Хамгийн товчдоо бол, хуульчид өөрсдийн дунд гарсан мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүхэд оруулж, давж заалдах эрхгүйгээр таслах тухай заалт нь Үндсэн хуулийн давж заалдах эрхийг зөрчсөн тухай маргаан аж.
Энэ талаар Цэцийн хуралдаан дээр УИХ-ыг төлөөлөн очсон Х.Тэмүүжин “Захиргааны шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Гол нь давж заалдах эрхгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж байна. Хэрэв Цэцийн гишүүдийн шийдвэрээ гаргасан үндэслэлээр бол Арбитрын шийдвэрийг ч мөн эцсийн шийдвэр гэж үзэлгүйгээр заргалдах, Үндсэн хуульд гомдол гаргах боломж бий болж байгаа юм. Хуульчид өөрсдийнхөө хүрээнд шударга ёсыг тогтоож чадахгүй байж яаж олон нийтийн шударга ёс тогтоох билээ гэх иргэдийн хандлага хүртэл гарна шүү дээ” гэсэн байна.
Энэхүү заалтыг Цэц унагасан тайлбараар бол, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилж, маргааны оролцогчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх болон Монгол Улсад шүүхийн эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянах бүрэн эрхийг хязгаарлан, дагнасан шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байхаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, “Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэн аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор О.Баасанхүү гишүүн “шүүгч гэдэг статусаар биш иргэн гэдэг утгаараа маргаанаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгч хуульчаар ажиллах лицензгүй болсонч иргэнийхээ хувьд давж заалдах боломж нь нээлттэй үлдэх ёстой”, Ж.Батзандан “Үндсэн хуулийнхаа реформыг хийлгүйгээр энэ мэт шинэчлэлийн реформ чинь унаад л байна шүү”, Х.Тэмүүжин “Цэцийн шийдвэрийг 100 хувь үнэн зөв гэж ойлгож болохгүй. Үндсэн хуулийн шийдвэр нь хүний эрхийн суурь зарчмууд дээрээ тулж байх ёстой” саналыг ч мөн хэлсэн байна.
Уг нь өмнө хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хуульчдийн танхимаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргаж байсныг шинэ хуулиар шүүх шийдэж байх дэвшил оруулсан ч эсрэгээрээ Үндсэн хуулийн цэц дээр унасан нь энэ аж. Цэцийн шийдвэрийг байнгын хорооны гишүүд хүлээн авахаар шийдвэрлэсэн ч, дэвшилтэт санаагаа дараа батлах хуулийн өөрчлөлтийг хэрхэн тусгах тухайгаа ярилцахаар болов.
Дараагаар нь Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон өмнө яригдсан асуудлын үргэлжлэл болох Арбитрын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг мөн хэлэлцэхээр болсон байна.