ЯПОН, МОНГОЛ ЭРДЭМТЭДИЙГ ЖАГСААН НЭГЖЖЭЭ
Монголын утга зохиолд маш их шуналтай нэг хүн байдаг гэж зохиолчид, яруу найрагчид шивэр авир хийдэг билээ. Гэхдээ тэр хүн утга зохиолд шунах бус утга зохиолын нэр барьж энд тэндээс мөнгө тоншихдоо гаргууд нэгэн гэхэд болно. Тэр бол Монголын соёл, яруу найргийн академийн тэргүүн гэх яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо болой. Одоогоос хэдэн жилийн өмнө Г.Мэнд-Ооёо өөрийнхөө үүсгэн байгуулсан яруу найргийн академийн хүрээнд төрөөс мөнгө төгрөг гаргуулж Монгол улсад дэлхийн яруу найрагчдын баяр гээчийг зохион байгуулж, эндээс хувьдаа их хэмжээний мөнгө завшсан тухай сонин хэвлэлд бичигдэж байлаа.
Энэ арга хэмжээнд зориулж төрөөс өгсөн мөнгийг өөртөө завшихын тулд гадаад дотоодоос хүрэлцэн ирсэн яруу найрагчдыг Хятадын бэлэн гоймонгоор хооллосон гэх хэл ам хүртэл дэгдэж байсан юм. Мөн тэрбээр эхнэртэйгээ хамтран Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урдхан талд номын дэлгүүр нээж, түүндээ Г.Аюурзана, Б.Галсансүх тэргүүтэй яруу найрагч, зохиолчдын номыг авч тавиад, хожим “Манай дэлгүүр дампуурсан” гээд номны мөнгийг нь өгөхгүй бултаж зугтаж явсан гэх зэргээр зохиолч, яруу найрагчдын дунд их л муухайгаар яригдаж байлаа. Юм л бол бусдыг хохироож амин хувьдаа ашиг хонжоо харж явдаг энэ хүн нас өтөлж байгаа хэдий ч намба суух болоогүй, яс чанар нь муу чигээрээ дуусах шинжтэй.
Үүнийг доор өгүүлэх зүйл ч нотолж байгаа юм. Г.Мэнд-Ооёо нь Монголын соёл, яруу найргийн академийнхаа нэрийг барьж “Сувдан сондор” нэртэй, Монголын түүх соёл, байгаль экологийн асуудлыг тал бүрээс нь шинжлэх судлах зорилготой соёл, эрдэм шинжилгээний аялал гээчийг олон жилийн өмнөөс зохиж иржээ. Энэ аялал нь ерээд оны дунд үеэс эхэлж нэг хэсэг завсарлаад хоёр мянга арван оны эхэн үеэс ахин үргэлжилж байгаа юмсанж. Энэ аялал нь хүн харахад “аугаа” том зорилготой бас хүний анхаарал татахуйц гоё нэртэй болохоор гадныхан ч бас нэлээн сонирхдог бололтой. Тийм ч учраас манай улсын эрдэмтэдээс гадна гадны судлаачид, гэрэл зурагчид энэ үйл ажиллагаанд мэр сэр хамрагдсаар ирсэн байна. Гэвч Г.Мэнд-Ооёогийн сувьдаг хомхой зангийн харгайгаар энэ аялалын бүрэлдэхүүнд орж явсан гадна дотныхон ихэд гонсгор буцаж ирдэг төдийгүй хаа сайгүй муулж яваа нь анхаарал татсан юм.
Г.Мэнд-Ооёо 2013 оны найман сард ээлжит “Сувдан сондор” аялалаа Сүхбаатар аймагт хийхээр зохион байгуулжээ. Гэхдээ бас болоогүй Дарьгангын Алтан-Овоог Богд хааны зарлигаар төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юмсанж. Нутаг усанд нь тэмдэглэлт ой тохиож байгаа учраас “Сувдан Сондор-9” аялалыг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар ерөнхийд нь ивээн тэтгэж, “Нью Жуулчин” групп ч хөрөнгө мөнгөөр дэмжжээ. Нэг ёсондоо Г.Мэнд-Ооёо аялалын зардалаа төвөггүй олсон байна.
Энэ аялалын хүрээнд Дарьгангын хээр талаар 2000 орчим км газар явж, түүх соёл, байгаль экологийн дурсгалт газрууд, хээр талын нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, бүс нутгийн экологийг судална гэсэн сүржин зорилго тавьсан учраас нэрт эрдэмтэн, академич Б.Сумъяабаатар, нэрт эрдэмтэн, академич Д.Цэрэнсодном, доктор, геологич, профессор Г.Гонгоржав, ургамал зүйч, доктор профессор Ц.Жамсран, академич, ботаникич, доктор, профессор Ч.Дугаржав, экологич, доктор, профессор С.Чулуунхуяг, археологич, доктор, профессор Д.Эрдэнэбаатар, угсаатаны зүйч, доктор Б.Бадам-Оюу, түүхийн ухааны доктор Ц.Минжин, урлаг судлаач, доктор, профессор С.Бадрал болон ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Т.Билэгсайхан, зураач, судлаач Ё.Бадарч, докторант О.Мөнхнаран, судлаач Н.Билгүүдэй нарын олон эрдэмтэн судлаачид багтсан байна.
Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, Радиогийн уран бүтээлчдийн баг, UBS телевиз, “Өнөөдөр” сонин, “News.mn” сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд аялалын туршид мэдээ мэдээлэл, цуврал нэвтрүүлгүүд бэлдэхээр болжээ. Үнэхээр сүртэй аялал гэдэг нь эндээс харагдаж байгаа биз ээ. Эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийнхэн бөөнөөрөө хамрагдсан энэ аялалд гаднаас нэг хүн оролцсон нь Японы гэрэл зурагчин Т.Сугияама байжээ. Ийм том аялалын баг Сүхбаатар аймгийг чиглэсэн ч аялалд гарсан өдрөөс эхлээд Г.Мэнд-Ооёогийн тар танигдаж аялалын багийн гишүүдийг хоол ундаар боож эхэлсэн байна. Аялалыг ерөнхийд нь ивээн тэтгэсэн Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас хүмүүсийг хоолтой ундтай, аятай тухтай байлгаарай гэж Г.Мэнд-Ооёод 15 сая төгрөг өгсөн байсан ч тэрбээр хоёр хонины мах ачиж яваад зам зуураа тэр махаараа гул бариад зүтгэчихсэн байна.
Аялал зуны ид халуунд буюу найман сарын эхээр болсон учир нөгөө мах нь үнэр орж бантаад идэхийн аргагүй болсон байжээ. Гэвч Мэнд-Ооёо тоолгүй энэ махаараа хоол хийлгэж, ид гэж шахсаар байсан аж. Дарьгангын ард олны дэм, сайхан сэтгэлийн үрээр аялалын багийнхан арай ч өлсөөд үхчихэлгүй явж байтал бүр ч хачин юм болсон байна. Мордохын хазгай гэгчээр Г.Мэнд-Ооёо нь Сүхбаатар аймагт очоод хамаатан садныхаараа хэсч яваад нөгөө 15 сая төгрөгөө алга болгочихжээ. Засаг даргын тамгын газраас 15 сая төгрөг өгсөн гэдгийг аялалын багийн гишүүдэд огт хэлэлгүй муудсан хонины махаар хоол хийж өгч явсан Мэнд-Ооёо харин мөнгө алга болсны дараа жинхэнэ “новшийн” зан гаргаж булайгаа дэлгэсэн бөгөөд хамт явсан эрдэмтэн, судлаач нараа мөнгө авчихлаа хэмээн хардаж сэрдээд бүгдийг нь нэгжсэн байна. Бүр япон, монголгүй нэгжиж шившиг болжээ.
Түүний өмнөөс ичиж үхэх дөхсөн аялалын багийнхан “Бид хулгайч шиг харагдаад байна уу” гэж уурлаад аялалаа дуусгасан ч юмгүй хот руу буцахаар болж бөөн хэрүүл дэгдсэн байна. Харин энэ үед хэн нэг нь “Зам зуур хаячихсан юм биш биз” гэснээр Г.Мэнд-Ооёо хамаатан садных руугаа буцан явж эрж хайж байгаад нөгөө 15 сая төгрөгөө зам дээрээс олжээ. Энэ явдал аялалын зорилгыг гутааж, Г.Мэнд-Ооёогийн нэр хүнд ч япон, монгол аялагчдын дунд навс унасан байгаа юм. Аргагүй шүү дээ. Засгаас өгсөн мөнгийг завших санаатай юм бол аятайхан хямгадаад явж чадахгүй, тэгээд хамт явсан нөхдөө хулгайд сэрдэхээр хэн дуртай байх билээ.
Хэрвээ Г.Мэнд-Ооёо шоронгийн хэдэн хулгайчтай цуг явж байсан бол ингэж хардаж нэгжихэд нэг их буруудахгүй. Харин эрдэмтэн, судлаачдыг дагуулж явчихаад юу юуны духанд хүрэлгүй нэгжсэн учраас хэн ч уурлана, дургүйцнэ. Ийм нэг хөгтэй аялалд оролцсон Японы гэрэл зурагчин М.Сугияама “Энэ ёстой хэцүү аялал байлаа. Ямар ч их өлсөв дөө. Би 1980-аад оны үед Ардын зураач Чүлтэм гуайтай Өвөрхангай аймгийн Хархориноор аялж явахдаа айхтар өлсч билээ.
Энэ удаагийн аялал яг тэрэн шиг байлаа. Гэхдээ хулгайд сэрдэгдсэн нь бүр ч муухай байлаа” хэмээн гомдоллосоор нутаг буцсан байх жишээтэй. Энэ мэтээр Г.Мэнд-Ооёогийн нэр хүнд эрдэмтэн судлаачдын хүрээнд, мөн утга зохиолын хүрээнд навс унаад байна. Гэсэн ч тэр огт тоосон шинжгүй “Егүзэр хутагтын нутгаар хийх “Сувдан сондор-2014” аялалыг маань санхүүжүүлээд өгөөч” хэмээн Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригтыг өдөр шөнөгүй шаналгаж яваа ажээ.