Төсвийн зардлаа хянахыг анхааруулав | News.MN

Төсвийн зардлаа хянахыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Төсвийн зардлаа хянахыг анхааруулав

Дэлхийн банк Монгол Ул­сын өнгөрсөн сарын эдийн зас­гийн тойм судалгааг гаргажээ. Мон­го­­лын өнөөгийн эдийн засгийн үзүү­лэл­түүдэд хямралын өмнөх үе буюу 2008 онд зонхилж байсан хандлагуудтай төстэй шинж тэмдгүүд илэрснийг судалгаа харуулсан байна. Төсвийн төлөвлөгөөнд их хэмжээний бэлэн мөн­гө тараах тухай тусгасан, мөн инф­­ляци хямралын өмнөх үеийн сөрөг хэмжээнд эргэн орж болзош­гүй байгаа гэнэ. Иймд Дэлхийн банк “Инфляци өндөр байх нь бодит ханшийг өсгөж экспортын салбарт сөрөг нөлөө үзүүлж, Голланд өвчний жишээг бий болгож болзошгүй” хэ­мээн санууллаа.

Голланд өвчнөөс зайлсхийх арга заав
Дэлхийн  банк энэ удаагийн су­­дал­­­­гаагаар хэд хэдэн авууштай зөвлөмж, сануулгыг гаргасны нэг нь хууль тог­тоогчдод зориулан “Гол­ланд өвчин”өөс зайлсхийх аргыг зааж өгсөн юм.

Судалгаагаар төсвийн удирд­лагын зүгээс Монгол Улсын дунд хугацааны хэтийн төлөв сайн байх шинжтэй. Гэхдээ уул уурхайгаас хэт хараат байгаа төсвөө аврахын тулд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлж, энэхүү хуулийн хэрэгжилтийг дэмжсэн Нэгдсэн төсвийн тухай шинэ хуу­лийг батлах зөвлөмжийг өгч байна. Ингэснээр “Төсөв эдийн засгийн мөчлөгөөс хамааралгүй болж, ашигт малт­малын баялаг ихтэй улс орнуудад ихэнхдээ тохиолддог макро эдийн засгийн Голланд өвч­нөөс зайлсхийж болно” гэв.

Монгол Улсын гадаад худал­дааны алдагдал нэмэгдсээр 646 сая ам.долларт хүрсэн нь импорт өмнөх оны мөн үеэс 86 хувиар өссөнтэй холбоотой байна. Цаашид ч худалдааны алдагдал өсч, урсгал дансны алдагдал үргэлжлэн тэлэхээр байгаа аж. Төв банкны валютын нөөц сайжирч ам.доллартай харьцах дөрөвдүгээр сарын дундаж ханш өм­нөх сартай харьцуулахад нэг хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувь чангарч, харин энэ сарын эхэнд зургаан хувь суларсан байна.

Засгийн бодлого үр дүнгээ өгсөн гэв

Хаврын “хавсарга” мах болон зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг ташуурдаж, эдийн засагч, эрх баригчдын толгойны өвчин болох нь бий. Гэхдээ энэ удаа байдал арай өөр байлаа, хотын захиргаа нөөцийн мах бэлтгэсэн нь махны үнийн өсөлтийг дажгүй сайн барьж чадсан. Үүнийг ч Дэлхийн банкнаас хийсэн судалгаа баталж, “Засгийн газраас санхүүжүүлж бүрдүүлсэн нөөцийн махыг худалдаанд гаргаснаар мах­ны үнэ буурсан нь хэрэглээний үнийн өсөх хандлагыг зогсоосон” гэж дүгнэжээ. Гуравдугаар сарын мэдээ­гээр Улаанбаатар хотын инф­ляци 7,4 хувьд хүрч өм­нөх сараас 11 хувь, өмнөх оны мөн үеэс буурсан дүнтэй гарчээ. Гэхдээ энэ нь санаа амрах хэрэг биш гэд­гийг тэд сануулж байна. Хятадад хүнс­ний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хойд хөршийн эдийн засгийн байдал сайнгүй байгаа нь Монгол Улсад ч нөлөөлж болзошгүй гэх. Тухайлбал гол нэрийн хүнсний ба­раа нийлүүлэгч Хятад, ОХУ зэрэг улсуудад хүнсний үнэ өссөөр байгааг Дэлхийн банк сануулж байна.

Төсвийн алдагдлаа хэрхэн нөхөх вэ?
Дэлхийн банкны судалгаагаар төсвийн гүйцэтгэл сайжирсан хэвээр байгаа гэсэн дүн гарчээ. Төсвийн тэнцэл өнгөрсөн оны гуравдугаар сард ДНБ-ий таван хувьтай тэнцүү алдагдалтай байсан бол энэ оны гуравдугаар сард ДНБ-ий 2.4 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан байна. Энэ нь нийт эдийн засаг болон импорт, ашигт малтмалын үнэ сэргэж буйг харуулж байгаа аж.

Төсвийн бодит орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч 2011 оны Монгол Улсын төсвийн зардал ихээхэн нэмэгдэж 779 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52 хувиас илүү гарах хэмжээнд хүрчээ. Энэ нь төсөвт хүндрэл учруулж болзошгүй гэнэ, дээрх төсвийн алдагдлыг санхүү­жүүлэхэд Тавантолгойн гэрээ­нээс орж ирэх тодорхой бус орлогоос шалтгаалан хүндрэл учрах нь гэд­гийг хөндлөнгийн ажиглагч нар хэллээ. Хэрэв энэ гэрээгээр төсвийн алдагдлыг санхүүжүүлж чадахгүй тохиолдолд ялангуяа гадаад бонд гаргах орчин таагүй байгаа энэ үед алдагдлын санхүүжилтийг бү­хэлд нь дотоод зах зээлээс гаргах хэрэгтэй болно. Ингэснээр эдийн засгийн энэхүү өсөлтийн үед зээл шаардлагатай хувийн салбарынхныг шахан гаргахад хүргэнэ гэдгийг Дэлхийн банк санууллаа.  

Эрсдэлтэй зээлийн хэмжээ ихэсчээ
Дэлхийн банкны судалгаагаар банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ ихэссэн эрсдэлтэй дүр зу­раг байгаа харагдаж байна. 2009 оны турш байнга өсч байсан ча­нар­­гүй зээлийн багц буурах ханд­лагатай болсон ч жижиг болон дунд хэмжээний банкуудын хувьд төлбөрийн чадвартай холбоотой асуудлууд байсаар байгаа ажээ. Хуга­цаа хэтэрсэн зээл энэ оны гурав­дугаар сард 81 тэрбум төгрөг болж буурсан хэдий ч чанаргүй зээлийн багц болон хугацаа хэтэр­сэн зээл хамтдаа нийт зээлийн 13 хувийг эзэлж байгаа нь өндөр тоо гэдгийг тэд хэлж байна. Нийт чанаргүй зээлийн багц дампуурсан хоёр банкийг оролцуулалгүйгээр хоёр­дугаар сард 189 тэрбум төгрөг байснаа гуравдугаар сард найман хувиар өсч 204 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Ханшийн таатай байдал бо­лон хадгаламжийн иж бүрэн батал­гаагаар дэмжигдсэн төгрөгийн хадга­ламж гуравдугаар сард 2.3 их наядаас давж шинэ дээд рекорд тогтоосон байна.

Б.БЯМБАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж