Хуучирсан мэдээ: 2014.04.09-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр VS Ч.Улаан

Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн үү, үгүй юу?. Хүндрэл үүссэн бол юу нөлөөлөв, гарц юу байна. Энэ онд эдийн засгийн өсөлт гарах уу, Оюутолгой төслийн хоёр дахь үе шат энэ онд хэрэгжих үү зэрэг олны анхаарал татсан асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар тодорхой байр суурь илэрхийлснийг “News week” сонин энэ удаагийн дугаартаа онцоллоо.

Н.Батбаяр:

Энэ оны эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа. Мэдээж шүүмжлэлтэй, хүндрэлтэй зүйлс байна. Тэр нь валютын ханшийн өсөлт. Гэхдээ өнөө жилийн эдийн засгийн өсөлтийг 14 хувиар тооцсон. Хятадад очиход “Манай эдийн засгийн өсөлт 11.7 хувь байна” гэхэд “Танай эдийн засгийн өсөлт том байна. Манай улс 7.7 хувийн өсөлттэй байна” гэсэн. Давосын эдийн засгийн чуулганд очиход “Дэлхийн эдийн засаг хүндрэлтэй байхад танайх яаж өсөлтөө хоёр оронтой тоонд барьж чадаж байна аа” гэж асуусан.

Ам.долларын ханшийн тухайд дэлхий дахинд валютын ханш чангарч байна. Зарим орнуудын хажууд манайх харьцангуй гайгүй гэж хэлж болно. 1800 төгрөгтэй тэнцээгүй байгаа шүү дээ. Дээр нь ам.долларын ханшийн өсөлт ганцхан Засгийн газрын анхаарах зүйл биш. Нийт монголчуудын хувь заяа юм. Ам.долларын ханшийг илүү тогтвортой байлгая гэж бодож байгаа бол үндэсний үйлдвэрүүдээ дэмжих шаардлагатай. Дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн авахдаа Монголдоо үйлдвэрлэснийг сонгож авбал валютын ханш өсөхгүй. Импортоор орж ирэх барааны хэрэгцээ нэмэгдэх тусам валютын эрэлт их болно. Бидний тооцоогоор энэ онд гадаад худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарна. Гадаад худалдааны тэнцлийг эхний хоёр сарын байдлаар авч үзвэл өнгөрсөн жил хасах 300 сая ам.доллар байсан бол 16 сая ам.долларын хасахтай гарлаа. Тэгэхээр өнгөрсөн жилийнхээс сайжирч байна гэсэн үг. Экспортын хоёр сарын хэмжээ 80 сая ам.доллараар өссөн, импортын хэмжээ 100 орчим сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Алдагдал буурч байгаа нь цаашдаа Монголын эдийн засагт валютын ханшийг тогтвортой байлгах хандлага ажиглагдаж байгаа гэсэн үг юм.

Монголд компаниуд олноороо дампуурсан зүйл байхгүй. Манайхан нэг зүйл сонсоод түүнийгээ нийтийн болгох зуршилтай. Сайн явах санааных шүү дээ. Би хэлдэг дээ, Муу юм хийх нь бүү хэл муу зүйл бүү ярь. Тэр битгий хэл муу зүйл бүү бод гэж… Энэ бүхэн чинь муу бүхнийг дууддаг байхгүй юу. 2011 онд АНУ-д хоёр өндөр юу болсныг та нар мэднэ. Ийм юм болохоос өмнө яриа гарсан байсан. Тийм учраас муу юм дуудаад хэрэггүй, муу юм холуур явж байвал зүгээр.

Мөн би ард түмний амьдрал доройтож байгаа гэж хэлэх дургүй. Дэлхийн бусад оронд үнэ ханш нэлээд хэцүү байдалд орчихсон. Бид түүнийг харьцангуй зөөллөж авч яваа. Сайн явах санааных шүү дээ. Гар хөдөлбөл ам тосдоно гэдэг. Чи өөрийнхөө сайн сайхны төлөө хичээж ажиллахгүй бол болохгүй. Сайхан амьдаръя гэж байгаа бол өөрсдөө л сайн ажиллах хэрэгтэй. Ажлыг хэн хийх вэ хүмүүс л хийнэ.

Оюутолгойн асуудлууд шийдэгдэхгүй яваад л байна. Нэгэнт эхэлсэн зүйлээ цаашид харилцан ашигтайгаар үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэрээ удааширч байгаа ч үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Гэрээний хугацааг аль болох хурдан шийдэх хэрэгтэй байгаа ч тохиролцоонд хүрч чадаагүй явна.

11-11 төв 2014.03.12, “Эх орон” телевиз 2014.04.02-нд


Ч.Улаан:

Монголын эдийн засагт амаргүй хүнд сорилтууд тулгараад байна. Үүнд хэд, хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүссэн ачаалал сорилт. Мөн бидний үйл ажиллагаатай холбоотой дарамт ачаалал байна. Нөгөө талаар өмнө нь явуулж байсан бодлогын үр дагавар. Түүний сөрөг нөлөөлөл бүрэн арилаагүй байна. Тэгэхээр эдийн засаг хүнд сорилттой тулгарчихаад байгаа. Улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна, энэ оны нэгдүгээр улирлаас харахад. Өнгөрсөн жил төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасалдсан. Энэ оны эхний гурван сарын байдлаас харахад бас л орлого дээр тасалдал үүсч болзошгүй нөхцөл байдал үүсчихлээ. Цаашдаа бид олж байгаа орлогоо аль болохоор оновчтой зөв ашиглах, зарлага санхүүжилтээ оновчтой зарцуулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

Тухайлбал, энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 20 хувиар тасалдчихаад байна. Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурсан нь эргээд гаалийн татвар дээр тасалдал үүсгэлээ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч чадаагүй байгаа нь мөн татварын орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнээсээ 20 орчим хувиар тасалдахад нөлөөлсөн. Гэхдээ 2014 оны төсвийг батлахдаа нэгдүгээр улиралд төвлөрүүлэх татварын орлогыг өмнөх жилүүдтэй харьцуулахад багаар төлөвлөсөн байсан ч тасалдал үүссэн нь том дохио. Тэгэхээр 2014 оны төсөв бялхаж цалгихгүй болохоор танаж болох зардлаа танаж, зарлагаа багасгах, олсноо зөв зүйлд зарцуулах шаардлага байна гэсэн үг.

Ам.долларын ханшийг зохиомлоор бууруулж болохгүй, тэгж чадах ч үгүй. Гол нь ханшийг бууруулахын тулд зөв бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэвч Монгол Улсын эдийн засаг дэндүү бэлэнчилсэн эдийн засаг. Бүх юмыг гадаадаас авдаг. Гурван сая хүн амтай, 45 сая толгой малтай хэрнээ сүүнийхээ 70 хувийг валютаар худалдаж авч байна. Ийм байдлаас салах ёстой. Тэр ч үүднээс Засгийн газар экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ зарласан. Үүний дүнд зарим нэг нааштай үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Нэгдүгээр улиралд ямарч байсан гадаад худалдааны алдагдал багассан, төлбөрийн баланс тэнцвэржих хандлагатай байна. Цаашдаа экспорт нэмэгдээд импорт багасаад ирэхийн цагт валютын ханш буурах бололцоо бий.

Инфляцийг энэ жил нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх төрийн бодлого тодорхой болсон. Бид энэ бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж байна. Жилийн 12 сараас гурван сар нь өнгөрсөн байна. Гурван сарын дүнгээр өнөөдрийн хувьд инфляц хоёр оронтой тоон дотор эргэлдэж байгаа нь үнэн. Цаашдаа үлдэж байгаа хугацаанд бидний төлөвлөсөн макро эдийн засгийн бодлого төрийн мөнгөний бодлого маань саадгүй хэрэгжиж эхэлсэн нөхцөлд инфляцийг нэг оронтой тоонд байлгах боломжтой болно гэж бид тооцсон.

Засгийн газар Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлье гэсэн байр суурьтай байгаа ч хөрөнгө оруулагч тал хойрго хандаж байгаа. Энэ нь төслийн нэгдүгээр үе шатанд гарсан ойлгомжгүй байдалтай холбоотой. Оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг зөв тогтоох зэрэг хэд, хэдэн асуудал бий. Засгийн газар зарчмын байр сууриа хэвээр хадгалж байгаа.

11-11 төвд 2014.04.02-нд


Бэлтгэсэн Г.ДАРЬ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №056

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж