
Венесуэлд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үргэлжилж, 39 хүн амь үрэгдээд буй эсэргүүцлийн жагсаалыг зогсоохоор Ерөнхийлөгч Николас Мадуро анх удаа сөрөг хүчнийхэнтэй уулзаж, яриа хэлцэл хийхийг зөвшөөрчээ. Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчнийхний уулзалтанд Өмнөд Америкийн холбоо /Unasur/-ын Гадаад хэргийн сайд нар мөн оролцох аж. Венесуэлд үүсээд буй нөхцөл байдлын талаар Бразиль, Аргентин, Колумби, Боливи зэрэг Латин Америкийн орнуудын төлөөлөгчид өчигдөр /IV.7/ Ерөнхийлөгч Николас Мадуротай цаг гаруйн хугацаанд ярилцаж, ятгасны эцэст сөрөг хүчнийхэнтэй уулзахыг зөвшөөрүүлжээ. Харин Венесуэлийн сөрөг хүчнийхэн эрх баригчидтай хийх уулзалтыг зөвшөөрч, оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляци, гэмт хэрэг нэмэгдсэнд Николас Мадурог буруутган, Засгийн газрыг огцруулахаар тэмцэж буй билээ. Венесуэлийн эрх баригчид эсэргүүцлийг цагдаа, цэргийн хүчээр дарахаар оролдож буйн дээр Николас Мадурог дэмжигчид болон сөрөг хүчний жагсагчдын хооронд мөргөлдөөн гарснаас өнгөрсөн хоёр сарын хугацаанд 39 хүн амь үрэгджээ.
Энэ нь Венесуэлийн удирдагч Уго Чавесийн орыг залгасан Николас Мадурогийн хувьд эхний том сорилт болоод буй бөгөөд сүүлийн арван жилд болсон хамгийн том эсэргүүцлийн жагсаалд тооцогдож буй аж.
Б.АНХТУЯА