хоёр жилийн дараа мэргэжлийн бокс руу явна-
Сүүлийн үед нам гүм байгаа Монголын спортын талбарт Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч сорихоор АНУ-ыг зорьсон тухай мэдээлэл хамгийн дуулиантай нь байв. Гуравдугаар сарын эхээр АНУ-ыг зорихдоо тэр ойр дотны цөөн хүмүүстээ хилийн дээс алхаж буй зорилгоо учирлаад явжээ. Нэг сарын хугацаанд АНУ-д амьдарч, мэргэжлийн боксын спорттой танилцсан Н.Төгсцогт хэд хоногийн өмнө эх орондоо ирсэн юм. Одоо бол Монголын боксын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэлээ базааж байна. Товчхондоо Н.Төгсцогт сонирхогчдын боксын рингэнд эх орноо төлөөлж, тив, дэлхий, олимпийн аваргын төлөө дахин нэг удаа хүч үзэхээр шийджээ. Энэ талаар Гавьяат тамирчин Н.Төгсцогттой ярилцлаа.
-АНУ-д багагүй хугацаанд байж байгаад ирлээ. Чухам ямар зорилго, шалтгаанаар хилийн чанадыг зорих болов?
-АНУ-д мэргэжлийн боксын бэлтгэл хийж байгаад ирлээ. Би мэргэжлийн бокст тоглоно гэж албан ёсоор ярьж, хэлсэн зүйл байхгүй шүү дээ. Өөрөө ч энэ талаар яриагүй, хүнд ч мэдэгдээгүй явсан. Мэргэжлийн бокс миний мөрөөдөл. Цаашдаа мэргэжлийн рингэнд тоглоно гэж боддог. Тэр утгаараа АНУ-д очиж, мэргэжлийн боксын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнгээ энэ агуу спортын талаар бага ч гэсэн мэдлэгтэй болоод ирлээ. Өөрийн биеэр мэдрээд ирлээ.
-Ямар үр дүн, шийдвэрт хүрчихээд ирэв ээ?
-Одоохондоо бол мэргэжилд тоглох шийдвэр хараахан гаргаагүй байна. Ямартай ч нэг, хоёр жилийн хугацаанд Монголдоо байж, дэлхийн аварга, олимпод оролцоно.
-Тэгэхээр энэ удаад Н.Төгсцогт олимпийг сонголоо гэж ойлгож болох уу. Одоо таны гол зорилго юу байна?
-Тийм ээ. 2016 оны Рио-де-Жанейрогийн олимп бол миний гол зорилго. Энэ жил улсын аваргадаа түрүүлсэн. Тиймээс энэ жилийн Азийн наадам, ирэх жилийн дэлхийн аваргад амжилттай оролцож, цаашлаад олимпийн эрхээ авахыг чухалчилж байна. Олимпийн хошой медальтан болж юуны магад, хичээнэ дээ. Надад АНУ-д байхад их итгэл төрсөн. Ирэх хоёр жилийн хугацаанд Монголдоо байж, өөрийгөө бүх талаар дайчилж, хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ер нь харамсах зүйлгүй л амьдармаар байна.
-Таны мэргэжлийн бокст өрсөлдөх шийдвэрийг хүмүүс хүндэтгэж байсан ч 2016 оны олимпийн дараа ийм сонголт хийсэн нь дээр гэж үзэх нь олон байсан?
-Тийм л дээ. Би ч бас өөрөө алийг нь сонгох талаар удаан хугацаанд бодсон. Гаднаас ирсэн хэд хэдэн саналуудыг сонирхож үзлээ. Өөрийн биеэр заримтай нь уулзаж ч үзлээ. Ингээд олимпийн циклийн яг энэ хугацаанд мэргэжлийн боксыг сонгох нь буруу шийдвэр гэж бодсон. 2012 оны олимпийн дараа хугацаа алдалгүйгээр мэргэжлийн тулааныг зориглоод сонгосон бол өөр шийдвэр гаргах байсан байж магадгүй. Одоо бол би олимпио сонгосон. Сонирхогчдын боксын рингэнд санасан амжилтаа гаргачихаад мэргэжлийн бокс руу явна. Зорилгодоо хүрэхийн тулд бэлтгэл, сургуулилтаа цаг хугацаатай уралдан хийх болно.
-Орчин солигдох нь хүнд эерэг, сөрөг олон янзаар нөлөөлдөг. Таны хувьд Америкт очоод сэтгэл санаагаа тэгшлээд ирлээ гэж ойлгож байна?
-Өөрийнхөө зорилго, бодлыг тэнд очоод илүү сайн харсан гэх үү дээ. Багаасаа мөрөөдөж байсан зүйлээ нүдээр үзэж, биеэр мэдрээд ирлээ. Амар хялбар замаар амжилтад хүрдэггүй гэдгийг бүр сайн тунгааж бодлоо. Гэхдээ энэ нь би чадахгүй гэсэн үг биш, Н.Төгсцогт шантарсан хэрэг огтхон ч биш юм шүү. Мэргэжлийн спорт сонгох хугацаа миний хувьд арай болоогүй байна.
-Америкт хэдий хугацаанд байв. Ямар компанитай гэрээ байгуулахаар ярилцаж байсан юм бэ?
-Яг нэг сар болоод ирлээ. Албан ёсоор гэрээ үзэглэсэн зүйл байхгүй болохоор энэ талаар дэлгэрэнгүй ярих хэрэг байна уу.
-Мэргэжлийн боксын орчин, нөхцөл төсөөлж байснаас чинь өөр юм уу?
-Мэдээж сайхан спорт, эр зориг, тэвчээр шаардсан. Олон раунд нимгэн бээлийтэй зодолдоно, ухаан уралдуулна гээд сонирхогчдын бокстой харьцуулахад хамаагүй хүнд. Тамирчин хүн өөрөө сайн хичээж, бэлтгэхгүй бол амжилт гаргахад амаргүй даваа юм билээ. Сая гэхэд л Ломанченко /Олимпийн хошой аварга, Украины боксчин Васил Ломанченког хэлэв/ анхны тоглолтдоо ялагдал хүлээсэн. Тамирчдынх нь арга барил сонирхогчдын боксоос тэс өөр, өрсөлдөгчөө хэрхэн унагах талаар толгой нь хурдан ажилладаг болчихдог юм билээ. Ломанченкогийн өрсөлдөгч Салитов уг нь тийм ч мундаг тамирчин байгаагүй. Дэлхийн аваргаас медаль авч байсан л даа. Ломанченко манай олимпийн боксынхны хувьд домог болсон тамирчин шүү дээ. 2007 оноос хойш нэг ч ялагдаагүй, 19 настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, түүнээс хойш дэлхийн хошой аварга, олимпийн хошой аварга болсон агуу тамирчин. Гэтэл мэргэжлийн рингэнд гараад шууд л ялагдал хүлээж байна. Тэгэхээр мэргэжлийн тамирчдын хувьд өрсөлдөгчөө яаж ялах вэ гэдгийг хүчээр биш ухаанаар шийддэг, маш хурдан сэтгэж тоглодог гээд өөр чанарууд байна.
Лас Вегасын “MGM Grand” ч юм уу, асар олон хүн цугласан тийм газарт “Дэлхийн шинэ аварга Төгсцогт” гэж зарлуулаад, “Монгол” гэж цоллуулаад, мэргэжлийн боксоор авсан олон бүстэйгээ тэр рингэн дээр гарч зогсоно гэдэг миний бокстой холбогдсон цагаас эхэлсэн мөрөөдөл. Үүнтэй дүйцэх хэмжээний зорилго, мөрөөдөл бол мэдээж олимпийн аварга болох.
-Мэргэжлийн бокст голдуу хүчний тоглолт явагдах уу?
-Хүчний, тэвчээрийн тоглолт. Сонирхогчдын бокс бол хурдтай, тэсрэлттэй тоглолт, оновчтой цохилт шаарддаг.
-Таныг АНУ-ын мэргэжлийн боксын менежерүүд хэр сонирхож байна?
-Америкаас хоёр ч компани санал тавьсан. Миний мөрөөдөл бол “Top Rank”. Цаашдаа энэ компанийн тамирчин болно гэж бодож байгаа. Надтай гэрээ хийх санал тавьсан хүн маань ч дэлхийд маш алдартай менежер. Магадгүй, намайг хоёр жилийн дараа очиход хүлээж авах байх аа. Тэр хүртэл би одоогийнхоос илүү туршлага сууж, зорьсон бусад амжилтууддаа хүрэхийг хичээнэ.
-Мэргэжлийн боксын тамирчдын дундаж нас хэд байдаг вэ. Хоёр жилийн дараа та тэнд очсон ч арай эртдэхгүй юу?
-Зарим нь бүр багаасаа шууд мэргэжлээр дагнасан тамирчид байдаг. Бие хаа нь хүртэл шал өөр. Зарим нь олимпийн боксоос мэргэжил рүү орсон тамирчид ч байна. Би одоо 22 настай. Риогийн олимпийн дараа мэргэжил рүү ороход насны хувьд тохирно гэж тооцоолж байгаа. Мэргэжил рүү хэт орой орох хүнд.
-Албан ёсоор гэрээ байгуулаад мэргэжлийн бокст тоглоогүй ч АНУ руу явсан тухай боксын хүрээнийхэн, шигшээ багийнхан, олон нийт ч ихэд харамсангуй хүлээж авсан. Гол шалтгаан нь цаг нь арай болоогүй гэдэг зүйл. Танд ямар хандлага ажиглагдсан бэ?
-Боксын холбооныхон, багш дасгалжуулагч, хамт тоглодог тамирчдын хандлага 50:50 хувьтай л байсан. Зарим нэг нь дэмжиж байхад, зарим нь цаг нь арай болоогүй гэж сануулж байсан. Олон нийт ч гэсэн тиймэрхүү байдлаар хүлээж авсан. Миний хувьд одоо сонирхогчдын боксоор явах хоёр жил байна. Энэ хугацаанд өөрийгөө бүх талаар дайчилна. Мэдээж одоо Риогийн олимп миний хамгийн ойрын зорилго.

-Бэлтгэлийн хувьд хэр ялгаатай байна вэ, тэнд нэг сар бэлтгэл хийж байгаад Монголдоо ирээд шигшээ багийн бэлтгэлд ороход?
-Гайгүй шүү. Харин ч бие задраад гоё болчихоод ирлээ.
-Саяхан боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн томилогдсон. Шинэ дасгалжуулагчийн удирдлагад өөрчлөлт мэдрэгдэж байна уу?
-Би шигшээ багтайгаа тууштай бэлтгэл хийж эхлээгүй л байна. Багш нар солигддог, дарга, цэрэг, холбооны удирдлагууд солигдож л байдаг. Гэхдээ тамирчид юу хийх ёстой түүнийгээ л хийх ёстой. Нэг чиг зорилготой, нэгдэж ажиллаж байж л амжилтад хүрнэ.
-Одоо хамгийн ойрын тэмцээн?
-Азийн наадам. Улсын аваргад түрүүлсэн жин жингийн тамирчид ирэх есдүгээр сард БНСУ-ын Инчён хотод болох Азийн наадамд оролцоно.
-Шигшээ багийн тамирчид саяхан Казахстан руу хамтарсан бэлтгэлд мордлоо. Тэндээ бас олон улсын тэмцээнд оролцоно. Таны хувьд?
-Казахстанд нэг сарын хамтарсан бэлтгэл хийхээр явсан байгаа. Би хойноос нь очно. Миний бэлтгэл ер нь сул байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш бэртэл гэмтэл гээд хөнгөн чанарын бэлтгэлтэй байсан. Улсын аваргын өмнө ч гэсэн бэлтгэл бүрэн хангагдаагүй байсан. Гэхдээ одоо яван чангарна аа. Азийн наадам хүртэл надад хугацаа байна. Хэсэг хугацаанд суурь бэлтгэлээ базаагаад, долоогоос есдүгээр сар хүртэл Азийн наадмын эрчимжүүлсэн бэлтгэлд гарна. Тэнд л яг формдоо орно доо. Азийн наадамд өндөр амжилт гаргахыг хүсч байна.
-Азийн наадам, залгуулаад ирэх жилийн дэлхийн аваргаар таныг даагаа нэхээсэй гэж хүсч байна?
-Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын ялагдал одоо ч санаанаас минь гардаггүй. Азербайжаны тамирчин Савид Чалабиевт ялагдсан, тэр Азер цаашаа тоглосоор яваад дэлхийн аварга болсон. Мөнгө, хүрэл авсан бусад гурван тамирчны хоёрыг нь би өмнө ялж байсан. Гар бэртэлтэй байсан болохоор санасандаа хүртэл тоглож чадаагүй. Гэхдээ бэртэл ялагдлын шалтаг, шалтгаан биш л дээ.
-Гарны бэртэл нь гайгүй юу?
-Зүүн гар гайгүй, эдгэж байна. Түүнээс хойш баруун гараа хоёр ч дахиад гэмтээчихсэн. Улсын аваргаар жаахан тиймэрхүү л тоглосон. Одоо харьцангуй гайгүй. Гэхдээ Азийн наадам гэхэд эдгэчихнэ ээ. Бүх зүйл гоё болно. Бодоод байхад би өөртөө байгаа боломжуудаа олон удаа алдсан байна. Одоо надад зайлшгүй ялах ёстой тамирчин гэхэд нилээд байна. Жишээ нь, тэр Азербайжаны боксчин. Одоо бол өөрт байгаа бүхнээ дайчилж, амжилтын төлөө тууштай тэмцэнэ гэж бодож байна. Монголчууд намайг ингэж дэмжиж байхад би итгэлийг нь алдаж болохгүй биз дээ. Боксын холбооныхон ч намайг маш гоё хүлээж авсан. Тийм итгэл сэтгэлийг алдах эрх надад байхгүй. Урьд урьдынхаасаа ч илүү амжилтын төлөө тэмцэнэ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №056