Ардын намынхан алгаа ташдаг болсон байна
Хаврын чуулган эхлээд хоёр хонож байна. Өнөөдөр /өчигдөр/ Төсвийн байнгын хорооны хуралдаанаар царцаасан төслүүдийн талаар Аудитын санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт гишүүдийн асуудалд хандаж буй хандлагад ихэд эгдүүцэн, хуралдааныг орхиод гарсан юм. Эрхэм гишүүний бухимдсан шалтгааныг тодрууллаа.
-Өнөөдөр төсвийн байнгын хорооны хурлыг дуусгалгүй орхиж гарлаа. Ямар шалтгаанаар орхиж гарсан бэ?
-Зүгээр ч нэг орхиж гарсангүй. Хурлын үйл явц, зохион байгуулж байгаа дэг жаяг болохгүй байсан учраас энэ хуралдааныг орхиж гарсан. Төсвийн байнгын хороогоор 2014 оны улсын төсвийг хэлэлцэж батлахдаа санхүүжилтийг нь царцаасан төслүүдийг хэлэлцэн, төсвийн тодотголд оруулж батлах эхний ажлууд хийгдэж байна. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажилласан. УИХ,-аас Аудитын ерөнхий газарт он дамжин, удаан хугацаанд баригдаж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудтай газар дээр нь очиж танилцан, ямар учраас төсөв нь өсч, ажил зогссон шалтгааныг тодруулах үүрэг өгсөн. Үүний дагуу Аудитын ерөнхий газар энэ ажлыг хийж дуусгаад, Их хуралд танилцуулсан. Энэ санал, дүгнэлттэй байнгын хороо танилцаж, ажлын хэсэг арав гаруй удаа хуралдсаны эцэст өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэхээр болсон. Гэтэл цаг хугацааны хувьд үнэхээр хоцорч байна. Учир нь барилгын ажил урин дулааны энэ цагт ид эхэлж байх ёстой атал ажлаа эхлээгүйгээр барахгүй УИХ дөнгөж одоо л хэлэлцэж эхэлж байгаа нь харамсалтай байна.
Намрын чуулган дуусах үеэр гурван сарын хорьдоор ээлжит бус чуулганыг хуралдуулна гэж төлөвлөж байсан ч Их хурлын даргын зөвлөл, намын бүлгүүд ээлжит бус чуулганыг болиулсан. Гэтэл одоо дөнгөж хуралдаад эхлэхээр байнгын хороон дээр Ардын намын бүлэг зохион байгуулалттайгаар олноороо орж ирж нэг хүн хичнээн минут ярьдаг. Ингэхдээ Монгод улс даяар ажил нь зогсчихсон сургууль, цэцэрлэгүүдийн асуудлыг ярихгүй, улс төржсөн хандлагаар буюу аливаа асуудлыг шийдэхгүй талаас нь ярьж байна. Хуралд оролцож байгаа хүмүүс нь ч энэ байдлыг өөгшүүлж, зохион байгуулалттайгаар нэг бүрчлэн яриулж байна. Сөрөг хүчний зүгээс болох зүйлийг болохгүй талаас нь хардаг, бүхнийг үгүйсгэх, харлуулах байдлаар ханддаг. Жишээлбэл, валютын ханш өслөө гэхэд л Ардын намынхан алгаа ташдаг болсон байна. Энэ бүхэн нь нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хичнээн их хохирол учруулж байгаа вэ гэдэгт санаа зовдоггүй. Нэг юм болохгүй болвол алга ташин, шүгэлдэн босч ирдэг болчихсон. Ийм байдал хэрээс хэтэрч байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн төсвийн байнгын хорооны хурал байлаа.
Миний хувьд асуулт тавихаар хамгийн түрүүнд нэрээ өгсөн. Гэтэл хариулт өгөлгүй, бодит ажлаа ярихгүй, улс төржүүлж, телевизийн камер харж шоу хийсэн, ажил хэрэгч бус, цаг үрсэн байдалтай байсан учраас ийм хуралд суух хэрэггүй гэж үзээд орхиж гарсан. Гэтэл байгаа болохоор хуралдааныг аргагүй эрхэнд орхиж гарсан гэдгээ албаар ёсоор мэдэгдье.
-Улсын хэмжээнд 243 обьектыг царцаасан байгаа. Энэ жагсаалтад Сүхбаатар аймгаас хэдэн барилга орсон бэ?
-Сүхбаатар аймгийн хувьд арав гаруй барилгын төсөв царцаагдсан. Үүнд дахин төлөвлөх, шууд үргэлжлүүлэх, төсөвт өртөг нь дутуу тооцоологдсон барилга ч бий. Тойргийнхоо тухай ярих зүйл надад маш их байсан. Гэсэн хэдий ч УИХ, Аудитын газар хоорондоо дайрч давшилсан байдалтай байсан. Аудитын газар энэ их ажлыг хийчихээд ийм үг сонсоод сууна гэдэг бол харамсалтай санагдаж байна.
-Орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдэд тухайн орон нутгийн удирдлага шууд хяналт тавих боломжгүй байгааг та урьд нь нэг бус удаа шүүмжилж байсан. Энэ тогтолцоог өөрчлөх талаар одооноос л ярьж эхэлж байна …
-Тийм ээ, УИХ улсын төсвийг батлаад, түүнийг нь захиран зарцуулах яамд нь тендер зарлаад, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулдаг. Жишээлбэл: Нэг суманд баригдаж байгаа сургуулийн барилгыг Улаанбаатарт байгаа Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцаж, тендер зарлаад, хэн нь мэдэгдэхгүй нэг кампанийг сонгоод явуулдаг. Тэгээд гүйцэтгэлд нь хяналт тавьдаггүй, хариуцсан ажилдаа эзэн болж чаддаггүй, ийм буруу тогтолцоотой байсан учраас монгол орон даяар дэндүү олон ажил цалгардсан. Энэ асуудал Сүхбаатар аймагт ч бий. Цаашид тодорхой үнийн дүнд багтах төслүүдийг орон нутаг өөрсдөө хариуцан, тендер зарлаад, гүйцэтгэгчээ шалгаруулж байх шаардлагатай.
Тойргоос сонгогдсон гишүүний хувьд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг зогсоочихгүй юм сан гэж санаа тавин ажиллаж байна. Тиймээс эдгээр асуудлыг цаг нартай уралдан шийдээсэй гэж бусад гишүүддээ уриалж байна.