Хянах мөртөө &#34хоригдох&#34 мэт

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Хянах мөртөө &#34хоригдох&#34 мэт

…Анир чимээгүйг эвдэх хүнд хаалганы хяхалзах дуу бие арзайлгах шиг. Харанхуй, тарчиг өрөө бүхний цонх битүү төмөр хамгаалалттай. Хаалгыг нь дангинатал цоожилсон. Цоожтой хаалганы цаана хүн биш “араатан” амьдарна. Тэд зөвхөн хоригдож, хийсэн хэргийнхээ ялыг хатуугаар үүрэх ёстой… Бид хорих ангийг энэ мэтээр төсөөлдөг. Хорих ангид гэмт хэрэг хийсэн хүмүүс гэм нүглээ эдэлж, галт зэвсэг агссан харуулууд чанга гэгч манасан байдаг гэж боддог. Харин хорих анги гэх хүн бүгдийг жигших, зэвүүцэх байдлаар хүлээн авдаг газарт амьдрал хэрхэн өрнөдгийг мэддэггүй. Басхүү мэдэхийг ч хүсдэггүй ажээ.

Төв аймгийн Лүн сумын нэгдүгээр багийн нутагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 403 дугаар ангид сурвалжлага хийх боломж тохиолоо. Бид 403 дугаар ангийг Авдрантын хорих гэдгээр андахгүй сайн мэддэг. Авдар уулын бэлд байрлах энэ хорих ангид 170 гаруй хоригдол хүмүүжиж байна. Авдрантын хориход халхын засрашгүй “сайн эрс”-ийг хоригдож, хүмүүжиж байсныг хүмүүсийн ам дамжсан ярианаас гадарлана. Цагтаа Монголын хамгийн хатуу чанга хорихын нэг байсан Авдрант одоо бол жирийн дэглэмтэй болж өөрчлөгджээ. Хуучин гяндан байсан хорихын байр балгас мэт харагдах бол одоогийн хорих ангийн байр нилээд засвар хийснийх орчин нь хамаагүй сайжирсан нь илт.

“Авдрантын хорих ангийнхан газар зүйн байрлалаас үүдэн тун хэцүү нөхцөлд ажилладаг. Хотоос зайтай учир энд ажиллахаар томилогдсон ажилчид гэр бүл, үр хүүхдээсээ хол хөндий амьдрах шаардлага гардаг. Гэр бүлээрээ суурьшаад ажиллая гэтэл эхнэр хүүхдэд нь ажил олдохгүй болохоор боловсон хүчний хувьд тун хүндрэлтэй. Одоогийн байдлаар Авдрантын хорих ангийн ажилчдын 50 хувь нь мэргэшээгүй ажилчид байна. Мэргэшсэн, олон жилийн туршлагатай боловсон хүчин ажиллаж байж, хоригдлуудыг засч хүмүүжүүлж, нийгэмшүүлнэ. Гэтэл хотоос хол байрладаг учир ажилчид удаан тогтоно гэж үгүй. Манай ажилчдад гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал, халамж тавих боломж байдаггүй. Бараг л хүүхдээ хэддүгээр ангид сурч байгааг мартдаг нь энгийн үзэгдэл болох нь” гэж Авдрант буюу ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн дарга, хурандаа Г.Тамир ярилаа.

Хорих анги 57 ажилтан, албан хаагчтай. Түүнээс 18 нь гэр бүлээсээ, 15 нь үр хүүхдээсээ хол амьдарч, ажил үүргээ гүйцэтгэж байна. Авдрантад Төв аймгийн Лүн сумын харьяа хүүхдийн цэцэрлэг бий. Тэнд ажилчдын хүүхдүүд хүмүүждэг аж. Ажилчид үр хүүхэд, хань ижилтэйгээ ихэвчлэн утсаар холбоо барьдаг гэлээ. Гэхдээ гэртээ сууж байгаад тухтай ярих боломж байхгүй. Учир нь тэнд сүлжээ барьдаг нэг л хэсэг газар байх тул шаардлагатай үед тэндээ очиж холбоо барина. Орчин үеийн техник, технологи, интернет гэж огт байхгүй. Ажилчид цалингаа авахын тулд заавал төв суурин газрыг зорих болдог. Төрийн албаны хуулиар ажилчдын цалин заавал дансанд, картанд орох ёстой. Гэтэл Авдрантын хорих анги дээр банк байхгүй, мөнгө авах машин ч байхгүй. 

“Манай ажилчид цалингаа авахын тулд нэг өдрийн цалингаа хасуулдаг. Цалингаа авахаар төв суурин явахын тулд надаас чөлөө авна. Чөлөөтэй ажил хийгээгүй хүнд цалин өгөх эрх надад байдаггүй” гэж ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн дарга Г.Тамир ярилаа. Цалингаа авахын тулд цалингаа хасуулах тухай ёстой төсөөлж, бодож байсангүй. Гэвч орон нутгийн хорих ангийн ажилчдын хувьд энэ бол энгийн үзэгдэл болжээ.

“Соц” нийгмийн үед чанга дэглэмтэй хорих ангиудын хоригдлуудыг хүнд хүчир ажил хийлгэн, хүмүүжүүлдэг байжээ. Тиймээс хорих ангиудыг ихэвчлэн уурхай дагасан уулын мухарт барьдаг байж. Гэхдээ ангийн хорихын зориулалтаар бус. Ямар нэгэн стандарт, шаардлага хангахгүйгээр уулын чулуу, тоосго зэргээр барьдаг байсан тул одоогийн хорих ангиудын барилга нэгэн зэрэг муудсан байна.

Авдрантын хорих ангийн хоригдлуудын байраар орлоо. Бодож байснаас огт өөр юм. Хоригдлууд тусдаа цоожтой өрөөнд амьдардаг биз гэж төсөөлж байлаа. Гэтэл нийтийн байр мэт, бүгд нэг дор шахуу амьдарч байна. Хооронд нь бага зэрэг ханаар тусгаарласан байх аж. Авдрантын хорих ангид 120 хоригдол хүлээн авах боломжтой. Харин одоо бол 170 орчим хоригдол хүмүүжиж буйг дээр дурдсан. Зуны улиралд хоригдлууд Авдар ууланд орших Боржин чулуу олборлох үйлдвэрт ажилладаг учир багтаамжийн хувьд боломжийн байдаг гэнэ. Боржин чулуу олборлолт улирлын чанартай ажил тул хоригдлууд өвөлдөө байрандаа багтахаа болих нь бий.

"Хоригдлууд ажил хийхийг хүсч байна. Энэ нь өдөр хоног хурдан өнгөрөхөд, хүмүүсийн хохирлыг нөхөн төлөхөд хэрэгтэй" гэж ярив. Мөн ажил хийвэл мөнгө олж, ар гэрийнхэндээ явуулах боломж бүрдэнэ. Гэтэл ажил олддоггүй. Улаанбаатар хотоос 150 гаруй км-ын цаана байх Лүн сумын Авдар хэмээх уулын мухраас хэн л хоригдол авчирч ажил хийлгэх билээ. Сумын төвд ажил хийнэ гэдэг боломжгүй зүйл. Учир нь сумын залууст өөрсдөд нь ажил олдохгүй байгаа цаг үе.

Хоригдлуудад сургалт зохион байгуулъя гэтэл хотоос хол учир очдоггүй гэнэ. Мөн дээр нь хоригдлуудад сургалт зохион байгуулах талаар улсаас төсөв мөнгө өгдөггүйтэй ч холбоотой. Гэхдээ бас хоосонгүй. Сайн дурын байгууллага, буяны байгууллага, төрийн бус байгууллагуудыг гуйж хааяахан сургалт зохион байгуулдаг юм байна. Сургалт зохион байгуулагчид хотоос ирж, очихын 300 орчим км зам туулах учир хоол унд, унааны хөлс зохицуулж өгөөч гэж хүсдэг. Гэтэл төсөвт тийм зардал байхгүй. "Хоригдлуудад архины нөлөөллөөс гарах, гэр бүлийн хүчирхийллийн талаар сургалт зохион байгуулж, лекц сонсгож байвал нийгэмших, ухаарахад тус болно гэж үздэг ч тусгай төсөв байхгүйгээс чадахгүйд хүрдэг" гэдгийг ШШГЕГ-ын 403 дугаар ангийн нийгмийн ажилтан ярилаа.

“Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн төвлөрсөн хорих барих асуудлыг манай анги дэмжиж байна. Ер нь бол хотоос зайтай хорих ангийнхан бүгд дэмжинэ дээ. Монгол Улсын хэмжээнд 25 хорих анги байна. Үүнийг нэгтгэвэл төсөвт маш их хөрөнгө хэмнэх боломжтой. 25 хорих ангийн дарга, ажилчид, төсөв, барилга байгууламжийн урсгал зардал, хоригдлын хоол хүнсийг тээвэрлэх, хоригдол зөөх гээд маш их хөрөнгө үрдэг. Үүнийг шийдвэрлэх боломжтой. Хэрвээ төвлөрсөн хорих анги баривал одоогийн олон газар хуваарилдаг төсөв багасч, удахгүй зарлагаа нөхөх боломжтой” гэдгийг сурвалжлагын төгсгөлд Авдрант буюу ШШГЕГ-ын харьяа 403 дугаар ангийн дарга Г.Тамир онцолж байлаа.

Нэг өдөр өнжсөнөөр амьдралдаа хазгай гишгэсэн аавын хөвгүүдийг засч буй Авдрантын хорих ангиас явлаа. Алдаа гаргасан хүнийг засч авах нь бүх нийтийн ажил. Гэвч засч, залруулахад энэ мэт учир дутагдал их байх нь харамсалтай санагдав. Энэ бол хорих ангийн нэг л өдрийн амьдрал. Алдсан аавын хөвгүүдийг “алаг үзэлгүй”,  хүмүүжүүлж, нийгэмшүүлэхийн төлөө жилийн 365 хоногт 24 цагийн турш хүчин зүтгэж буй албан хаагчдыг бид таг мартжээ. Тэр хүмүүс шоронд хоригдоогүй ч хоригдол мэт амьдарч байна.

Б.ОЙНБИЛЭГ





NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж