
Харин гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг яагаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаа гэх шүүмжлэлд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд ялгавартай хандаж, намаар ялгаварласан зүйл огт байхгүй. Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай байгаа төслүүдийг нэн түрүүнд жагсаалтад оруулах ёстой гэдэг дээр байнгын хорооны гишүүд санал болгосон. Намаар нь ялгаварлаж байгаа юм байхгүй. Тухайлбал, АН-аас хэлэлцүүлэх хуулийн төслөөр санал авахад нийт 38 хуулийн төсөл санал болгосон. Үүнээс долоо хуулийн төслийг өргөн барьсан байснаас хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад өргөн баригдсан гурван төслийг жагсаалтад оруулсан. Харин МАН-аас санал авахад нийт 26 хуулийн төслийн санал өгч долоон хуулийн төслийг өргөн барьсан байсан. Үүнээс дөрвөн хуулийн төслийг хаврын чуулганы хэлэлцэх асуудалд оруулсан. Тэгэхээр аль нэг намд ялгавартай хандсан зүйл байхгүй” гэдгийг тодотгож хэллээ. УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт 60 гишүүн оролцож, 48 гишүүн зөвшөөрснөөр 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.