Монголыг атгах Хятадын санаархал

Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Монголыг атгах Хятадын санаархал

Монголыг атгах Хятадын санаархал

Монголд гадаадын банкыг оруулж ирэх нь ашигтай гэдэг хувилбарыг дэлхийн банк санал болгодог. Гэхдээ Дэлхийн банкны зөвлөсөн болгон зөв байдаггүйг өнгөрсөн олон жилийн туршлага харуулсан. Зарим нэг эдийн засагчид ч үүнийг уухайлан дэмжиж, гадаадын банк л ороод ирвэл Монгол Улс цэцэглэн хөгжих юм шиг уран донгодох болж. Гэвч гадаадын банкыг оруулж ирснээр Монголын эдийн засаг төдийгүй эдийн засгийн аюулгүй байдалд учрах хор хохирлын талаар хэн ч дуугарахгүй байгаа нь хачирхалтай. Гадаадын банкыг оруулж ирэх тухай асуудал зүгээр нэг уран цэцэн үгтэй улстөрчдийн амнаас хальж, УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэгдэх хэмжээнд хүрчихээд байгаа ч энэ талаар “Аа” гэж дуугарч байгаа хэвлэл, мэдээлэл алга. Магадгүй нууцаар хэлэлцэх сонирхол байгааг үгүйсгэх аргагүй юм. Монголд оруулж ирэх гээд байгаа нөгөө гадаадын банк гэдэг нь Хятадын “Bank of China”.

Ердөө зуухан жилийн өмнө монголчууд хамаг байдгаа Хятадын луухаануудын пүүсүүдэд алдчихсан. Дээр нь бүгдээрээ тэдэнд төлж баршгүй өртэй байсныг өнөөдөр мартсан бололтой.

…Нэгэн Хятад наймаачин Монгол эрд "Нэг сая зоос өгье, харин чи маргаашаас эхлээд нэг сарын турш нэг зоосыг өдөр өдрөөр нугалж надад буцааж өг” гэдэг санал тавьжээ. Монгол эр баярлаад “Ямар тэнэг хятад вэ” гээд дуртай нь аргагүй зөвшөөрч нэг сая зоосыг нь аваад маргааш нь 1 зоос, хоёр дахь өдөрт хоёр зоос, гурав дахь өдөрт дөрвөн зоос гэх мэтчилсэн өгсөөр арав дахь өдрөө 512 зоос, 20 дахь өдрөө 524 мянга 288 зоос, 30 дахь өдрөө 536 сая 870 мянга 912 зоос төлөх өрөнд орсноо сүүлд нь мэдсэн тухай сургамжит өгүүллэг бий. Нэг саяыг тэрбум болгож буцааж авах наймаа хийсэн түүх. Бид ингэж л тэдэнд маллуулдаг.

Азаар гэх үү, золоор гэх үү үндэстнээрээ өрөнд орчихоод аргаа барахдаа Хятадын пүүсийн өрийн дэвтэрийг нь шатааж байсан гашуун түүх бидэнд бий. Зуун жилийн өмнө ч гэлтгүй бид өнөөдөр гадны хөрөнгө оруулалттай банкинд хамаг малаа барьцаалчихсан баларч суугаа. Дээр нь ганц ашиг олох Тавантолгойнхоо нүүрсийг өмнөх засгийн Хятадын “Чалько” компанид өр тавьж сонгуулийн шоундаа цацсан мөнгийг эргүүлж төлөхөд зарцуулж байна. Өчигдөрхөн л гэхэд “Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компанийг БНХАУ-тай хамтран байгууллаа. Бид аажмаар бүхнээ энэ мэт алдаж суугаа. Оюутолгойгоо тавиад туучихсан, түүнээс олсон ашиг нь харь орон руу урссаар буйг бид харж байна.

“Чонын амнаас мултраад барын аманд” гэдэг зүйр үгийг өвгөд дээдэс маань зүгээр ч нэг хэлчихээгүй бололтой. Үүн лүгээ гадаадын банк оруулж ирж зээлийн хүүг бууруулна гэдэг сайхан үлгэрийн ард Монгол Улсын эдийн засаг Хятадын гарт орчихож мэдэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятадын томоохон банк орж ирснээр үндэсний банкууд дампуурч, аажим аажмаар манай улсын банк, санхүүгийн салбар хятадуудын гарт орно гэсэн үг. Тэгвэл Монгол Улс байгалийн баялаг, мөнгө санхүүтэйгээ гадаадынхны гарт орж, монголчууд бид өөрсдийнхөө газар нутаг дээр гадаадынхны боол болно. Энэ нь их гүрэнд дагаар орсноос өөрцгүй хэрэг. Их эзэн Чингис хаан нэгэнтээ “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө болгон сануул” хэмээн хэлсэнчлэн Ар Монголыг өөртөө нэгтгэх их гүрний санаархал мөхөөгүй гэдгийг цөөхөн монголчууд бид өглөө болгон бие биендээ сануулж байх учиртай. Өвөг дээдсийнхээ цусаа урсган хамгаалж, ясаараа тулж босгосон тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бид өөрсдийн сайн дураар гадныханд найр тавьчихаад үр хойчийнхоо нүүрийг яаж харах билээ. Монголын арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байгаа нь үнээн. Гэхдээ энэ нь хятадуудад банк, санхүүгийн салбараа даатгах шалтгаан биш байлтай. Хэн нэгэн Ли овогтын халаасыг түнтийлгэж, яваандаа тэднээс санхүүгийн хараат болохоос өөр гарц олон байгаа. Бид өөр гарцыг залхууралгүй хайж олох учиртай. Гадаадын банкуудыг сайн тооцолгүй зах зээл рүүгээ нэвтрүүлсэн Зүүн өмнөд Азийн орнуудын төдийгүй Аргентин улсын хямралд нэрвэгдсэн гашуун жишээ олон бий. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгчийн үлгэрээр гадаадын банкуудад хэт найр тавьснаар дотоодын банкны зах зээл дээрх хяналтаа гадны санхүүгийн бүлэглэлүүдэд бүрэн алдсан Зүүн өмнөд Азийн орнуудын араас бид орох гэж үү. Дээрх орнуудын бодит гашуун туршлагыг бид хайхрахгүй өнгөрч болохгүй.

Гадаадын банкыг оруулж ирснээр зээлийн хүүг бууруулна гэдэг нь тун гэнэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, сурах бичгийн ойлголтоор буюу онолын хувьд бол гадаадын банк оруулж ирэх нь өрсөлдөөнийг нэмж зээлийн хүүг бууруулна. Гэвч бодит амьдрал дээр ийм үр дүн гарахгүй бөгөөд нөхцөл байдлыг сайтар тооцох хэрэгтэй. Монгол шиг голлох ганцхан экспортын зах зээлтэй, ганц зүгийн хөрөнгө оруулагчид голдуу төвлөрсөн жижиг зах зээлтэй улс битгий хэл дэлхийн хөгжингүй орнууд хүртэл банк, санхүүгийн салбараа гадныханд алгуураар нээдэг, маш болгоомжтой ханддагийг энд өгүүлэх нь зөв биз. Харин “Bank of China” Монголд салбараа нээж, 6000 гаруй аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх бодлоготой байгаа нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Ингэснээр улс орны эдийн засаг Монголын болон Хятадын хамааралтай болон хуваагдмал байдалд орж эдийн засгийн үр ашиг эрс муудах нь гарцаагүй юм. Үүн дээр Малайз улсын жишээг хэлж болно. Малайзын эдийн засаг Энэтхэг, Малайз, Хятадын хамааралтай гэж хуваагдмал болсон. Хэрэв Хятадын банкны салбарыг оруулж ирвэл Монголын эдийн засаг хэдэн жилийн дараа мөн л ийм хамааралтай болох нь гарцаагүй юм. Монголд салбараа нээнэ гэдэг нь төлбөр тооцооны системд бүрэн оролцоно гэсэн үг бөгөөд валютын ханш, мөнгөний урсгал, эдийн засгийн санхүүгийн эрсдэлд хэрхэн нөлөөлөх, хэрхэн хяналт тогтоох нь бүгд хятадуудын тоглоомын дүрмээр шийдэгдэнэ.

Үүгээр ч зогсохгүй манай улсын хувийн томоохон компаниудын мэдэлд төвлөрсөн уул уурхайн нөөц, баялаг, лиценз үл хөдлөх хөрөнгө гээд эдийн засгийн гол үнэт зүйлс ч хятадуудын гарт барьцаа хэлбэрээр орох бодит аюул нүүрэлнэ. Төсөл хэрэгжих ирээдүйгүй гэдгийг мэдсэн хэр нь зээл олгож, барьцаа хөрөнгийг нь өөрийн болгох санаархал ч үүний цаана нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд Засгийн газар хүртэл зохицуулах аргагүйд хүрч, хамгаалах чадваргүй болж, хяналтаа алдах аюултай. Тодруулбал, Хятадууд банкаар банкны барьцаа, зохицуулалтаараа дамжуулан Монголын эдийн засагт ноёрхолоо тогтоох бодит аюултай юм. Хэрэв хэзээ нэгэн цагт үндэсний банкууд бүгд дампуурвал зээлийн хүүг хэд болгож өсгөх нь ч хятадуудын мэдэх хэрэг болж хувирна. Энэ мэтээр бид чонын амнаас зугтаж, барын ам руу орохоор ухамсартайгаар улайрч байна. Анхаар, аюултай. Түр хүлээж дахин бодох хэрэгтэй. Долоо хэмжиж, нэг огтолсон ч дотор хүний арга залийг бид таашгүй. Дахин хэлье. Их эзэн Чингис хаан нэгэнтээ “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө болгон сануул” хэмээн хэлсэнчлэн Ар Монголыг өөртөө нэгтгэх их гүрний санаархал мөхөөгүй гэдгийг цөөхөн монголчууд бид өглөө болгон бие биендээ сануулж байх учиртай. Тусгаар тогтнолын гол баталгаа нь тусгаар эдийн засаг, санхүүгийн бодлого байх учиртай. Ухамсартайгаар бид үүнийгээ харийнханд алдвал хожим халаасанд  нь орчихсон хойноо амаа бариад ч аргагүй байдалд хүрэх вий. Ургасан бол хагдрах нь зайлшгүй гэдэг Хань үндэстний айхтар том философи бий. Бид хямдыг нь бодоод бүхнээ урдаас зөөдгийн балгаар өнөөдөр үндэсний үйлдвэрлэл байж болох доод хэмжээндээ хүрчихсэн. Эргэн өндийж чадахгүй болтлоо шүү. Адаглаад л цэрэг, цагдаагийнхаа хувцасыг үйлдвэрлэчих үйлдвэргүй болтлоо доройтчихсон улс. Одоо харин банкаа будаа болгохоор аавынхаа толгойгоор оролдсон айлын эрх хүүхэд шиг балайрч сууна. Сэрэмжлэгтүн.

Тариан талбайдаа мануухай босгохгүй бол будаа тоншихоор болжмор суухдаа л сууна гэж айхтар үгийг нь ч санахад илүүдэхгүй биз ээ.

Л.НАРАНТӨГС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж