Ерөнхийлөгчийн экс эхнэр сайд боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн экс эхнэр сайд боллоо

Францын ерөнхийлөгч яагаад хуучин эхнэрээ улс төрд эргүүлж оруулах болов?

 
Сеголен Руаялийн албандаа орох ёслол, 2014.04.04. Фото: Villard / SIPA / Fotodom

Франц шинэ Засгийн газартай болов. Хэвлэлийнхэн болон энгийн хүмүүсийн анхаарлыг Экологи, тогтвортой хөгжил, эрчим хүчний сайд болж байгаа хүн ихээр татлаа. Энэ яамыг ерөнхийлөгч Франсуа Олландтай хориод жил хамтран амьдарсан хуучин эхнэр Сеголен Руаяль толгойлох болов.

Улс төрд жаран настай Руаяль шинэ хүн биш. Тэрээр Францын Социалист намд 1978 онд элсчээ. Нэр хүндтэй Засаг захиргааны үндэсний сургуулийг төгссөн ирээдүйтэй бүсгүйг ерөнхийлөгч Франсуа Миттраны зөвлөх Жак Аттали  шууд тодруулан татжээ. Түүний дэмжлэгтэйгээр 1982 онд Руаяль төрийн тэргүүний зөвлөх болж эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, залуучуудын асуудал хариуцах болов.  Арван жилийн дараа тэрээр Хүрээлэн буй орчин, залуучуудын хэргийн сайд болсон байна. Тиймээс саяхан бүрдсэн шинэ танхимд дахиад л экологийн асуудал хариуцуулсанд гайхах зүйлгүй. “Би энэ тушаалд яг 22 жилийн өмнө 1992 оны дөрөвдүгээр сарын 2-нд томилогдсон байлаа” гэж тэрээр өөрийн шинэ томилгоонд тайлбар хийв.

Руаяль 1997- 2002 онуудад янз бүрийн яамны орлогч сайд хийж байлаа. Харин 2004 онд Францын 22 бүсийн нэг болох Пуату-Шарантын захирагчаар сонгогджээ. Энэ сонгуульд тэрээр ерөнхий сайд Жан-Пьер Раффареныг ялсан юм. Энэ амжилтаа Руаяль 2010 онд дахин давтаж мужаа толгойлох болсон байна.

Сеголен Руаяль карьерын оргил үе нь 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Николя Саркозид өрсөлдөж ялагдсан явдал гэж ойлгож болно. Гэхдээ тэрээр дөнгөж зургаан хувиар л ялагдсан юм. Ийнхүү Францын тэргүүлэх хоёр намаас тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн анхны эмэгтэй болсон билээ.
Руаяль нэрийг сонсохоор францчууд улс төрийн карьерыг нь нэн түрүүнд боддоггүй. Олон хүний хувьд  тэрээр өнөөгийн ерөнхийлөгчийн хамтран амьдрагч байсан гэдгээр эхлээд буудаг.

Франсуа Олландтай  Руаяль Захиргааны үндэсний сургуульд суралцаж байхдаа танилцсан гэдэг. Тэр үеэр өнөөгийн ерөнхийлөгч оюутнуудын социалист үүрийн лидер байжээ. Тэдний хооронд үүссэн хайр сэтгэл гучаад жил үргэлжилж байна. Энэ үеэр тэд дөрвөн хүүхэдтэй болсон байна. Гэсэн хэдий ч тэд албан ёсоор хань ижил болоогүй. Тэдний харилцаа нь гэрлэлтээ батлахад хүргээгүй юм.

Гэсэн ч  энэ бүхэн Руаялийг үнэнч эхнэр, сайн ээжийн дүрийг олон нийтэд харуулахад нь саад болсонгүй. Ихэнх улстөрчид гэр бүлийн амьдралаа хэвлэлийнхнээс нуудаг байсан бол  Руаяль хүүхдүүдийнхээ хамт хэвлэлээр харагдах боломжийг алдахгүйг хичээж ирэв. Пьер Берговуагийн Засгийн газарт сайд байхдаа тэрээр дөрөв дэх хүүхэд болох Флора нэртэй охиноо төрүүлжээ. Нялх охинтойгоо Руаяль Paris Match сэтгүүлийн хавтаснаа гарсан нь олон нийтэд ихээхэн таалагдсан юм. Улстөрч бүсгүй хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа  фото, видео ихээхэн алдартай байжээ.
 


Сеголен Руаяль хүү Жульен охин Флора нарын хамт, 1998 он. Фото: MEIGNEUX / SIPA / Fotodom

Руаяльд гэр бүлийн амьдралаа карьертаа ашиглаж байсан бол Олландын талаар ингэж хэлж болохгүй. Хамтран амьдрагчаас болоод Олланд,  Франсуа Миттеран ерөнхийлөгч байх үед Засгийн газарт суудал авч чадаагүй. Ерөнхийлөгч  хатуу ёс суртахууны талд баттай зогсохгүй ч гэсэн Засгийн газарт гэр бүлийн хосуудыг байлгахгүйн төлөө  зогсдог.  Эхнэрийнхээ амжилттай карьерын золиос болсон Олландыг хэвлэл “месье Руаяль” гэж шоглон нэрлэх болсон байв. Жак Ширакийн амнаас болоод түүний “Миттераны лабрадор” гэж шоглох болсон нь түүнд улам ч гомдол төрүүлэлгүй яах билээ.

Карьерийн өсөлтөө хувийн нөхцөл байдлаас болон алдсан улстөрч ямар байдгийг Руаяль өөрөө олон жилийн дараа амслаа. Франсуа Олландаас салсан 2007 оноос хойш Руаяль ийм байдлыг туулав. Францын Социалист намын стратегиэс болон сөргөлдөн маргасан нь үүний шалтгаан болжээ. Мөн тэр үеэр Олланд шинэ амраг сэтгүүлч Валери Триервейлертай харьцаатай болсон юм.

Руаяльтай байсан шигээ Олланд дахиад л өөрийгөө  гэр бүлийн зангилаанд хүлэгдэхийг хүссэнгүй. Тэр нь ч түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа нь Триервейлерийг Францын тэргүүн хатагтай болоход нь саад болоогүй. Хуучин эхнэрээ Засгийн газартаа авахгүй байхыг Валери түүнээс шаардсан гэж ярьдаг юм билээ. Олланд  Триервейлер хоёр албан ёсоор салсны дараа Руаяль  дахин сайд болж байгаа нь дээрх яриа оргүй гэдгийг баталж байна. Экологи, тогтвортой хөгжил, эрчим хүчний сайдад зориулсан өгүүлэлээ Le Monde  сонин “Сеголен Руаялийн өшөө авалт” гэж гарчигласан нь мөн л дээрх шалтгаанд байгаа болов уу.

Хуучин эхнэрээ том улстөрд буцаах бас нэг шалтгаан нь ерөнхийлөгчийн чансаа маш доод хэмжээнд очсон явдал. Мөн өнгөрсөн хоногуудын орон нутгийн сонгуульд социалистууд том ялагдал хүлээсэнтэй холбоотой байж болох юм. Ийм нөхцөлд Олланд Засгийн газраа олны дунд нэр хүндтэй хүмүүсээр сэлбэхээс өөр аргагүй. Ерөнхий сайдаар социалистуудаас хамгийн барууны гэгдэх Мануэль Вальс томилогдсон. Тэрээр Дотоод хэргийн сайд байхдаа цагаачдын асуудлаар олон удаа ярьж хэлж байлаа. Социалистуудад тэр нь хориотой сэдэв юм. Ээдрээтэй зүйлийн талаар Вальсийн хэлж чаддаг нь барууны чиглэлийнхэнд өгөгдөх саналаас эргүүлэн татахад тустай. Сеголен Руаялийг Засгийн газарт оруулснаар иргэдийн сэтгэлийг намдаа татахад хэрэгтэй гэсэн гаргалгаа байж болно.

Ямар ч байсан Руаялийн карьерын шинэ эргэлт нь эмэгтэйчүүд Францын улс төрийн амьдралд улам  чухал үүрэг гүйцэтгэх болсны нэг хэсэг нь  гэж болно. Дээр хэлснээр социалистууд хотуудын захирагчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч Парисийг алдаагүй. Парисийн захирагчаар анх удаа Анн Идальго гэдэг эмэгтэй хүн сонгогдлоо. Түүнтэй барууны төвийн чиглэлийн хатагтай Натали Костюшко-Моризе өрсөлджээ.

Үүн дээр нэмэн хэлэхэд хотуудын сонгуулийн ялагч нь хэт барууны Үндэсний фронт боллоо. Тоон үзүүлэлтээр энэ нам социалистуудыг мөн төвийг сахисан барууны Ард түмний хөдөлгөөний намыг даваагүй. Үндэсний фронтынхон албан үзүүлэлтээр Францын 11 хотын захиргааг удирдах болж байна. Хэдэн жилийн өмнө зөвхөн хэт даврагчдын саналд тулгуурлаж байсан намын хувьд энэ нь том амжилт юм. Амжилт нь бас нэг эмэгтэй уг намын лидер Марин Ле Пений буян гэж болно.

Түүний зүтгэлээр л уг нам нь нийгмийн давхрагуудын дунд үеийнхний нам гэгдэх болсон байна.Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний фронтын лидер гуравт орон сонгогчдын 18 хувийн саналыг авч чаджээ. Тэр цагаас хойш Марин Ле Пений болон намын нэр хүнд нь өсч ирлээ. Хотын захирагчдын сонгуулийн талаар түүний эцэг ярихдаа энэ бол дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл гэжээ.  Хэрэв Сеголен Руаяльд ерөнхийлөгч болох амбици байгааг тооцвол 2017 оны сонгуульд банзалтай хоёр хүн өрсөлдөнө гэхэд  болохгүй гэх зүйлгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж