“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Өвөрхангай аймагт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг Өвөрхангай аймагт зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 7-нд Өвөрхангай аймгийг зорьжээ. Тус ажлын хэсэг нь дөрөвдүгээр сарын 7-ноос 11-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулах юм байна.  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж иржээ.

Энэ удаагийн арга хэмжээг ХЭҮК НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн өдрийн хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" зэрэг сэдэвт хүний эрхийн сургалтуудыг тус аймгийн ЗДТГ, ИТХ болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад явуулах ажээ. Мөн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эрүүлжүүлэх, цагдан хорих байр, хорих анги, цэргийн анги салбарын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалтын ажил зохион байгуулах, аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн хоёр жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх захирамж, тогтоол, шийдвэрүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийхээр тус тус төлөвлөжээ. Тус өдөрлөгийн үеэр ХЭҮК иргэдээс хүний эрх, эрх чөлөөний асуудлаар гомдол хүлээн авч ажиллах ба хууль зүйн зөвлөгөөг өгч үйлчлэх юм байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж