Онгоц олох найдлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Онгоц олох найдлага нэмэгджээ

Малайзын агаарын тээврийн сураггүй болсон МН370 нислэгийг хайж буй эрлийн багийнханд Боинг 777-200 онгоцыг олох найдвар нэмэгджээ. Австралийн албаныхны мэдээлснээр өчигдөр /IV.10/ Энэтхэгийн далайд хайгуул, самналт хийж яваа Америкийн тэнгисийн цэргийн  хөлөг дээрх “TPL” илрүүлэгчид 300 гаруй метрийн гүнээс хоёр үл мэдэгдэх дохио илэрсэн гэнэ. Энэ нь Боинг 777-200 онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчээс ирсэн гэдэгт эрлийн багийнхан итгэлтй байгаа аж. Ийнхүү МН370 нислэг осолдсон гэж үзэж буй Энэтхэгийн далайн хэсгээс үл мэдэгдэх дөрвөн дохио илрээд байна.

Одоогийн байдлаар эрлийн багийнханд сураггүй болсон Боинг 777-200 онгоцны хар хайрцгийг олох нь нэн яаралтай байгаа юм. Учир нь мэргэжилтнүүд сураггүй болсон Боинг 777-200 онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг 30 хоног цэнэг барих чадвартай гэж мэдэгдсэн билээ. Энэ дагуу хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг энэ дөрөвдүгээр сарын 7-нд дуусах байсан аж.

Олон улсын хамтарсан эрлийн багийнхан Боинг 777-200 онгоцны хар хайрцгийг олсноор Малайзын МН370 нислэгийн ослын нууцыг тайлбарлаж чадах юм. Куала Лумпураас өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд 227 зорчигч, нислэгийн багийн 12 хүний бүрэлдэхүүнтэй хөөрсөн Боинг 777-200 онгоц Бээжин хот хүрэх замдаа радарын дэлгэцнээс алга болж, сураггүй болсон билээ. Одоогоор сураггүй болсон онгоцны эрэлд цэргийн 10, иргэний 4 нисэх онгоц, 13 хөлгийн хамтаар хайгуул хийж байгаа юм. Мөн Их Британийн шумбагч онгоцоор далай доогуур хайгуул, самналт хийж байгаа билээ. Тэд Австралийн Перт хотоос 600 км болон 2240 км зайтай Энэтхэгийн далайн хоёр хэсэгт хайгуул хийж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж