Дунд сургуульд байхад сурагчид нь багш, эмч, нийгмийн ажилтны ажлыг нэг өдрийн туршид хийж үзэж, сонин содон аргаар хичээл явуулдаг байсан санагдана. Иймэрхүү зарчим сургуулийн захирлуудад үйлчлэх нь. Тодруулбал, боловсролын байгууллагын удирдах ажилтнууд анх удаа сэлгэн ажиллаж эхэллээ. Энэ нь Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар хамтран хэрэгжүүлж буй “Сургуулийн менежментийн туршлага солилцох” хөтөлбөрийн хүрээн дэх нэгэн ажил бөгөөд дунд сургуулийн захирлууд хоорондоо солигдон ажиллах юм.
Хүн өөрийн хийсэн ажлаа өөрийн нүдээр харахад ямар ч алдаа мадаггүй, хаана, юу хийх хэрэгтэйгээ олж харж чаддаггүй гэмтэй. Үүнтэй адил сургуулиудад ямар алдаа оноо байгааг нээж олох, шинэ туршлагаа бусдад хуваалцах зорилгоор сургуулийн захирлууд хоорондоо солигдон ажиллах юм.
Нийслэлд одоогоор төрийн өмчийн 114, хувийн 89, нийт 203 ерөнхий боловсролын сургууль байдаг бөгөөд сургууль бүр өөрийн онцлогтой. Тэгвэл энэ удаагийн захирлуудын туршлага солилцох хөтөлбөрт улсын зургаа, хувийн гурав, төрийн өмчит олон улсын хөтөлбөртэй гурав, төрийн өмчит гүнзгийрүүлсэн сургалттай хоёр гээд нийт 14 сургуулийн захирал хамрагдаж байна. Эдгээр сургуулийн захирлууд томилогдсон сургууль дээр очин хоёр долоо хоногийн турш ажиллах бөгөөд энэ хугацаандаа тухайн сургуулийн удирдах ажилтны хийх ёстой байсан ажлыг гүйцэтгэх юм. 14 сургуулийн захирал ажлын төлөвлөгөөгөө гаргаж, сургуулийнхаа түлхүүрийг солилцсон. Ингээд өчигдрөөс ажлаа эхлүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл ажиллах юм. Энэ хугацаанд солигдон ажиллах захирлууд тухайн сургуулийн санхүүгийн болон аливаа шийдвэр гаргах төвшинд оролцохгүй, шинэ санаа гаргах, бусдаас суралцах, сургах байдлаар хамтран ажиллах талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлсэн. Тиймээс тухайн сургуулийн орчин нөхцөл, хүүхдийн хөгжил, сургалтын арга барил, багш, удирдах ажилтны мэдлэг чадвар ямар байгаад анхаарал хандуулж, шинэ санааг эрэлхийлэх юм байна.
84 дүгээр дунд сургуулийн захирал, доктор, профессор С.Марта:
-Туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд Оюуны ундраа цогцолбор сургууль дээр 14 хоногийн хугацаанд ажиллахаар болсон. Хүүхдийн тооны хувьд манай сургууль Оюуны ундраа цогцолбор сургуулиас бага зэрэг илүү. Манай 84 дүгээр сургууль 3100 орчим сурагчтай. Гурван ээлжээр 74 бүлэгтэй хичээллэдэг. Гэтэл миний очих сургууль цогцолбор сургууль 2006 онд байгуулагдсан юм байна. Солигдон ажиллах төлөвлөгөөгөө боловсруулсан, түүнийхээ дагуу ажиллана даа.
Хоёрдугаар сургуулийн захирал Л.Цэнгэлмаа:
-Миний хувьд 84 дүгээр сургуульд очиж ажиллахаар болсон. Манай хоёр сургууль суралцагч хүүхдийн тоогоороо төстэй. Энэ сургууль Монголд анх удаа цахим сургууль болж чадсан гэдгээрээ онцлог. Тиймээс сургалтын орчиндоо шинэ техник технологи хэр нэвтрүүлж вэ гэдгийг харахаас гадна сургах арга барил, агуулгынх нь тал дээр ажиглах байх. Мөн дутагдалтай тал хэр байгааг үзэж, хоорондоо туршлага солилцох журмаар ажиллах болно.
Ийнхүү 14 сургуулийн захирлуудыг солин ажиллуулах тохироог зүгээр ч нэг хийгээгүй ажээ. Нэгэнт хоорондоо туршлага судлах гол зорилготой учраас хувийн, улсын, олон улсын сургалтын хөтөлбөртэй сургуулийн захирлуудыг хооронд нь солилцуулахыг илүүд эрмэлзсэн байна. Жишээ нь, улсын сургууль олон сурагчтай, хувийн сургуулийг бодвол анги танхимын багтаамж муутай, багш нар ачаалалтай ажилладаг тул хувийн, төрийн гэх байдлаар сольсон ажээ.
Ийнхүү сургуулийн захирлууд өөр орчинд орж ажиллаж эхэллээ. 2013-2014 оны хичээлийн жилд уг захирлуудын туршлага солилцох хөтөлбөр хэрэгжүүлж, 14 сургуулийг хамарч байгаа бол цаашдаа бүх сургуулийг хамруулах юм байна.