Учир нь өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс 40-өөд минут хүлээлтэд шилжив. Бүр байнгын хорооны дарга нь сүүлдэж ирж байна гээд боддоо. Хурал удирдах хүн хамгийн түрүүнд ирж, гишүүдийн ирцийг бүрдүүлэхийг ажлын албаныхнаасаа шаардаад сууж байх ёстой атал хамгийн сүүлд сүүл мушгин толгойгоо ганзагласаар орж ирж буй юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороог УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж удирддаг. Өнгөрсөн жил тус хороог даргалахдаа бараг эзгүй шахам байсан. Байнгын хороодын дарга нарыг улираах эсэх тухай асуудал хөндөгдөх болоход л өөрийгөө Хууль зүйн байнгын хорооны дарга гэдгээ санав бололтой, Төрийн ордонд үзэгддэг болсон. Түүнээс хаана юу хийж яваа нь мэдэгдэхгүй, гэтэл ард талд нь хууль эрх зүйн шинэчлэлийн асар олон төслүүд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэх гээд шилээ даран хүлээж байдаг. Ямар Ш.Түвдэндорж дарга алга байна гээд зарласан байнгын хорооны хурлаа хойшлуулаад байлтай биш, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Р.Бурмаа нар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг удирдаж ажилдаа ирдэггүй даргын ажлыг үргэлжлүүлсээр жилийн нүүр үзсэн. Гэтэл одоо байж буй царайг нь хар, ердөө ажил эхлээд нэг хонож байхад хуралдаа нэг удаа ч болов хоцрохгүй ирж чадахгүй.
Ийм хүүхдийг цэцэрлэгийн хүүхдүүд “Унтаахай” гэдэг. Харин төрийн түшээг гэгээн цагаан өдрөөр унтлаа гэх үү, яг юу гэх ёстой вэ. Төрийн ажлыг хийх юм бол хийсэн шиг хийгээд хийхгүй бол чадах нэгэнд нь шилжүүлчихвэл яасан юм бэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэгт УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаад явчих боловсон хүчин байгаа л байлгүй, Ш.Түвдэндоржийг чөлөөлөөсэй.