Засгийн Газрын “Шинэчилж шийдье 222” уламжлалт уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 4 дүгээр сарын 8-ны өдөр боллоо.
Энэ удаагийн уулзалтад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдлага, албан хаагчид оролцож тус байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн Газар нь шинэчлэлийн бодлогын хүрээнд хууль зүйн салбарт Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын хууль эрх зүйн орчныг сайжруулж, орчин үеийн техник технологийн шийдлийг ашиглан улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээ, эдгээрт тавигдах хяналтын тогтоолцоог боловсронгуй болгохоор шинэчлэлийг эхлүүлээд байна.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллага нь ухаалаг хууль, журам, хүний нөөц, төсөв, үйлчилгээ, хилийн орц, гарц, тээврийн боомттой болохоор ажиллаж байна.
Ухаалаг хууль, журам
Ухаалаг хууль, журмын хүрээнд нэн түрүүнд УИХ-ын 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төслийг баталж тус хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиж шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Мөн шинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний албаны тухай хууль, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуультай болох, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Газрын хэмжээнд мөрдөж байсан эрх зүйн үндэслэлгүй, үйлчлэл нь дуусгавар болсон, мөрдөх шаардлагагүй 44 тушаалыг хүчингүй болгон төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгч чадлаа. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид заавал Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт дээр виз, оршин суух зөвшөөрөл авч, хурууныхаа хээг өгдөг боллоо.
Иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлж, өмгөөлнө
Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар үйл ажиллагаа явуулж эхэлснээр Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих боломж бий боллоо.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжснээр манай улсын цөөнгүй иргэн гадаадад ажиллаж амьдрахын тулд өөрийн нэр, зураг, регистрийн дугаараа өөрчилж хилийн дээс алхсан нь эдүгээ эх орондоо эргэн ирэхэд нь багагүй хүндрэл учруулж бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэргээр хууль хяналтын байгууллагуудын үүдийг хэдэн сараар сахихад хүргээд байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар дээрх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцөж эдгээр иргэнийг хууль ёсны бичиг баримтаар нь эх оронд нь хил нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Ухаалаг үйлчилгээ, хилийн орц, гарц, тээврийн боомт
Тус байгууллага нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн систем байгуулах зорилгоор "Э-иммигрэйшн" төслийг 2016 он гэхэд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна.
Төсөл хэрэгжснээр олон улсын түвшинд хүрсэн техник технологи ашиглаж улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, улмаар гадаадын иргэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг онлайнаар авах боломж бүрдэх юм.
Ухаалаг тээврийн боомттой болсноор нүүрс тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг болох юм. Өөрөөр хэлбэл, технологийн дэвшил ашигласнаар хил дээрх үйлчлүүлэгчдийн хүлээлт, дараалал үгүй болж, өдөрт дунджаар 1000-аас дээш машин нэвтэрч, ачаа тээврийн хурд нэмэгдэнэ.
Ухаалаг төсөв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч онд “Шилэн дансны тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулсан билээ. Энэхүү санаачлагын хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн ширхэг төгрөгийн гүйлгээг ч шилэн дансаар тайлагнах уриатай ажиллаж байна. Иргэн та тус байгууллагын төсвийн ил тод байдалтай танилцахыг хүсвэл www.immigration.gov.mn сайтад хандана уу.