
Түвдээс холгүй орших Хятадын Цинхай мужид өчигдөр өглөө Рихтерийн шаталбараар 6,9 баллын хүчтэй газар хөдөлснөөс болж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 589 болж, шархадсан хүний тоо 10 000-д хүрчээ. Далайн төвшнөөс дээш 4000 метрийн өндөрт байх тус нутгийн иргэдийн төвлөрч амьдардаг Жешү хотод нийт барилгын 85 хувь нь нурж, ус болоод бусад хангамжийн асуудал хүнд болоод байгаа юм байна. Хамгийн их тулгамдаж байгаа нь эмнэлгийн тусламж болон аврах техник төхөөрөмжийн хүрэлцээ болж байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийн очиж байгаа эмнэлэгт боолтноос өөр юу ч байхгүй байгаа бөгөөд ганц ч тариа алга байна гэж мэдээллийн эх сурвалжууд тэмдэглэж байгаа юм. Мөн нурангийг зайлуулах техникийн хүрэлцээгүйгээс болж аврагчид үндсэндээ улаан гараараа газар ухаж байгаа юм байна. Амь үрэгдэгсдийн дотор маш олон хүүхэд байгаа бөгөөд хамгийн сүүлд авсан мэдээгээр бол дунд сургуулийн 56 сурагч байсан гэсэн тоо гарчээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн энэ жижиг хотод очих замыг нуранги хөрс шороо хаасан байгаа бөгөөд хамгийн ойр байгаа томоохон төв нь 860 км зайтай байгаа Шинень хэмээх том хот болж байгаа юм. Тухайн нутагт агаарын хэм хасах руугаа орсноос болж толгой хоргодох газаргүй болоод байгаа олон мянган хүмүүсийн хувьд тун хэцүү болоод байгаа гэнэ. Тус газар нутаг нь уулын өндөр бүсэд байдгаас болж эрлийн ноход ч хэрэг болохоор бага байж мэднэ гэж орон нутгийн удирдлагууд хэлсэн байна. Одоогоор Хятадын засгийн газар 30 сая ам.долларын хөрөнгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд 5000 цэргийг аврах үйл ажиллагаанд дайчлах ажээ. Харин яг одоо бол тухайн газар дээр 700 цэрэг л очсон байгаа юм.
М.Наст
Эх сурвалж Ассошейтэд Пресс