
Хаврын чуулганы хуралдааны хамгийн эхэнд энэ төслийг хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга намрын чуулганы эхэнд хэлсэний дагуу энэ пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Гэвч энэ хуулийн төслийн хэрэгжих хугацааг хэзээ байх вэ гэдэг дээр олонхи, сөрөг хүчин хоёр өөр байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид сайд нараа дан дээлтэй болгохыг хүсэхгүй байгаа бөгөөд хууль санаачлагчийн 2016 оноос хэрэгжүүлэх саналыг дэмжиж буй. Гэхдээ олонхи дотор энэ хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлэх саналтай хэсэг бүлэг “сөрөг хүчин” бий.
Харин сөрөг хүчний хувьд хуулийн төслийг дэмжиж баталснаар төрийн тогтолцоог сайжруулан төгөлдөржүүлэх, ирц бүрдэхээ больсон УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагаа хангагдах, УИХ, Засгийн газрын тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын ажил үүргийн хуваарийг зааглана гэж үзлээ. Мөн "давхар дээл"-ийг дан болгосноор Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт сайжрахаас гадна ухаалаг төрийн суурь болно гэдэг дээр бат зогсч буй. Олонхи, цөөнхийн дунд “Шударга ёс” эвсэл аль нэг байр суурийг илэрхийлээгүй байсаар. Учир нь, эвслийн бүлгийн гурван сайд Засгийн газарт бий. Тиймээс олонхийг дэмжих дээр байр сууриа илэрхийлэх боловч эвслийн бүлэг дотроо мөн маргаантай буй. МҮАН-ын гишүүдийн хувьд давхар дээлийн төслийг тайлахыг хүсч байгаа бол МАХН-ын хувьд гурван сайдаа дан дээлтэй болгохыг хүсэхгүй.
Удтал маргаан дагуулж, намуудыг мэтгэлцэхэд хүргэж буй ганц асуулт нь хууль хэрэгжих хугацаа. Хэрэв хууль баталсан өдрөөс хэрэгжиж эхэлбэл, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох, нам доторхи сайдын суудлын төлөөх тулаан эхэлнэ. Харин 2016 оноос эхлэн хэрэгжвэл дараагийн сонгуульд ялалт байгуулсан намын УИХ дахь гишүүд нь одоогийнх шиг олноороо давхар дээлтэй болохгүй гэсэн үг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч байсан ч одоо энэ төсөл анхны даваа буюу анхны хэлэлцүүлгийг хийнэ. УИХ-д орж ирсэн цагаас бүлгүүд хуулийн хэрэгжилт дээр санал зөрөлдсөн нь одоо ч хэвээр үргэлжилж байна. Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах эсэх нь энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар тодорхой болно. УИХ-ын даргын зүгээс хэлэлцэх асуудлын жагсаалтад орсныг нь хойшлуулчихгүй бол шүү. Ухаалаг төртэй болохын тулд өөрсдөөсөө эхлэх ёстой гээн зарчмыг сөрөг хүчин барьж буй. 17 сайдаа дан дээлтэй болгох эсэх нь АН буюу олонхийн дарах кнопноос хамаарахаар болоод байна.
Үүнээс гадна бас нэг асуудал нь 17 сайд өөрсдийнхөө төлөө санал өгөх үү. Их, дээд сургуулийн тухай хууль хэлэлцэж байх үед МАН-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарыг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн санал өгүүлэхгүй хэмээн танхимаас “хөөж” байсан удаатай. Тэгвэл энэ удаад 17 сайдыг “хөөж” гаргаж чадах болов уу. Хэрэв тэд санал асуулгад оролцохоор бол ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн болно. Сөрөг хүчний зүгээс ч үүнд нь санаа тавьж 17 сайдыг санал өгүүлэхгүй байх дээр анхаарал тавина гэдгээ мэдэгдээд буй. Засгийн газрын гишүүдийг дан дээлтэй болгох төсөл хэзээнээс хэрэгжиж, сайд нар ашиг сонирхлын зөрчлөө ухааран, 17 сайд маань өөрсдийнхөө төлөө санал өгөхгүй татгалзаж чадах болов уу.