, судалгаа шинжилгээний ажил,байгаль орчны нөхөн сэргээлт гэсэн чиглэлүүдээр боловсруулна.

-Хамгийн гол нь хууль, журам, хөтөлбөр гаргадаг. Тэр нь үйлчлээд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болчихдог шүү дээ. “Монгол жонш” хөтөлбөрийн хувьд хэдий хугацаанд мөрдөх бол?

-Дэд хөтөлбөрийг наад тал нь 15 жил, түүнээс цаадхийг харж төлөвлөн хийх ёстой. Хөтөлбөр боловсруулаад батлах нэг хэрэг, цаашид хэрэгжүүлээд ажил болгох нэг хэрэг. Ерөнхийлөгч маань “Том төрөөс Ухаалаг төр рүү” гэсэн уриа дэвшүүлсэн энэ үед төрийн байгууллагуудын хэрэгжилт хангалтгүй, тодорхой үр дүнд хүрдэггүй, хяналтгүй зарим чиг үүргийг төрийн бус байгууллагууд, тэр дундаа мэргэжлийн холбоодод өгөх шаардлагатай гэж би боддог, тэгж байж илүү үр дүнтэй хэрэгжих болов уу. Энэ нь зөвхөн жонш гэлтгүй бүх салбарт энэ хамаатай.

-Өнөөдөр энэ салбарт хэдэн компани, үйлдвэр ажиллаж байна. Өнгөрсөн жил хэдий хэмжээний жонш экспортолсон бэ?

-Бодитоор идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 орчим аж ахуйн нэгж байдаг хэдий ч өнгөрсөн 2013 он гэхэд гарын 10 хуруунд багтах үйлдвэр уурхайнууд ажиллалаа. Манай улс 2012 онд 428 мянган тонн экспортолсон бол өнгөрсөн  2013 онд 331 мянган тонн буюу экспорт 30 хувиар буурсан. 2014 он гараад нөхцөл байдал тааруу хэвээр, дорвитой экспорт хийгээгүй, дарин дээр давс гэгчээр шүлхий гээд хөл хорьсон учир жоншны компанууд хэцүү байдалд байна.

-Жоншны салбар одоо ямар байдалтай байна вэ?

-90 гаруй жилийн түүхтэй Монголын уул уурхайн салбарт хайлуур жоншны салбар томоохон орон зай эзэлдэг, үйлдвэрийн суурь бааз, хүний нөөц, боловсон хүчин сайтай, цаашид эрчимтэй хөгжих боломжтой салбар. Дэлхийд нөөц, экспортын хэмжээгээр эхний тавд багтдаг, Өмнөд Африк, Мексик, БНХАУ-ын дараа ордог.  Монголын хайлуур жоншны салбар олборлолтын эрчимтэй үедээ улсын төсвийн орлогийн тодорхой хувийг бүрдүүлээд зогсохгүй, улсын их өрийг төлөхөд багагүй хувь нэмрээ оруулж байсан түүхэн ач холбогдолтой салбар юм. Урьд нь Өргөний үйлдвэр, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр, Өргөн, Айрагийн уурхай зэрэг тоотой хэдэн уурхай үйл ажиллагаа явуулж байсан бол 2000 он гараадтус салбарт олборлолт, баяжуулах төвшинд хувийн хэвшлийнхэн илүү түлхүү орж ирсэн. Манай улс хайлуур жоншны бүтээгдэхүүнийг флотацын баяжмал, бүхэллэг жонш буюу металлургын баяжмал гэсэн хоёр төрлөөр экспортолдог. Жилдээ дунджаар 400 гаруй мянган тонныг экспортолдогоос 150 орчим мянган тонн флотацийн баяжмал, 260 аад мянган тонн металллургийн жонш юм.

-Энэ салбарт тулгарч буй ямар асуудал байна вэ?

-2012 оны хоёрдугаар хагас эхлэн жилээс олон улсад хайлуур жоншны эрэлт багасч, үнэ буурч байгаа бөгөөд энэ байдал өнөөдрийг хүртэл сайжраагүй хэвээр байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд экспортод гаргаж байсан үнэ 30 гаруй хувиар унаад байгаа юм. Манай жоншны гол импортлогчид нь манай хоёр хөрш БНХАУ, ОХУ болон Украин, бусад гуравдагч орнууд. ОХУ-ын хувьд металлургийн томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааны хэвийн биш байдал, мөн урд хөршийн ган, төмөрлөгийн үйлдвэрлэл багассан, худалдан авагчид нэмүү өртөг шингэсэн фторт нэгдэл авах сонирхол ихэссэн зэргээс экспортын хэмжээ, орлого буурсан, нөөцийн төлбөрийг хэт өндөр жишиг үнээр тооцож байгаа байдал зэрэг нь үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж яг үндсэндээ энэ салбар элгээрээ хэвтээд байна.

-Жишиг үнээс болж нөөцийн төлбөрийн өр хуримтлагдсан гэж байна.  Өр хуримтлагдаад хэдий хэмжээнийх болсон бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88, 2010 оны 39, 2011 оны №131 дүгээр  тогтоолд тус тус заасны дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах жишиг үнийг тогтоодог. Энэ нь Хятадын Тяньжин боомт дахь FOB үнийг жишиг болгоод авчихдаг. Бид судалж үзэхэд 2013 онд Металлургын 92 хувийн агуулгатай жоншыг компануудын гэрээний үнэ дунджаар 220-240 ам.доллар байхад, жишиг үнэ  2013 оны зургадугаар сард 342,3 ам.доллар,  2013 оны долдугаар сард 324,7 ам.доллар, буюу даруй 100 ам.долларын илүү үнээр нөөцийн төлбөр ногдуулж байна. Өрийн хувьд манай холбооны гишүүнзарим (арваад) компаниудын мэдээллээс харахад жишиг үнээр тооцсон, ашигт малтмалын нөөцийн төлбөрийн өр, алданги, торгууль нийлээддөрөв орчим тэрбум төгрөг болсон. Гэхдээ энэ бол 100 хувь бүгд гэж ойлгож болохгүй зарим компануудын мэдээлэл байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Компаниудын өр, санхүүгийн тайлан нь тухайн компанийн хувийн мэдээлэл, нууц байх гэдэг чиг үүрэг Татварын ерөнхий газарт байдаг юм билээ. Тиймээс одоогийн мөрдөж байгаа жишиг үнэ зах зээлийн үндэслэл муутай учраас гэрээний үнээр зохицуулах шаардлагатай байна.

-Жишиг үнийн асуудлыг бодлого боловсруулагчдад хандан тавьсан уу. Ямар гарц шийдэл байна?

-Бид нөөцийн төлбөр жишиг үнэтэй холбоотой асуудлаар холбогдох яам, газруудтай уулзаж асуудлаа тавьсаар ирсэн. Жишиг үнэ гэрээний үнийн харьцуулсан судалгаа, тооцоо саналааУул уурхайн яам, Сангийн яаманд оны эхэнд хүргүүлсэн байгаа. Шийдвэр гаргах түвшний хүмүүс асуудлыг ойлгож, илүү бодитой хардаг болсон.Удахгүй энэ асуудал шийдэгдэх болов уу гэж хүлээж байна. Нүүрсний жишиг үнийг сая гуравдугаар сард гэрээний үнээр тооцдог болсон шиг жоншны нөөцийн төлбөрийг гэрээний үнээр шийдэх нь илүү бодит юм.

-Одоо төр засаг хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх том зорилт тавьсан. Энэ хүрээнд том цогцолбор, үйлдвэрүүдийг байгуулна гэж байгаа. Үүнд жоншны салбарыг хэрхэн уялдуулах боломжтой бол?

-Манай орон шиг жоншны нөөц, экспортоороо дэлхийд дээгүүрт явдаг улсад гүн боловсруулах үйлдвэр маш чухал ач холбогдолтой юм. Хайлуур жонш нь химиийн болон металлургын үйлдвэрийн чухал түүхий эд болдог. Жонш гүн боловсруулах үйлдвэрт хүхрийн хүчлийг ихээхэн хэрэглэдэг. Тэгвэл олон  жил яриад хэрэгжүүлж чадахгүй байгаа зэс хайлуулах үйлдвэр түүний хамгийн гол толгойны өвчин хүхрийн хүчил асуудал байдаг. Тэр толгойны өвчин хүхрийн хүчлийг жонш гүн боловсруулах үйлдвэрт түүхий эдээр ашиглаж  цогцоор нь хамт шийдээд явах бүрэн боломжтой. Мөн Хайлуур жонш бол ган төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эд болдог. Монгол улс маань ихэнхдээ төмрийг хагас баяжуулан түүхийгээр нь экспортолдог, харин дотооддоо гүн боловсруулснаар арматур гаргаж, төмөр хийц экспортын бүтээгдэхүүний төрлийг нэмэх зэргээр цогцоор шийдэх боломжтой.

-Цаашид жоншны салбарыг хэрхэн харж байна, юу хийх ёстой гэж бодож, төлөвлөж байна?

-Гадаад зах зээл эрэлт,  үнэд бид шууд  нөлөөлж чадахгүй ч гэсэн өөрсдөө шийдэж чадах, шийдэх боломжтой  жишиг үнийн асуудал, мөн экспортонд гарч байгаа бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох асуудал, усны хэт өндөр төлбөр, бусад асуудлыг бид ойрын үед шийдэх шаардлагатай байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл жоншны салбар үнэхээр улам доройтно. Улмаар хайлуур жоншны нэгдсэн цогц бодлоготой болж Монгол хайлуур жонш хөтөлбөрөө боловсруулж батлуулъя.Цаашид бид  уул уурхайн салбарыг нэгдсэн нэг цогц бодлогоор хөгжүүлэх, аль нэг дэд салбар алт, нүүрсээр нь сугалж аван түр зуурын гал унтраах хэлбэрээр асуудлыг шийддэгээ болих  хэрэгтэй. юуны тулд бид төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ баталсан баталсан билээ дээ. Цаашидаа уул уурхайн салбартаа боловсруулах, дараагийн шат шатны гүн боловсруулах үйлдвэржилтийг дэмжсэнээр монгол улсын уул уурхайн салбарын экспортын орлого нэмэгдэх бөгөөд зөвхөн жоншны гүн боловсруулах үйлдвэр фторт нэгдлийг үйлдвэрлэснээр жоншны салбараас орох экспортын орлого  4-5 дахин нэмэгдэх боломжтой.

-Монголын жоншны холбоо хэзээ байгуулагдсан бэ. Жоншны салбарынхныг бүрэн хамруулж чаддаг уу?

-Уул уурхай эрдэс баялгийн салбарт компаниуд нэгдээд Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Төмрийн холбоо, Нүүрс ассоциаци гээд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо байдаг. Харин жоншны салбарынхан төдийлөн нэгдээгүй байсан,  Урьд жилүүдэд холбоо гэсэн бэлгэдэлтэй нэр байсаар ирсэн ч үйл ажиллагаа нь тамга, тэмдэгнээс хэтрээгүй гэх үү дээ. Манай холбоо өнгөрсөн оны 9 сард байгуулагдсан хэдий чэнэ хугацаандбид багагүй ажлуудыг эхлүүлээд тодорхой эерэг үр дүнд хүрч, илүү салбараа өөдрөгөөр төсөөлөн ажиллаж байна.Одоо манай холбоонд жоншны салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа компануудын олонхи нь маш идэвхитэй хамтран ажиллаж байна. Илүү үр дүнд хүрнэ, салбарын гадаад нөхцөл сэргэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй бид ажиллана даа.

У.БОЛОР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж