“Давхар дээл”-ийг тайлах тулаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ийг тайлах тулаан эхэллээ

Хаврын урь орж, ханш нээхтэй зуузай холбон их улстөрд хөдөлгөөн ороод ид бужигнаж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал туйлын доройтсон учраас ийнхүү нийгэм даяар үймэж, иргэний хөдөлгөөний байгууллагууд ч тал бүрийн арга хэмжээ авахаар эхний алхамуудаа хийж эхэллээ. Энэ бүгдийг илааршуулахын тулд Засгийн газрын “давхар дээл”-ийг тайлах нь чухал гэдгийг хаа хаанаа сайтар ойлгосон. Тодотгож хэлбэл, эгэл жирийн иргэдээс эхлээд ихэс дээдсүүд хүртэл энэ асуудлыг дэмжиж байгаа. Гагцхүү ганц хоёрхон олигархийн түрэмгийллээр “давхар дээл”-тнүүд оршин тогтнож байгааг ч дурдах нь зүйн хэрэг. 

      Тиймдээ ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнгөрөгч долоо хоногт улстөрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр “давхар дээл”-тнүүдийн талаар санал солилцож, зорилгоо нэгэн тугийн дор болгосон билээ. Мөн энэ долоо хоногт Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзсан. Аанай л дээрх асуудлаар санал бодлоо солилцож, шударга бус явдлын эсрэг тэмцэхээр болсон юм. Нөгөө талаар эдийн засаг, нийгмийн амьдралын байдал туйлын дорой байгаад хаа хаанаа шүүмжлэлтэй хандаж, “Давхар дээл”-ийг тайлахад Монгол Улс даяар санал нэгдэж байгааг харуулсан хэрэг биз ээ.

      Үнэнийг хэлэхэд урьд өмнө МАН Иргэний хөдөлгөөний байгууллагуудтай үл ойлголцож, хагаралдах замаар ажиллаж байсныг уншигч та санаж буй. Харин өнгөрөгч намар Их хурлаа хийж шинэ удирдлагуудаа сонгосон цагаас хойш энэ намд шинэчлэлийн салхи сэвэлзэж, МАН-ын дарга, залуу генсек нар гар сэтгэл нийлэн ажиллаж байгааг харуулсан хэрэг. Энэ бүгдээс харахад МАН-ын залуу генсек энэ хаврын салхиар хөллүүлсэн их улстөрийг удирдаж байна гэхэд болно. Өнгөрөгч долоо хоногоос Иргэний нийгмийн байгууллагууд гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, Засгийн газрын “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж буй. Гагцхүү компанийн засаглал тогтож, Монголын шинэ цагийн баячууд ороод суучихсан Засгийн газрын чих дүлийрсэн мэт байгаа нь хэдхэн олигархиудын санаархал. Энэ бүгдээс халдварлан УИХ-ын эрх зүйн чадамж буурч, Засгийн газраа хянах нь бүү хэл ажлаа явуулж чадахгүйд хүрээд буй. Ерөөсөө төрийн алба тэр чигтээ саармагжсан, шат шатандаа ажлаа явуулж чадахгүйд хүрч дампуурсан. Өнөөдрийн энэ ороо бусгаа цагт МАН-ын генсекээр удирдуулсан эсэргүүцлийн жагсаал өргөн хүрээтэйгээр төв талбайд болж байна.

       Гэхдээ гудамж талбайд иргэний төлөөллүүд эсэргүүцлээ илэрхийлэх бол Төрийн ордонд “давхар дээл”-ийг тайлах асуудлаар УИХ-ын чуулган хуралдах юм. Мэдээжийн хэрэг энэ үеэр МАН-ын бүлэг “давхар дээл”-ийг тайлуулах гэсэн сонгогч олны хүсэлтийг биелүүлэхээр ажиллана. Зөвхөн МАН-ын бүлгийн гишүүд ч биш, “давхар дээл”-ийг тайлж улс орноо зөв замд оруулах гэсэн зүрх сэтгэлтэй гишүүд цөөнгүй бий учраас “Давхар дээл”-тнүүд дээлээ тайлахаас өөр аргагүй байдал хүрч таарна. Саяхан л сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна хэмээн шүүмжлэл дагуулж байсан МАН өнгөрөгч намрын Их хурлаараа шинэ удирдлагуудтай болж, тэр хэрээр шинэлэг, зоригтой алхамууд хийж эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг “Давхар дээл” тайлах хуулийн төслийг хэлэлцэх үеэр жинхэнэ сөрөг хүчний байр сууринаас хандаж зорьсондоо хүрнэ гэдэгт ард олон итгэж байгаа хэрэг.

       Өнөөдөр бид Засгийн газар, эрх баригчдыг зөвхөн эдийн засгаа элгээр нь мөлхүүлж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 10 хувьд хүртэл уруудуулж, ам.долларын ханшийг 1800 төгрөгийн босгонд тулгасан. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрөл тус бүрт нь 25-35 хувиар өсгөж, гаднын хөрөнгө оруулалтыг 50 хүртэл хувиар бууруулсан. Энэ хэрээр гаднаас орж ирэх валютын урсгал татран, арга ядахдаа Монгол Улсын ирээдүйг барьцаалж өрөнд унагасан хэмээн амьдралд ил байгаа тоймтой зүйлсээр шүүмжилж байна. Гэтэл ерөнхийдөө тэр чигтээ уруудсан нийгэмд бид амьдарч байгаа. Тодруулбал, ардчилсан төрийн хамгийн үнэт зүйл болох  засаглал хуваах зарчим гэж байхгүй. Ийм боломж огт үгүй, хэдхэн тооны олигархиуд энэ зарчмыг нухчин гишгиж байна. Засаглал хуваах зарчим алга болохоор ардчилсан төр, нийгмийн утга алдагдаж, өнөөдрийн эмх замбараагүй байдал, эдийн засгийг уруу дорой байдал бий болдог учиртай. Тэгэхээр яах аргагүй ардчиллын энэ үнэт зүйлсийг сууриар нь сэргээж шинэчлэхгүй бол Монгол Улс өөдлөхгүй гэдгийг хаа хаанаа сэхээрсэн нь сайн хэрэг. Иймээс улстөрийн ууган хүчин МАН туршлага, буурь зааж, энэ бүгдийн төлөө тэмцэхээр шийдсэн хэрэг биз ээ. “Давхар дээл”-тнүүд яах аргагүй гараа өргөж, бууж өгөх нь энэ бүгдээс тодорхой харагдаж байна. 

         Арга ч үгүй өнөөдөр хэдхэн баячууд, компанийн эздийн гарт Монгол Улсын засаглал амь тавихдаа тулжээ. Шинэ цагийг эзэгнэхэн төрсөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд, “фортуна” Н.Батбаяр, Уул уурхайн сайд сайд, “бридж” Д.Ганхуяг, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, “женко” Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд “ажнай” Д.Бат-Эрдэнэ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ зэрэг ”давхар дээл”-тэй баячуудаар дүүрчихсэн хойно ийм байдалд хүрч таарна. “Шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрээр “шинэчлэл” нэрийн дор бэлээ зузаалж байгаа хойно аргагүй. Ингэхээр өнөөдөр эдгээр шинэ баячуудын нас дуусч, “давхар дээл”-ээ тайлаад гарахаас өөр яахав. Гагцхүү Монгол Улсын төлөө “давхар дээл”-ээ тайлахаас өөр аргагүй гэдгийг тэд өөрсдөө ч сайн ойлгож байгаа.

А.ГАЛ

Эх сурвалж: www.unen.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж