
Өнгөрсөн долоо хоногт Парист болсон эхний тоглолтод 3:1-ээр ялагдал хүлээгээд байсан Лондонгийн “Челси” клуб өнгөрсөн шөнийн тоглолтод өрсөлдөгчөө 2:0 харьцаатай хожсон. 2004 онд “Олд Траффорд” цэнгэлдэхэд тоглолтын төгсгөлд оруулсан гоолынхоо ачаар “Манчестер Юнайтед”-ыг Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс “мулталж” байсан “Порту”-г тухайн үед Жозе Моуриньо удирдаж байсан. Харин энэ удаад “Онцгой нэгэн” хочит Моуриньо “Челси”-гийн хамт 10 жилийн өмнөх тэр түүхийг давтав. “Челси”-гийн франц довтлогч Демба Ба тоглолтын 87 дахь минутад гоолдсоноор багтаа чухал хожил авчирсан юм. Талбайдаа хийх хариу тоглолтод хаалгандаа бөмбөг алдалгүйгээр хоёр гоолын зөрүүтэй хожих, эсвэл гурваас дээш гоолын зөрүүгээр хожиж байж дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах байсан “Челси”-гээс Андре Шурле тоглолтын 32 дахь минутад тооны харьцааг нээсэн юм. Ингээд тоглолт өндөрлөхийн өмнөхөн Демба Ба гоолдсоноор “Челси” талбайдаа 2:0 харьцаатай хожиж, айлын талбайд оруулсан гоолын зөрүүгээр шөвгийн дөрөвт өрсөлдөх боломжтой болсон юм.
Моуриньогийн хувьд ийнхүү дасгалжуулагчийн хувиар сүүлийн таван жил дараалан удирдсан багаа Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт шалгаруулж байна. Өнгөрсөн шөнийн тоглолтын дараа тэрбээр “Демба Ба маш чухал төгсгөл хийлээ. Хамгаалж тоглохоор шийдсэн баг шийтгэлээ хүлээж, зүрх сэтгэлээ зориулан тоглосон баг хагас шигшээд шалгарлаа” хэмээжээ.

Португалийн “Порту” болон Италийн “Интер Милан”-ы хамт Аваргуудын лигт түрүүлсэн Моуриньо энэ удаад Английн багийн хамт Европын топ төвшний тэмцээнээс түрүү хүртэж, аваргын цом өргөх хүсэлтэй байгаа нь гарцаагүй.
Өнгөрсөн шөнө Германд болсон “Реал Мадрид” болон “Боруссия Дортмунд”-ын тоглолтын тухайд талбайн эзэд 2:0-ээр ялалт байгуулсан. Гэхдээ эхний тоглолтод “Реал” талбайдаа 3:0-ээр хожсон байсан тул хоёр тоглолтын нийлбэрээр Испанийн Эзэн хааны баг дараагийн шатанд шалгарч буй юм. Өнгөрсөн шөнийн тоглолтод “Боруссия”-гийн жигүүрийн тоглогч Марко Ройс 24 болон 37 дахь минутад гоолджээ.
Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтууд өнөө шөнө үргэлжлэн явагдана. Тодруулбал, “Барселона” нутаг нэгт өрсөлдөгч “Атлетико Мадрид”-ын талбайд зочлох бол “Байерн Мюнхен” талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээн авч тоглоно. Улмаар дөрөвдүгээр сарын 11-нд шөвгийн дөрвөн багийн сугалаа болох юм.





