ОХУ Украиныг бага багаар

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

ОХУ Украиныг бага багаар

Крымын хойгт өнгөрсөн гуравдугаар сард болсон үйл явдал Украины зүүн хэсэгт дахин давтагдах аястай нөхцөл байдал үүсээд байна. Укрианы зүүн хэсгийн Донецк, Луханск, Харьков хотуудад өнгөрсөн амралтын өдрөөр бослого гарч, Оросыг дэмжигчид захиргааны байруудыг эзэлсэн юм. Үүнээс Донецкийн  нутгийн удирдлагын байрыг гартаа авсан Оросыг дэмжигчид “ардын бүгд найрамдах улс”-ыг тунхаглаж, ирэх тавдугаар сарын 11-нд Украинаас салах талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар зарлажээ. Харин Киевийн шинэ Засгийн газраас бослого үймээн гарсан зүүн хэсгийн хотууд руу цэргийн хүч илгээгээд байгаа юм. Украины эрх баригчид зүүн хэсийн нутагт үүссэн тогтворгүй нөхцөл байдалд ОХУ-ыг буруутган, Москвагийн эрх баригчдын санаатай явуулга гэж үзэж байна.
 

Үүний зэрэгцээ Украины зүүн хэсгийн хилийн ойролцоо ОХУ-ын олон мянган цэргийн хүч төвлөрсөн байгаа нь Киевийн тусгаар тогтнолд шууд заналхийлж байгаа юм. Хэдийгээр Кремлийн эрх баригчид Киев рүү цэргийн хүчээр дайрах  зорилгогүй гэж мэдэгдсэн боловч Украины зүүн хэсгийн нутгууд дахь орос үндэстнүүдийн эрхийг хамгаална гэх байр суурь баримталж буй. Үүнээс үзвэл Украины зүүн хэсгийн хотуудад Крымын хойгтой ижил нөхцөл байдал үүсвэл ОХУ цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ОХУ өөрөөс нь нүүр буруулж, Барууныхантай гар барьсан Украиныг бага багаар хэмлэн өөрийн болгох бодлоготой байгаа нь дээрх нөхцөл байдлаас харагдах аж. Гэвч Кремлийн зүгээс Украины зүүн хэсэгт болж буй үйл явдалд ямар ч оролцоогүй хэмээн мэдэгдэж, тус улсад үүссэн аливаа хэрэгт Москваг буруутгахаа болихыг шаарджээ. ОХУ нь Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагааж, Засгийн эрхийг хүчээр булаасан сөрөг хүчнийхнийг хүлээн зөвшөөрдөггүй юм.

Харин АНУ-ын зүгээс ОХУ-ын түрэмгийллийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, Украины эсрэг үйлдлийг нь зүгээр хараад суухгүй хэмээн сүрдүүлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр /IV.7/ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров руу яаралтай утас цохиж,  Москва Укрианы тогтвортой байдлын эсрэг аливаа үйлдлийнхээ хариуг хүртэнэ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Украины зүүн хэсэгт үүссэн нөхцөл байдлын талаар ОХУ-ын талтай ойрын 10 хоногийн дотор яриа хэлцэл хийх санал тавьсан байна.
 

Киевийн экс Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-ын эрх баригчдын үгэнд орж, Украиныг Европын холбоонд нэгтгэх гэрээнээс татгалзсанаас  ард олон, сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулж, суудлаасаа буусан. Үүний дараа Украины сөрөг хүчнийхэн Засгийн газраа бүрдүүлсэн боловч Крымын хойг Киевийн шинэ эрх баригчдыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Улмаар Крымын хойгт өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга болж, оролцогчдын 97 хувийн дэмжлэгээр ОХУ-д нэгдсэн билээ. Түүнчлэн энэ үеэр Крымын хойг дахь Украины цэргийн баазууд Оросуудын гарт орж, офицер, дарга нар нь олзлогдоод байсан юм. Ийнхүү ОХУ Крымыг олон улсын нүдэн дээр Украинаас булаахад АНУ, Европын холбоо, НҮБ, НАТО хориг арга хэмжээгээр сүрдүүлэхээс өөр юу ч хийж чадаагүй билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж