Шувуу ч нисэхгүй газар хилчний хүүхдээс өөр хүн очихгүй шүү дээ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Шувуу ч нисэхгүй газар хилчний хүүхдээс өөр хүн очихгүй шүү дээ

“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ч.Сайнтөртэй ярилцлаа.

-Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд зарим чиг үүрэг, боловсон хүчин, эд хөрөнгөө Иргэний харьяа­­­лал, шилжилт хөдөл­гөөний ерөнхий газарт шил­жүүлэн өгөх ажлаар орон нутгийг нэлээд зорьж байгаа. Шил­жүүлэлтийн үйл явц хэр байгаа вэ?

-Хил хамгаалах байгуул­лага бол хил хамгаалалтын үндсэн чиг үүрэг, хилийн төлөөлөгч, тагнуул, шалган нэвтрүүлэх гэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Эд­гээрээс шалган нэвтрүүлэх чиг үүргийн нэгээхэн хэс­гийг Боомтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй хол­бог­дуулан Иргэний харьяа­лал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар хүлээлгэн өгч байна. Ажил ерөнхийдөө үр­­гэлжилж байгаа. Одоогийн байдлаар баруун чиглэлд хү­­лээлцэх ажил явагдаж бай­гаа. Энэ сарын 20-ны до­тор сайдын тушаалаар то­ми­логдсон комисс хүлээлцэж дууссан тухайгаа илтгэх ёстой.

Гэхдээ шалган нэвт­рүүлэх дотроо боомтын аюулгүй байдлыг хангах, боомтын журмыг сахиулах чиг үүрэг нь манай бай­гууллагад үлдэж байгаа. Тээврийн хэрэгсэл болон зорчигч нэвтрүүлэх ажлыг шилжүүлж байгаа юм. Үүнийг дагаад эд хөрөнгө, хүн хүч, тэднийг дагалдаад цалин, урамшуулал, тэдний эдэлж хэрэглэж байсан дардас зэргээс эхлээд бүх­нийг хүлээлгэж өгч байна.

Ажиллаж байсан бүрэл­дэхүүнээсээ саналыг нь авсан болохоор элдэв асуу­дал алга. Цэргийн байж байгаад энгийн болсон хү­мүүсийн маань ахуй амьд­ралыг дордуулахгүй, то­дорхой хэмжээний жилийн нэмэгдэл, хангалтыг хэвээр олгох бодлогыг Засгийн газраас барьж байгаа. Цаа­шид хүндрэл гарах эсэхийг мэдэхгүй. Одоогоор янз бүрийн хүндрэлтэй зүйл үүсээгүй.

-Тохируулагч бо­лон хэ­­­рэгжүүлэгч агент­лагуу­дын хооронд тодорхой хэм­жээнд үйл ажиллагааны зөрүү байдаг. Тодруулбал нууцын зэрэгтэй гэдэг шалт­гаа­наар аливаа асууд­лыг ил бол­годоггүй. Тэр утгаараа танай байгуул­лагын тухайд хэр ил тод, нээлттэй байдаг вэ?

-Хууль зүйн яамны нээлттэй бодлогын хүрээнд ажиллаж байгаа гэж бо­дож байна. Өнгөрсөн онд манай байгууллагын 80 жилийн ой болсон. Энэ хүрээнд мэдээллийн сув­гуудыг ашиглан үйл ажил­лагааныхаа тухай нэвт­­рүүлэг бэлтгэн, кино хийж олон нийтийн хүртээл болгосон.

Монгол Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн талаар байн­га мэдээлж, МҮОНТ-тэй хамт­ран сар бүрийн сүүлчийн долоо хоногт хилчдийн тухай нэвтрүүлгийн цагтай боллоо.

“Том төрийн зарчмыг хил хамгаалахад нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд нээлт­тэй хэлэлцүүлэг зохион бай­гуулж, Төрийн албаны зөвлөлд материалуудаа хүр­гэх зэргээр олон түмэнд нээлттэй ажиллаж байна. Мөн манай байгууллагын “Эх орны манаа” сонин бо­лон зохих хэмжээнд мэ­дээл­лийн хэрэгслүүдээ ашиг­лан хил­чиддээ үйл явд­лын болон албаны шаард­лагатай мэдээг хүргэж чаддаг.

Түүнчлэн сурагчдад эх оронч үзэл бий болгохын тулд хилийн сумдын сур­гуу­лиудад “Хилийн танхим” бий болгох шийдвэр гарган, ажлаа эхлүүлээд байна. Ингэснээр цэрэг, ард түмний харилцаа илүү сайжирна.

-Тохируулагч агент­лагын хувьд тодорхой хэм­жээгээр мэдээлэл өгөхөөс гадна өргөдөл, гомдол, санал хү­сэлт зэргийг цаг тухайд нь шийдвэрлэж, хариу өгч чаддаг уу?

-Оны эхний гурван сарын байдлаар нийт 585 өргөдөл гомдол ирснээс 468-ыг нь шийдвэрлээд хариуг нь өгч, 117 нь судлагдаж байгаа. Ерөнхийдөө ахмад хилчид маань амьдрал ахуйн дэмж­лэг хүсэх байдлаар өр­гө­дөл, хүсэлт өгнө. Энгийн ир­гэдийн зүгээс шалган нэвт­рүүлэх явцад асуудал гарсан, хүндрэл үүсгэсэн гэх зэргээр цөөн тооны гомдол ирдэг. Энэ мэтчилэн асуудалд бид богино хугацаанд ха­риу өгөхийг хичээдэг. Хил­тэй холбоотой буюу 14 айм­гийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг ирүүлж, сургалт зохион байгуулан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн хилийн отрядтой аймаг, сумдын дарга на­рыг урьж “Улсын хил хам­гаалахад орон нутгийн удирдлага, иргэдийн орол­цоо” сэдэвт уулзалт, ярилц­лагуудыг хийсэн. Хойд хи­­лээр Тува руу малын хул­гайн асуудал л хаяа гардаг. Үүнийг таслан зог­соохын төлөө ажиллаж байгаа.

-Сүүлийн үед хилийн зөрчил үнэхээр гарахгүй байна уу. Танайхан нууц­лаад дэлгэхгүй байна уу?

-Хилийн зөрчил ямар ч байдлаар гарах магадлалтай болчихсон. Дээр хэлсэнчлэн хойд хилээр малын хулгай гардаг гэдэг байсан. Гэтэл одоо хууль бус наймааны асуудал хаа сайгүй болж байна. Байгалийн баялаг, соёлын өв, ховор ургамал, зэвсэг гэх зэргийг хилээр гар­гахыг завддаг болсон.

Эд­гээр тохиолдлуудад хи­лийн тагнуулын байгууллага маш сайн ажиллаж, ил­рүүлж байгаа. Эрсдэл маш их нэ­мэгдсэн учраас хил хам­гаалах асуудлыг онц­гой­лон анхаарч, ажиллаж байна.

-Мэдээж хилчид өөрсдөө гар хоосон, гэр нь хоолгүй бол хил манахдаа тайван байж чадахгүй. Тиймээс тэд­ний ажиллаж, амьдрах ор­чин нөхцлийг хэр анхаар­­­даг вэ?

-1980-аад оноос өмнөх жилүүдэд хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад машин унаанаас эхлээд бүх хангалтыг тусламжаар өгчихдөг байсан. 1990 оноос хойш зогссон. Энэ үед хил хамгаалах байгууллага хэсэг хугацаанд ядуурсан.

2008 оноос эхлэн тех­никийн шинэчлэлийг зо­хих хэмжээгээр хийж, зас­тав, отрядууд маань хангалт авч, бололцоотой бол­сон. Хамгийн сүүлд Замын-Үүдийн хилийн отря­дыг техникжүүлсэн хил хам­гаалалтад шилжүүлсэн.

Ин­гэснээр бид хотод шуурхай удирдлагын тө­вөөсөө харж байгаад Замын-Үүдийн хам­­­гаалалтыг шууд хаах бү­рэн боломжтой болсон гэх мэтээр дэвшилттэй ажлууд хийж байна. Цаашид сайн хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал л тулгарч байх шив дээ.

Алба хаагчдын хувьд ч цалин хангамж харьцангуй сайжирч, таван жил бо­лоод мөнгөн хэлбэрээр урамшуулал авч, хилийн заставт ажиллаж буй офи­цер, ахлагч нараа хүнс­ний нормтой болгосон нь тухайн газраа тогтвор суурь­шилтай ажил­лахад нэлээд дөхөм болж байгаа. Нэг үеэ бодвол орчин үеийн хил хамгаалах байгууллага болж чадсан.

-Орчин үеийн хил хамгаалах газар боловсон хүчнээр хэр хангалттай вэ. Хугацаат албаныхан хил рүү явах сонирхол хэр байна. Цэргийн дэг буурч байна уу?

-Дээр дурьдсан он жи­лүүдэд сургууль төгссөн боловсон хүчнүүд маань зах зээлийн нийгмээ дагаад арилжаа, наймаа хөөн хэсэг хугацаанд алба хаагч хомсодсон. Одоо бол Хууль сахиулах их сургуулийн Хилийн дээд сургууль, ОХУ-ын Курган, Хабаровск, Калининград хотууд болон дотоодын хоёр ч сургуульд академийн боловсрол олгож байна. Тиймээс ерөнхийдөө боловсон хүчнээр хангагдсан гэж хэлж болно.

Цэрэг татлагын үеэр залуус хил рүү явна гээд байдаг. Мэдээж эр хүн улсынхаа хилийг манана гэсэн бахархалтай байдаг байх. Дэг, дэглэм гэдэг зүйл ер нь намжсан. Нэг жилийн алба гэдэг бол хэдхэн сарын л зөрүү байдаг болохоор гайгүй шүү. Хоорондоо зо­долдсон, зүү залгисан гэх зэрэг шуугиан гарсан. Эдгээрийг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэсэн.

Цэргийн алба гурван жил байх үеийг бодвол их өөрчлөгдсөн. Би гурван жил алба хаахад дэглэлт гэдэг зүйл байх ёстой, жам ёсны мэт л байдаг, өнгөрүүлдэг байсан шүү дээ. Бидний хувьд одоо бол дэглэлт гэдэг зүйлийг гаргуулахгүйн тө­лөө л ажиллаж байна.

-Тэгээд л олон төгсөгч­дөөс танил талгүй, хөрөнгө мөнгөгүй нь хилийн застав, отряд руу хуваарилагддаг. Хил хамгаалах байгууллага төрлийн алба болсон гэж ярьдаг нь үнэний ортой болж таарах нь ээ?

-Хилчний хүүхэд хилчин болдог гэдэгтэй санал нийл­нэ. Энэ бол гарцаагүй үнэн. Шувуу ч нисэхгүй газар өөр хүн очихгүй шүү дээ. Тэнд ажиллаж байгаа хүний хүүхэд сургуульд сурч төгсөөд, буцаж очоод хилчин болдог. Сүүлийн үед л сонирхлоороо хилчин болох хүн нэмэгдсэн.

Хөдөө томилоход танил, хөрөнгө чинээ хардаг асуудал бол байхгүй. Бид сургууль төгссөн хүн бүрийг хилийн заставаас алба, үүргийг нь эхлүүлдэг. Би ч энэ л зарчмаар яваа. Хүний нөөц маань энэ бодлогыг баримталдаг, шинэ төгсөгч нар ч тийм сонирхолтой ирдэг. Заставаас эхэлснээр л ажлаа мэддэг болно.

-Хилчдийг хэдий хуга­цаанд сэлгэн ажиллуулдаг юм бэ. Хил дээрх бусад алба буюу мэргэжлийн хя­­налт, гаалийнхантай хамтарч авлигын асуудалд өртөх явдал мэр сэр гардаг болсон шүү дээ?

-Таваас дээш жил нэг газар ажиллахаар дасал болдог нь амьдрал дээр бай­даг үзэгдэл. Тиймээс нэг отрядын дарга болсон бол 3-5 жил болгоод шилжүүлэх зарчмаар яваа. Мэдээж хилээс хил рүү шилжүүлэхэд гэр бүл, үр хүүхдийн сур­гуулиас эхлээд тоочвол бэрхшээл их бий.

Гэхдээ хилчид маань үүнийг ойлгодог. Зас­тавуудад буудлын үйлчлэгч, тогооч, угаагч гэх мэт эн­гийн хэдэн ажил бий. Тэдгээрт гэр бүлийнхнийг нь ажиллуулна. Их, дээд сургууль төгсчихөөд гэр бүлээ дагаад хил дээр оччихсон, голохгүйгээр л ажиллаж байна. Харин сүү­лийн үед нийгмийн даат­галын шимтгэлийг нь төлөөд, улиралд нэг удаа тэтгэмж өгдөг системтэй болсон.

Хүнд суртал, авлигын эсрэг хуулиудийг дагаж мөр­дөхөөс гадна манай бай­­гууллагад энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх, сур­галт сурталчилгаа, соён гэгээрүүлэх хэлтэс ажил­луулж байгаа.

-Хилчид залуу насандаа улсаа тойрч явсаар тэт­гэвэртээ гарахын цагт орох орон гэргүй болох нь элбэг тохиолддог. Ха­рин сүүлийн үед хэдэн хот­хон баригдаад байгаа бололтой?

-Монгол Улсын төлөө зүтгэж явахдаа застав, отрядын байранд амьдардаг. Тэтгэвэртээ гарахад юу ч үгүй байдаг тогтолцоо манай байгууллагад байсаар ирсэн. Харин Хилийн 0119 дүгээр анги ТӨУҮГ барилга бариад, хямдруулсан үнээр хилчиддээ худалдаж байгаа.

Мэдээж хилчид маань зээлд хамрагдах байдлаар орон сууцтай болж байна. “Хилчин” хотхонд л гэхэд 150 хүүхдийн цэцэрлэг, гурван давхар үйлчилгээний төвтэй шүү дээ. Тэнд 692 айл байна. “Харуул Алтай” хотхонд 480 айл орсон. Энэ жил 280 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа. Байрнуудаа орон нутагт квот маягаар олгодог.

-Хил тайван, зөрчил багатай болохоор танайхан айлын ямаа самнаж өгдөг болсон юм уу?

-Хил хамгаалах бай­гуул­лага таван хошуу мал­тай, одоо 80-аад мянган толгой хүр­чихсэн. Амьдралаа авч явахын тулд цэргийн албан хаагчид мал хариулна. Ямаа самнах байтугай, үнээ саана, ногоо тарьсан бол түүнийгээ хураана.

Одоогийн байдлаар угаа­саа ямаа самнах улирал болчихсон хэн нэгэн нь ажлаа хийгээд л сууж байж. Түүнийг нь нэг согтуу нөхөр хараад “хил манахгүй ямаа самнаж байна” гэж утсаар ярьсан юм билээ.

-Мах, сүү, ногоог бол хүнсэндээ хэрэглэдэг байх. Ноолуурыг бол арай ч боловсруулж, бүтээгдэхүүн хийхгүй байлгүй. Олсон орлогоо хэрхэн зохицуулдаг юм бол. Зөвхөн ямаа самнах ч биш байшин барихаас эхлээд дарга нарын гуйлганд цэргүүдээ гүйлгэдэг байдлыг хэзээ халах бол?

-Дотоод орлогоо бүр­дүүлж, анги, заставаа засч тохижуулах зэргээр хууль, журманд заасны дагуу ашигладаг. Цэрэг гадагш нь өгөхийг бид хориглодог. Манай байгууллагад явуу­лаад байх илүүдээ гарсан цэрэг ч байхгүй. Харуулд гарах, малдаа явах гэх зэргээр тоотой хэдэн алба хаагч маань хуваарийн дагуу үүрэгт ажлаа л гүйцэтгэдэг.

Ж.НАРАНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж