Украины асуудлыг хэлэлцэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Украины асуудлыг хэлэлцэхээр болжээ

Украины зүүн хэсгийн нутгуудад дахь оросыг дэмжигчид өнгөрсөн өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал хийж, хотын захиргааны байруудыг эзэлснээс дахин үймээн дэгдээд байгаа билээ. Украиныг Европын холбоонд нэгтгэх асуудлаас үүдсэн улстөрийн зөрчил, хямрал өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш үргэлжилсээр тус улсын тогтвортой байдал, тусгаар тогтнолд заналхийлж эхлээд буй юм. Тэгвэл Украинд үүсээд буй зөрчил, хямралыг шийдвэрлэхээр Европын холбоо, ОХУ, АНУ, Украины албаныхан анх удаа нэг ширээний ард уулзаж, яриа хэлэлцэл хийхээр болсон байна. Украины хямралд гар бие оролцогч талууд ирэх долоо хоногт дөрвөн өдрийн турш зөрчлийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх гэнэ. Уулзалтанд Европын холбооны Гадаад хэргийн асуудал хариуцсан дээд комиссар Кэтрин Эштон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины түр Засгийн газрын Гадаад хэргийн сайд Андрей Дещица нар оролцох аж. Өмнө нь АНУ, ОХУ-тай эсвэл Европын холбоо Украинтай хэлцэл хийж байснаас бүгд нэг дор уулзаж байгаагүй юм. ОХУ-ын зүгээс Виктор Януковчийг суудлаас буулгаж, Засгийн эрхийг авсан Украины сөрөг хүчний удирдагчдыг хүлээн зөвшөөрөхгүй, уулзаж яриа хэлцэл хийхээс татгалзсаар ирсэн юм.

Украины зүүн хэсгийн хотуудад гарсан эсэргүүцлийн жагсаал, үймээнийг дарахаар өчигдөр /IV.8/ Киевийн Засгийн газар цэргийн хүч илгээсэн юм. Үүний үр дүнд Украины хүчнийхэн  цус асгаруулалгүйгээр Харьков хотын захиргааны байрыг жагсагчдаас чөлөөлж, 70 орчим хүнийг баривчилсан байна. Харин Луханск хотын захиргаа, хууль сахиулахын байрууд одоо болтол жагсагчдын мэдэлд хэвээр байгаа аж.  Галт зэвсгээр зэвсэглэсэн жагсагчид, 60 орчим хүнийг барьцаандаа байлгаж байгаа гэнэ. Мөн Донецк хотын захиргааны байранд бүх нийтийн санал асуулга явуулахыг шаардсан хэсэг хүмүүс бүгсэн хэвээр байгаа аж.

Үүний зэрэгцээ Украины зүүн хэсгийн хилээр цэргийн хүчээ төвлөрүүлээд буй ОХУ-ын эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах нь иргэний дайнд хүргэж болзошгүйг Киевийн эрх баригчдад анхааруулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж