Аудит дийлэхгүй нь АТГ-аар шалгуулъя

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Аудит дийлэхгүй нь АТГ-аар шалгуулъя

Үндэсний аудитын газар бүтэн гурван сарын турш ажиллахдаа УИХ-аас хөрөнгө оруулалтыг нь “царцаасан” 272 обьектын төсөвт өртөг ямар шалтгаанаар өссөнийг тогтоож чадсангүй, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс муу дүн авав.

Тодруулбал, хаврын чуулганы нээлтийн дараа Төрийн ордны “Б” танхимд хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг Үндэсний аудитын газрын дарга А.Зангадыг таван цаг гаруй “байцаасан”-ы эцэст дээрх дүнг тавьжээ. Уг нь А.Зангад цөөнхийн гишүүдэд “байцаагдах” үеэрээ 272 обьектоос хэд нь авлигажсан бэ гэдгийг нотлох боломжгүй тухайгаа хэлсэн байгаа юм. Үнэн нь тэр хойно арга байж уу, авлигатай эсэхийг тогтоох байгууллага нь Аудитын газар биш, Авлигатай тэмцэх газар цаашлаад шүүх асуудлыг эцэслэх учиртай. Харин цөөнхийн бүлэг ийм юмыг мэдэхгүй гэхэд үнэхээр гайхмаар.

Учир нь, Аудитын газрын дарга нь авлига шингэсэн барилга гээд зарлачихдаг. Эргээд гүйцэтгэгч компани нь ноцдог, гомдлын мөрөөр АТГ-т асуудал ирж шалгагдтал авлига шингээгүй байвал яах вэ. Компанийн нэр хүндэд халдсан хэрэг болж хувирна. Муу л бол захын хар овоохой гэгчээр хувийн хэвшил рүүгээ дайрах үзэгдэл газар авсан тухай шүүмжлэл сүүлийн үед олонтаа сонсогдох болсон. Тэр үнэн. Гэхдээ авлигыг бий болгоод байгаа үндсийг таслахын тулд шалгалт хийхээс аргагүй. Өөрөөр хэлбэл, асуудлыг мухарлахын тулд дээрх объектод авлига шингэж үү, үгүй юу гэдгийг АТГ-аар шалгуулах нь зөв биш гэж үү.

Нэг талдаа цаг хугацаа оройтсон байж магадгүй, барилгын ажил өдийд эхлэхгүй бол оройтдог. Гол нь ажил оройтох халхавч дор төсвийн хөрөнгө оруулалтаас “хумслагсад” цаашаа ахивал яах вэ?. Ерөнхий сайдын тодорхойлсноор төсвөөс мөнгө “иддэг” арга нарийн зохион байгуулалтад орчихсон, Засгийн газарт ч дийлдэхгүй, хүчийг нь барж буйн зэрэгцээ цагийг нь үрж байгаа гэсэн. Мөн татварынхны хэрэг, МИАТ-ынхны хэрэг, Цэвэр агаар сангийнхны хэрэг ямархуу зохион байгуулалттайгаар үйлдэгдсэнийг, төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө тэдний дансанд хэрхэн урсан ордог байсныг хуулийнхан нотолсон.

Тэгэхээр төсөвт өртөг нь жил бүр өссөн объектын хөрөнгө оруулалтын зардлын цаад шалтгааныг тогтооход Аудитын газрын шалгалт жижигдээд байх шиг, УИХ дахь сөрөг хүчний дүн ч баталлаа.

Түүнчлэн олон нийт гүүр яагаад 11 тэрбум төгрөгөөр босох шаардлагатай болсон, зураг төсөлгүй барилгад яагаад хөрөнгө тусгав, хэл ам таталж байж хөрөнгийг нь төсөвт суулгасан байтал барилга яагаад баригдсангүй вэ зэрэг олон эргэлзээ дагуулсан асуултад үндэслэлтэй хариулт хүсэж байна.

Хамгийн зөв гарц нь тэгэхээр АТГ-д хандах биш гэж үү?

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж