Хорихыг номын сантай болгоё

Хуучирсан мэдээ: 2014.04.10-нд нийтлэгдсэн

Хорихыг номын сантай болгоё

-Уншсан
номныхоо тоог нь, оюун ухаандаа хийсэн хөрөнгө оруулалтыг нь, хүмүүжил ухаажлыг
нь үнэлж суллагдах өдрийг нь урагшлуулдаг тогтолцоог манайд яагаад хэрэгжүүлж
болохгүй гэж-

Хорихыг номын сантай болгоё. Гэхдээ зарим нэгэнд нь одоо
байгаа нэр төдий хэдэн тавиурууд дээрх номнуудыг биш жинхэнэ номын сантай
болгоё гээд буй хэрэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотыг тойрсон арав гаруй
хорихоос 461-р анги болон хүүхдийн хорих л арай боломжийн номын сантай бол
бусдад нь бэлгэдлийн төдий булан бий. Гэвч хорихуудын хүмүүжигчид нь энэ номын
сан, буланг огтхон ч тоодоггүй гэнэ. Хориход нэг жилийн ял эдэлчихээд гарсан
нэгэн хүмүүжигч энэ талаар “Хорих ангид маань номын сан гээд нэг өрөө уг нь
бий. Гэхдээ нэг өвөөгөөс өөр ордог хүн байдаггүй шүү дээ. Хааяа нэг гаднаас
зочид ирэх үеэр үзүүлдэг юм гэсэн. Бас шашны байгууллагынхан ном хандивлаад л
байсан. Ёстой сонирхоогүй” гэсэн юм.  

Уншдаггүй хүмүүст номын сан бэлдэж өгч яах юм гэж бодож буй
байх. Тэгвэл бас түүнийг нь зохицуулдаг хөшүүрэг байдаг аж.

Хоёр жилийн өмнө Бразилд шоронгийн хоригдлуудаа ном сайн
уншвал, эдлэх ялаасаа хасуулах боломжийг олгожээ. Бүүр шийдвэр гаргаж,
албажуулсан гэсэн үг. “Ном уншвал гэм цайрна” гэдэг албан бус нэртэй
хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хуулийг ийн албажуулж, хөтөлбөр улсын хэмжээний
дөрвөн шоронд хэрэгжүүлж хоригдол нэг ном уншвал ялаас нь дөрвөн хоног хасагдах
бөгөөд жилд дээд тал нь 12 ном буюу 48 хоногийг хасч тооцуулах бололцоог
ялтнуудад олгосон байна. Хоригдол шоронгийн номын санд буй уран зохиол, гүн
ухаан, шинжлэх ухааны сэдэвтэй номуудаас сонголт хийж, нэг номыг 21-30 хоногийн
дотор унших ёстой гэнэ. Улмаар уншсан номынхоо талаар эссэ бичиж түүнийг нь
шоронгийн ажилтнууд уншиж дүгнэдэг гэнэ. Хэрвээ ялтан хүнээс хуулсан буюу бэлэн
материал ашигласан нь илэрвэл хөтөлбөрт оролцох эрхийг нь хасахаар заасан
байна. Үүний хажуугаар хоригдлуудад номыг хэрхэн зөв уншиж ойлгох талаар лекц
явуулж байхаар болжээ.

Ийнхүү уншсан номныхоо тоог нь, оюун ухаандаа хийсэн хөрөнгө
оруулалтыг нь, хүмүүжил ухаажлыг нь үнэлж суллагдах өдрийг нь урагшлуулдаг
тогтолцоог манайд яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Дээрх хөтөлбөрийг амжилттай
хэрэгжүүлэх боломж нь бичиг үсгийн тайлагдалт өндөртэй манайх шиг улсын хувьд
хамгийн боломжтой хувилбар гэх дүгнэлт байдаг аж.

Шоронд ял эдлээд гарсан хүмүүжигчид сайныг биш мууг сурч,
гэмт хэргийнхээ “кариер”-ыг өсгөж сурдаг буюу өмнө нь хулгай хийж байсан нь
дээрэм хийдэг,  хүн амины хэрэг хийгээд
дахин ял эдэлдэг энэхүү гаж нөхцлийг өөрчлөх боломж  ном унших хөтөлбөрт ч байх юм билүү. Ямартаа
ч эрх чөлөөгөө хасуулж өргөст торны цаана суугаа хоригдлуудыг номтой
нөхөрлүүлэх нь тэдний хүмүүжилд эерэгээр нөлөөлж чадна гэж сэтгэл зүйчид зүгээр
ч нэг сэтгэлийнхээ хөөрлөөр хэлчихээгүй байлтай.

Иймд салбарынх нь яам алгуурлахгүйгээр төлөвлөөд, төсөвлөөд
буй нэгдсэн хорихоо барьчихаад, үйлдвэр цехүүдийг нь ажилд оруулж, тэнд нь
номын санг нь ч төвлөрүүлж, ном унших хөшүүргийг нь хоригдох өдөртэй нь холбоё.
Хоригдлууд ажил хийж хохирлоо төлдөг больё, бас мэргэшиж аваад гарцгааг, завсар
чөлөөгөөр нь номоо уншицгааг. Хүмүүжигчид жинхэнэ утгаар хүжүүжиг.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №056

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж