Шинэ сортын буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангана

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Шинэ сортын буудайгаар дотоодын хэрэгцээгээ хангана

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллийг гаргажээ. Энэ онд нийтдээ 373.5 мянган га талбайд тариалалт хийх юм байна. Үүнд, 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах аж.

Тэгвэл 2014 онд 426.4 мянган тонн үр тариа, 198.1 мянган тонн төмс, 106.8 мянган тонн хүнсний ногоо, 25.9 мянган тонн малын тэжээл, 19.2 мянган тонн тосны ургамал хураан авч, 329.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавьжээ.

20 мянган тонн үр импортоор авна

Энэ хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ТЭДС/ 1.2 мянган тонн үрийг нөөцөлсөн байгаа аж. Гэсэн хэдий ч 20 орчим мянган тонн үр дутах тооцоо гарсан тул үүнийг импортоор авахаар УИХ-ын шийдвэр гаргуулж, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлсэн байна. Энэ дагуу ТЭДС-нд 6.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 13.2 мянган тонн буудайн үр нийлүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар Алтайн хязгаар, Буриадаас нийт 6800 тонн үр импортлох гэрээ байгуулан, эхний 8 галт тэргээр үрийн буудай “Хөтөл” талбарт буусан байна.

Түүнчлэн ТЭДС-ийн удирдах зөвлөлийн хурлаар импортын 1 тонн элит үрийн үнийг 880 мянган төгрөг, 1 дүгээр репродукцын үрийн үнийг 830 мянган төгрөг, дотоодын үрийн үнийг 680 мянган төгрөг байхаар тооцож, 20 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлэжээ.

Харин хүнсний ногооны үрийн чанар, хангамжийн тухайд 120 сая төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн үр, төл сонгины булцууг нийлүүлэхээр тендер зарлан үнэлгээ хийлгэж буй аж. Мөн “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд 125 мянган ширхэг вирусгүй бичил булцуу үйлдвэрлэж хаврын тариалалтад гаргахаар бэлтгэж байгааг салбарын яамнаас мэдээлж байв.

Шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор төлөвлөжээ

Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн дизел түлш шаардлагатай байгаа аж. Тиймээс нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж буй аж.

Түүнчлэн удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар санал хүргүүлжээ. Ерөнхийдөө шатахууныг тариалан бүхий аж ахуйн нэгж иргэдэд 50-аас дээшгүй хувийн урьдчилгаатай зээлээр олгох чиглэл баримтлаж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа аж.

Хөнгөлөлттэй зээлээр трактор, үр тарианы комбайн худалдан авах гэрээ байгуулав

Энэ жилийн хаврын тариалалтад 2100 трактор, 1700 үрлүүр, 3200 хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин ажиллах юм байна. Техникийн бэлэн байдлын тухайд 70 гаруй хувьтай байгаа аж. Эдгээр техникийн хангамж нь тариалалтын ажлыг 21 хоногт багтаан дуусгах боломжтойг салбарын мэргэжилтнүүд нь мэдэгдэж байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125-165 морины хүчтэй трактор, үр тарианы комбайн худалдан авах гэрээ байгуулан, эдгээр техник тоног төхөөрөмжүүдийг уринш боловсруулалт, ургац хураалтын ажлаас өмнө нийлүүлэхээр ажиллаж буй юм байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах зорилгоор бага оврын трактор, түүнд нийцсэн төмсний үрлүүр, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, сийрүүлүүр, хураагчийг 20 хувийн урьдчилгаатай 4 жилийн хугацаатай зээлээр, мөн өрхийн болон хүлэмжийн аж ахуйн зориулалттай иж бүрдэл техникийг хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг хэрэгжүүлж буй аж. Үүнээс гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд байгальд ээлтэй техник, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх зорилгоор “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төсөл боловсруулан, бага хүүтэй, урт хугацаатай лизингээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг тогтоох саналыг баталгаажуулжээ

2014 онд хөдөө аж ахуйн салбарт ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, хэрэглэх хэмжээг тогтоох тухай Үйлдвэр, хөдөө аж ахуй, Байгаль орчин, ногоон хөгжил, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалд холбогдох байгууллагуудаас санал авчээ. Ингээд уг саналыг нэгтгэн боловсруулж баталгаажуулаад байгаа аж.

Хаврын тариалалтад зориулан ТЭДС-аас раундап гербицид 300 тонн, фенизан 5 тонн, фумасупер 15 тонн, нийтдээ 320 тонн ургамал хамгааллын бодисыг импортлогч аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авч, 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгох ажлыг хэрэгжүүлж буй юм байна. Мөн баруун болон зүүн бүсийн тариалан бүхий аж ахуйн нэгжүүдийн тариалангийн талбайд хөнөөлт организмын тархалт болон хөнөөлийн судалгааг хийж, тэмцэх арга хэмжээний заавар зөвлөмж боловсруулах Зөвлөх үйлчилгээний тендерийг зарласан байна.

Мөн энэ онд ургамал хамгааллын бодис импортлох, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр 2 аж ахуйн нэгжид олгож, 3 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухайгаа салбарын яамнаас мэдээлэв.

Алслагдсан бүсүүдэд элеватор барина

Үр тарианы агуулах, зоорийн үйл ажиллагааны тухайд Дархан-Уул аймагт үр тариа хадгалах зориулалттай 36 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.

Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тариалангийн алслагдсан бүс нутгууд болох Дорнод аймгийн Халхгол сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгон, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Увс аймгийн Баруунтуруун сумд нийт 91 мянган тн багтаамжтай элеватор барихаар болсон байна. Уг ажлын хүрээнд БНХАУ-ын “Синоконст” ХХК-тай байгуулсан гэрээнд зарим нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж байгаа аж.

ҮХААЯ, Монголбанктай “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот орчимд төмс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулахаар болсон. Дээрх төсөлд шалгарч бодлогын гэрээ байгуулсан 33 аж ахуйн нэгжээс 16 аж ахуй нь арилжааны зээлээ авч ажлаа эхлүүлжээ. Төсөл 2013-2016 хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжиж, нийт 60 мянга гаруй тоннын багтаамжтай зоорь, худалдааны төвүүд ашиглалтад оруулах аж.

Эх сурвалж: http://www.mofa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж