Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орно

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орно

Мөс цөмрөх болон хаврын шар усны үерээс урьдчилан сэрэмжлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд голын мөсний зузаан 30-50 см, Хангай нуруунаас усжих Хануй, Чулуут, Суман, Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тэс, Завхан, Зүйл, Цагаантуруут голын мөсний зузаан 30-70 см, Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Хэрлэн мөн түүнчлэн Сэлэнгэ мөрний дунд хэсэг болон Орхон голын эхээр 30-65 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа бол Алтай нурууны Сагсай, Турган, Түргэн, Буянт, Булган голын мөсний зузаан 10-50 см, Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Хангилцаг зэрэг голууд 35-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба дээр дурьдсан голуудад мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах, шингэн, өтгөн цөн гүйх, цөнгийн хахаа үүсэх зэрэг үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт улам багасаж, мөс хэврэгшиж, гол мөрний сав газрын цас, мөс эрчимтэй хайлж, мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа ажиглалт хэмжилт, хяналт мэдээлэлгүй жижиг гол сайрын сав газарт нутаглаж буй ард иргэдийг байнга анхаарал сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс зөвлөж байна.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр нойтон цас орно.

2014 оны 4 дүгээр сарын 09-ний 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс  хойш эргэж секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Дархадын хотгороор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.    
                               
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.  

   2014 оны 4 дүгээр сарын 11-нээс 2014 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   11-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 12,14-нд зарим газраар, 13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж