Сайдууд Я.Санжмятав шиг бай л даа

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Сайдууд Я.Санжмятав шиг бай л даа

Мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэж байгаа 5200 залуу өчигдөр Чингисийн талбайд “Flash mob” үзүүлж, нүд хужирласан нь өнөөдрийн ярианы гол хачир болж байна. Юу гээч, хаврын чуулган нээлтээ хийсэн өнгөрсөн даваа гаригт иргэний нийгмийнхэн 2000 иргэн оролцсон жагсаалыг Чингисийн талбайд зохион байгуулж, Засгийн газрын сайдуудын давхар дээлийг тайлахыг шаардсан юм. Үүнд Н.Алтанхуягийн танхимынхан бүлх залгисан мэт дуугүй байсан ч Хөдөлмөрийн сайд харин шагхийсэн тоглолт хийчихсэн бололтой юм. Учир нь иргэний нийгмийнхэн 2000 хүн оролцсон жагсаал зохион байгуулсан бол түүнийх нь эсрэг Хөдөлмөрийн сайд 5200 мэргэжилтэй ажилтнуудаараа сюрприз барьсан гэх. Үнэндээ ч "Бид баялгийг бүтээнэ" уриан дор сүрлэг арга хэмжээ болсон нь ч үнэн. Хөдөлмөрийн яамыг бие даан байгуулсны ач холбогдол бол монголчуудаа ажилтай, орлоготой болгож сайхан амьдруулах. Энэ ажлыг тус яам хариуцдаг. Тиймдээ ч өнгөрсөн жил 6000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэж эх орны өнцөг булан бүрт илгээж байсан бол өнөө жилийн хувьд 7000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилго тавьсан гэх нь бий. Тэдний эхний ээлжийн суралцагчид Улаанбаатар хотод хуран цугласан нь энэ. Өнөөдөр залуус Туул голын ай савыг цэвэрлэж, хотыг хоггүй болгох аянд хувь нэмрээ оруулж яваа.

Ингэхэд Засгийн газрын сайдууд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав шиг сэтгэж болдоггүй юм байхдаа. Мэргэжилтэй ажилтан болж бэлтгэгдэж байгаа залуус хоттой ч танилцсан, хог ч цэвэрлэлээ, мэргэжилтэй ажилтан болохын давуу талыг өчигдөр Чингисийн талбайд "Flash mob” арга хэмжээнд оролцох үеэрээ сайн сурталчилж байна лээ.

Яам удирдана, ажил хийнэ гэдэг чинь гагцхүү сайд өөрөө ганцаараа тодорч телевизийн камер харж ярихыг хэлдэггүй л байхгүй юу даа. Хөдөлмөрийн сайдын арга ухаанаас бусад нь ч бас суралцаасай даа гэж…

Г.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж